Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн ээлжит XXXVIII -р хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж, хэлэлцэн батлах 10 асуудлыг танилцууллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах зээлийн хороонд анх удаа төлөөлөл болон оролцож төсөл сонгон шалгаруулалтын явцад хяналт тавьж, олон нийтийн нүд, чих болон ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хууль болон дагаж гарах журамд баялаг бүтээгчдийн саналыг тусгах ажлын хэсгийг байгууллаа. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуулийн хүрээнд удирдах зөвлөлийн гишүүд санал солилцлоо. Түүнчлэн Баялаг бүтээгчдийн II дугаар их хурлын товыг зарлан баталлаа.
Дээр дурдсанчлан энэ жилээс эхлэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл, нийслэл болон 21 аймгийн ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хороонд төлөөллөө оролцуулж, хяналт тавин ажиллаж байгаа. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээл жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу, төсөл сонгон шалгаруулалт ямар журмаар явагдаж байгаа зэрэгт хяналт тавих боломж бүрдэж байна. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг гол бэрхшээл болох бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулахад төр зэрэг хэрхэн дэмжиж байгаа талаар хэлэлцлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод өнөөдрийн хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу ?
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үүсгэн байгуулагдаад 4 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай холбоо багагүй ажлыг хийгээд байна. Хамгийн эхний жишээ гэвэл Засгийн газрын тогтоолоор сумын төсөл сонгон шалгаруулах хороонд багтаад байсан бол нэмэлтээр аймаг, нийслэлийн төсөл сонгон шалгаруулах хороонд албан ёсоор орлоо. Баялаг бүтээгчдийн гол тулгамдсан асуудал бол санхүүгийн дэмжлэг байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгогдож буй санхүүгийн дэмжлэгийг ил тод болгохын төлөө 4 жил уйгагүй ажилласан. Үүний үр дүнд энэ жилээс төсөл сонгон шалгаруулах хороонд орж ажиллаж эхэллээ.
Ингэснээр сонгон шалгаруулалт ил тод шууд дамжуулалттайгаар явагдаж байгаа. Тухайлбал хорооны гишүүд хоолоо идэхдээ хүртэл камерын дор идэж байна.
Төрөөс жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгийг УИХ болон Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө хувийн компани болоод ах дүү, хамаатан садандаа хуваан ашиглаж, баялаг бүтээгчдийн боломжуудыг хулгайлж байсныг манай ард түмэн мэддэг болсон. Бид энэ асуудлуудыг ил тод болгохын тулд шат, дараатай олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Жишээлбэл бид 2014 оноос хойш Монгол орон даяар тойрсон. Ингэхдээ холбооны дэргэдэх хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид бидэнтэй хамт 21 аймаг, 365 сумдаар тойрч өрхийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид юу хийж бүтээж байгааг сурвалжилж тэдний жаргал зовлонг сонсож нийтдээ 1200 гаруй мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг хийж олонд хүргэсэн нь ололт юм. Тэд зарим тохиолдолд тулгамдаад байгаа асуудлаа хүртэл шийдүүлж чаддаг байсан юм. Тухайлбал зөвхөн сумын хэмжээнд яригддаг байсан үйлдвэрлэл нь хүрээгээ тэлж аймаг, цаашлаад улсын хэмжээнд хүртэл цар хүрээгээ тэлж бизнесээ өргөжүүлж чадсан олон баялаг бүтээгчид бий.
ББДХ-ны төлөөлөл ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах, зээлийн хороонд орсон гэлээ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч?
Өмнө нь "төсөл сонгон шалгаруулалт болоод дууслаа" гэдэг мэдээлэл байдаг байсан. Харин одоо болж байгаа үйл явцыг манай холбооны дэргэдэх мэдээллийн сувгуудаар шууд дамжуулан олон нийтэд ил тод нээлттэй явуулж байна. Нэг талдаа сайн үр дүн өгч байгаа ч цаашид борлуулалт дээр анхаарах шаардлага тулгарч байна. Төр өөрөө маш том худалдан авагч. Тиймээс борлуулалтыг төр дэмжиж, дэмжлэг үзүүлж чадах субьект юм. Үүнээс гадна татварын бодлогоор дэмжих гэх мэт олон чухал асуудал байна. Эдгээр цогц асуудлыг дэмжихийн тулд ЖДҮ-ийн тухай хуулин дээр журам болгож баталж өгөөд амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай. Дөнгөж эхэлж байгаа ажил. Цааш нь яаж бодит ажил болгох бэ гэдэг дээр манай холбоо баялаг бүтээгчдийг төлөөлж ажиллаж байна.
Танай холбооны үйл ажиллагаанд баялаг бүтээгчид ам сайтай байх шиг байна. Танай хурал хэр давтамжтай болдог вэ?
Манай удирдах зөвлөл 4 жилийн хугацаанд 38 хурал хийсэн байна. Жилд 8-9 хурал хийж байгаа нь энэ салбарын асуудлыг тогтмол хэлэлцэж шийдвэр гаргаж байна гэсэн үг юм. Бид бүх баялаг бүтээгчдийн төлөөлөл гэдэг утгаараа байнгын идэвхтэй ажилладаг. Урьд нь ЖДҮ-ийн хууль гэж байсан бол одоо жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний гээд "үйлчилгээ" гэсэн том талбар нэмэгдээд ороод ирлээ. Тиймээс энэ том талбар дээр яаж үр дүнтэй ажиллах вэ гэдэг чухал. Бид мэргэжлийн байгууллагатай хамтран төр болон хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг эхнээс нь шийдүүлж, улмаар хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд гол ажлаа болгон ажиллаж байна.
Таны бодлоор баялаг бүтээгчдийн өнөөдрийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа бэ?
