Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн санаачлагад үндэслэн, нийгмийн шаардлагаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ыг 2015 онд байгуулж, 300 гаруй салбар хороогоор 100.000 гаруй гишүүд дэмжигчидтэйгээр дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.
-
ЖДҮ-ийн үйл ажиллагааг сурталчлах
-
ЖДҮ-ийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулах
-
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн арга туршлагыг дэлгэрүүлэх
-
Төрөөс явуулж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж хүртээмжийг судалгах
-
Жижиг дунд үйлдвэрлэгчдэд мэдээлэл хүргэх зэрэг юм.
Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бүх салбар, чиглэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, малчид, тариаланчид, үйлчилгээний болон оюуны баялаг бүтээгчид, үндэсний томоохон компаниуд, гишүүн байгууллагууд байдаг нь манай холбооны үйл ажиллагааны хүртээмж, цар хүрээг илэрхийлдэг юм.
Тус холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр засгийн шийдвэр гаргах түвшинд санал бодлоо тусгуулах зэргээр олон ажил хийж байна. 2018 онд УИХ-д хэлэлцэгдэж буй Баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг улс эх орон, ард иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа хуулиудын төсөлд санал бодол, шаардлагаа удаа дараалан хүргүүлж, ТВ-ийн шууд хэлэлцүүлэг, форум, жагсаал цуглаан зохион байгуулсан. Зөвхөн ЕТВ, Масс ТВ-гээр нээлттэй шууд хэлэлцүүлэг 8 удаа явуулсан.
Мөн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан төрийн бодлого, дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ-2018”-ыг 2018.06.04-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү форумд УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлагч Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-н гишүүн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, инженер Д.Жаргалсайхан, Эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайхан, МУ-н засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-н даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, ХХАХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн удирдлага, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон 200 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд оролцож,санал бодлоо солилцсон.
Энэ форумд оролцсон баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчдийн шүүмжлэлийн дийлэнх нь ХХААХҮЯ-ны ЖДҮХС-аас олгож буй нэн хөнгөлөлттэй зээл эзэндээ очихгүй байгаа, УИХ болон Засгийн газрын гишүүдийн өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн компаниуд авч байгаа талаарх байсан.Ялангуяа тус Сангаас 2018 оны 05-р сард шалгаруулсан 134 компани, иргэний 122 нь ашиг сонирхлын зөрчилтэй, цаанаасаа захиалгатай байсан талаар ярьсан.Тийм ч учраас форумд оролцогчид нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж гаргасан.
Зөвлөмжид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар:
1. “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн /9 хүртэл/-ийг нарийвчлан зааж, хорооны бүрэлдэхүүний 60 хувийг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулахыг заавал тусгаж өгөх, /ХХААХҮСайдын 2017 оны 06 сарын 14-ны өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд салбарын төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна” гэж заасан байдаг боловч төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод бус,тодорхойгүй байдаг./
2. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгогдож буй хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй байлгах үүднээс мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд “тухайн жилд олгох зээлийн 30 хувийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 30 хувийг жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 40 хувийг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид” гэж нэмж оруулах.
3. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэгт “Сан төсөл сонгон шалгаруулсан болон хөнгөлөлттэй зээл олгосон шийдвэрийг үндэслэлийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ” гэж заасан байна. “Хойш” гэдгийн араас “тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж нэмж оруулах.“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалтыг нийтэд тогтомол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээллэж ил тод байлгах.
4.“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г Иргэний хуулийн 37-р зүйлд заасны дагуу удирдах зөвлөлтэй болгох, Удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд 4 гишүүнийг төрийн байгууллага, албан тушаалтнууд, 5 гишүүн нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, төрийн бус байгууллага байхаар хуулинд нарийвчлан зааж өгөх,
Гэх зэргээр тусгаж. Зөвлөмжөө УИХ-ын 75 гишүүдэд хүргүүлсэн.
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд албан тушаалаа ХАРИУЦЛАГА ихтэй ажлаа ХАРИУЦЛАГА сайтай хийж, ажлын ХАРИУЦЛАГА-аа дээшлүүлж, Үндсэн хуульд зааснаар нийт иргэн, улс эх орны эрх ашгийг эрхэмлэн баримтлах ёстой.Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр авсан тухай баримтууд олон нийтэд илэрхий болоод байгаагийн дунд УИХ-ын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд зээл авсан тухай мэдээллүүд өдөр ирэх бүр нэмэгдэн цацагдсаар байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид 30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний 1 жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн.
МУ-ын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг боловч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдол биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдал болон мэдээлэлд ойр байдагтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.
Мөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд энэ ХАРИУЦЛАГА-гүй үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг маш ноцтой зөрчиж байна.
Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлаас харахад 2018 оны 12-р сарын 03-ны өдрийн байдлаар УИХ-ын 14, түүн дотор давхар Засгийн газрын гишүүн хоёр, дэд сайд нэг хүн тус сангаас зээл авсан нь тодорхой болж байна. Эдгээр төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдаг давуу талаа ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг хууль хяналтын байгууллага, АТГ шударгаар шалгаж тогтоох ёстой.
ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд хуваан авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн Засгийн газрын 2016 оны 11-р сарын 09-ний өдрийн тогтоолоор батлагдсан “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 06-р сарын 14-ний өдрийн А/76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-уудыг батлахдаа МУ-ын хууль, дүрмийг зөрчин. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох ёстой.
