“Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019”-д оролцогчдод Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Илгээлтэд ”Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Их хурал, Засгийн газрын гишүүд давуу байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай.
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс эрх орны хөгжлийн үр ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрхзүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө дэмжиж, хамтран ажиллах болно” гэжээ
Эх сурвалж: “Өдрийн сонин”