Баялаг бүтээгчид төрөөс олон юм нэхэж, дарамт учруулдаггүй. Тэд бор зүрхээрээ ажлын байр бий болгож, татвараа төлөөд мөрөөрөө яваа жижиг үйлдвэр эрхлэгчид. Адгийн наад зах нь ажлын байр бий болгохгүй юмаа гэхэд гэрээрээ жижиг үйлдвэрлэл эрхлээд төрөөс ямар нэгэн байдлаар цалин хөлс нэхэхгүй, өрхийн амжиргааны зардалаа хангаад явж байна. Тэднийг дэмжих бодлого ямар ч цаг үед байнга тулгарч байгаа. Баялаг бүтээгчид төрийн түшээд шиг "тэрбум"-аар нь төрөөс нэхээгүй. Тэдэнд шаардлагатай мөнгө нь 10-100 саяын хооронд хэлбэлздэг. Зарим нь цөөхөн тооны өртөг бүхий тоног төхөөрөмж хүсдэг. Төрөөс юм гуйхгүй яваа хүмүүсийг төр дэмжсэн шиг дэмжээд явж яагаад болохгүй гэж.
Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий. Одоо болсон. Яагаад баялаг бүтээгчдийг 20 гаруй жил зовоож яваагаа тайлбарлах цаг нь болсон.
Баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуульд баялаг бүтээгчдийн саналыг тусгуулж чадлаа
Өнөөдрийн хурлаар ЖДҮ үйлчилгээг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл хийж байна. ЖДҮ эрхлэгчдийг дэмжихийн тулд ямар хуулийн төсөлд анхаарах шаардлагатай байгаа бэ?
Бид ЖДҮ үйлчилгээг дэмжих тухай хууль, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. ЖДҮ-ийг дэмжих тухай хуульд баялаг бүтээгчдийн саналыг тусгуулж чадсан. Манай холбооны гаргасан нэлээн олон саналууд шинэ хуульд орсон байгаа. Шинэ хууль мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулаад түүнийг дагаж гарах дүрэм журамд оруулах саналуудаа хүргүүлнэ. Энэ дагуу манай холбооноос ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид өөрийн гэсэн агентлагтай болж байгаа. Агентлаг маань ирэх оны 1-нээс үйл ажиллагаагаа эхэлнэ. ЖДҮ эрхлэгчид яаж агентлагтайгаа холбогдож ажиллах талаар өнөөдрийн хурлаар ярилцаж байна.
Цаашид баялаг бүтээгчдийг хэрхэн нэгтгэж ажиллах вэ?
Үүсгэн байгуулагдаад 4 жилийн хугацааг өнгөрөөсөн гэж хэлсэн. Тийм учраас энэ хурлаараа холбооны II их хурлын товыг зарлана. Өнгөрсөн жилийн форумаас маш том үр дүн гарч байсан. Тиймээс "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2019" арга хэмжээг ирэх сарын 26-ны өдөр хийхээр төлөвлөлөө.
Өнөөдрийн хуралдаанаар "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2019" зохион байгуулах тухай ярьж байх шиг байна. Өнгөрсөн жилийн форумын үр дүн дахин форум хийхэд нөлөөлөв үү?
Төрийн түшээд баялаг бүтээгчдийн хүртэх ёстой бялууг өмнүүр нь орж хувааж идэж байгаа үйлдэл нь үндсэндээ гаарсан байсан. Үнэхээр ЖДҮ эрхлэгчдийг шоконд оруулсан. Бидний 4 жилийн уйгагүй зүтгэлийн үр дүнд баялаг бүтээгчид нэг далбаан дор нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад зорилго нэгтэйгээр зүтгэж чаддаг болсон. Үүний нэг гол жишээ бол "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018" юм.
Монгол Улсад жил бүр хийгддэг "Эдийн засгийн форум" хүртэл ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй төрөөс багагүй мөнгө зарцуулаад өнгөрдөг. Харин бид төрөөс ямар нэгэн санхүүжилт авалгүйгээр баялаг бүтээгчдийнхээ нэгдэл дор өөрсдөө форумаа хийж чадаж байна.
Өнгөрсөн жилийн форумд салбар салбарын маш олон төлөөлөлүүд ирсэн. Жирийн баялаг бүтээгчдээс эхлээд салбар яамны сайд, дарга нар хүртэл манай форумд оролцож тодорхой хэмжээнд үр дүнд хүрч чадсан. Үүний нэг илрэл нь баялаг бүтээгчдийг хамгаалсан хууль эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ 4 жилийн турш дунштал ярьсан төрийн түшээдийн увайгүй үйлдэл ил болсон тохиолдол юм. Тиймээс бид "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2019" арга хэмжээг ирэх 9 дүгээр сарын 26-ны өдөр хийхээр удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлээд байна. Энэ дашрамд аймаг, нийслэл, дүүргийнхээ нийт баялаг бүтээгчдээ форумдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Нэгэнт алдаа дутагдлыг ил гаргасан. Харин бидний дараагийн ажил бол батлагдсан хуулин дээр дагаж гарах журмыг сайтар боловсруулж нийт баялаг бүтээгчдийн санаа оноог тусгах явдал юм.
Энэ ч үүднээс МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчдийг энэ форумдаа идэвхитэй оролцохыг уриалж байгаа юм. Бид дахин санхүүжилтээ алдах учиргүй. Батлагдсан хуулийг дагаж гаргах журмаар гуйвуулдаг цөөнгүй тохиолдол бий. Тиймээс бид өмнө нь олон боломжоо алдаж байсан. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг учраас цаашид гарах журмаа үг үсэггүй анхаарч ажиллахын тулд энэ форумыг хийхээр боллоо. Бидний ажил тодорхой үр дүнд хүрч эхэлж байна.