Мөн 2016 оноос өмнө ЖДҮХС-гаас олгож буй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан зээлж байсан. Гэтэл Капитал банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлийн эргэн төлөлтөөс ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой мөнгийг Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам,Капитал банкны хооронд 2011 оны 11-р сарын 07-ны өдөр байгуулсан ННБ 2011/8 тоот “Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ”-ний үндсэн төлбөр 28.688.787.573.00₮, Аж үйлдвэрийн яам, Капитал банкны хооронд 2016 оны 01-р сарын 26-ны өдөр байгуулсан 2016/ҮГ-05 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн төлбөр 17.673.631.736.64 ₮, энэ хоёр гэрээний алданги 2.084.687.559.10 ₮, нийт 48.447.106.868.74 ₮-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар нь 2017.10.10-ны өдрийн 106, 171010/ЖДҮХС-177 дугаартай гэрээг сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Капитал банктай байгуулж, албаны эрх мэдлээ ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж, Капитал банкинд давуу байдал үүсгэсэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Капитал банкны захирал А.Ариунболд нар нь өөртөө давуу байдал үүсгэсэн байх магадлалтай тул хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох ёстой.
Хамгийн гол нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5-р зүйлд заасан ангилалд багтахгүй аж ахуйн нэгж, иргэнд төсөл сонгон шалгаруулах нэрийн дор / Захиалгатай гэж хардаж байна/ их хэмжээний зээл олгох нөхцлийг бүрдүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 05-р сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 74,1 тэрбум ₮, 2018 оны 08-р сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар 82 иргэн,аж ахуйн нэгжид 25,4 тэрбум₮-ийн зээл олгуулсан нь албаны эрх мэдлээ ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж, бусдад давуу байдал үүсгэсэн байх магадлалтай тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 03-р сарын 28-ны өдрийн А-56 дугаартай тушаалаар батлагдсан төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох ёстой.
Мөн 2017, 2018 онуудад давхар зээл авсан “ Намудэвжих”, Доктор Мэйк”, “Цаст согоот” зэрэг компаниуд нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5-р зүйлд заасан ангилалд багтсан эсэх, авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж тогтоох ёстой.
Цаашид Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, .... эрхтэй” гэж заасан атал Улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаал, мэдээллийн давуу байдлаа ашиглаж, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани болон ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө ашиглан хууль бусаар авсан хөнгөлөлттэй зээлийг Санд буцаан төлүүлж, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан болзлыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл авах хууль эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлж, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-д тавих олон нийтийн хяналтыг эрс сайжруулах, жилд хоёр удаа нээлттэйгээр төслийг сонгон шалгаруулж, авсан онооны дарааллаар 2019 оноос эхлэн банкаар дамжуулан олгож эхлэх шаардлагатай байна.
Эцэст нь хэлэхэд Монгол улсад төрийн бүх шатанд ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс ХАРИУЦЛАГА гэдэг үгийг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Монгол хэлний их тайлбар толь бичигт ХАРИУЦЛАГА гэдэг үгийг “Хариуцах үйлийн нэр, ажил үүргийг биедээ хүлээсэн нь: хариуцлага алдах (эрхэлсэн ажлаа гүйцэтгэж чадахгүй байх, алдаа эндэгдэл гаргах), хариуцлагыг дээшлүүлэх (хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг дээшлүүлэх, сайжруулах), хариуцлага ихтэй ажил (биед хүлээх үүрэг ихтэй ажил), хариуцлага оногдуулах (хариуцсан үүргээ биелүүлээгүйн төлөө шийтгэх), хариуцлага сайтай (эрхэлсэн болон даалгасан ажил үүргийг сайн биелүүлдэг), хариуцлага тооцох (эрхэлсэн болон даалгасан ажил үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий ажилтан, байгууллага шалган тогтоох), хариуцлага хүлээлгэх (хариуцлага оногдуулах),хариуцлага хүлээх (хариуцсан үүргээ биелүүлээгүйн төлөө шийтгэл хүлээх), хариуцлагаас зайлсхийх (хариуцаж авахаас, хариуцлага хүлээхээс бултах, дургүйцэх), хариуцлагаас мултрах (хариуцсан үүргээ биелүүлээгүй атал ял шийтгэлгүй өнгөрөх), хариуцлагад татах(хариуцлага хүлээлгэх), хариуцлагын тогтолцоо (аливаа ажил үүргийг гүйцэтгэх бүхий л үйл явц, хэрэгжүүлэх арга зам, гүйцэтгэлийн стандарт, хяналтыг багтаасан систем) - Төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдыг хамарсан хариуцлагын тогтолцоог төлөвшүүлнэ, ажлын хариуцлага (ажлыг чанартай, үнэнч шударга хийхээр хүлээсэн үүрэг), хугацаа хожимдуулсны хариуцлага (амласан зүйлээ хугацаандаа хийгээгүйн төлөө хүлээх зэм), хуулийн хариуцлага(эрхэлсэн болон даалгасан ажлыг гүйцэтгэж эс чадваас оноох хуулийн шийтгэл), эрүүгийн хариуцлагад татах (эрүүгийн хууль зөрчсөн хэмээн ялд унагах), үүрэг хариуцлага (хийхээр биедээ хүлээсэн ажил, амлалт түүнийгээ сайтар хийж гүйцэтгэх ухамсар” гэж тайлбарласан байдаг.
Иймд МУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу жирийн иргэд хууль зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэдэг атлаа төрийн эрх мэдэл, албан тушаалыг хүртсэн УЛС ТӨРЧ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН хууль зөрчихөөрөө уучлал гуйж, уучлал гуйснаа хариуцлага хүлээсэн мэтээр ард иргэдийг хуураад өнгөрдөг буруу жишгийг халж, Монгол улсад ХАРИУЦЛАГА-ын тогтолцоог төрийн бүх шат, ялангуяа хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа бөгөөд нийт иргэн,улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ХАРИУЦЛАГА-тай ажиллахыг ББДХ уриалж байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ- МОНГОЛЫН БАЯЛАГ