ЭРХЭМ ХҮНДЭТ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ЭЭ!
Баялаг бүтээгч бид бүхэн импортлогч орноос эх орондоо баялгийг бүтээж, экспортлогч орон болохын эхлэлийг тавьсан жижиг дунд үйлдвэрийг бүтээн босгож, олон олон ажлын байрыг бий болгох түүхэн үүрэг хариуцлагыг ухамсарлан ажиллаж ирсэн билээ.
1990 оны цагаан морин жилийн үндэсний ардчилсан хувьсгалаар нэг намын дарангуйлал, төрийн тоталитор дэглэмийг нурааж, иргэний ардчилсан хүмүүнлэг, энэрэнгүй, эдийн засгийн чөлөөт нийгэм байгуулах хөгжлийн шинэ үүд хаалгыг нээсэн билээ.
Гэвч сүүлийн үед болж буй үйл явдлаас дүгнэхэд 1992 онд АИХ-ын баталсан Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд төр засгийн тогтолцоогоо бүрдүүлж, улс үндэстнээ хөгжлийн шинэ шатанд гаргасан боловч “Эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, иргэд нь амар тайван амьдралыг цогцлоож, айх аюулгүй, ажил хөдөлмөр шударгаар эрхэлнэ” гэсэн ард түмний итгэл найдвар алдагдаж, төр түмнийг удирдаж ирсэн УЛС ТӨРЧДИЙН амин хувиа хичээсэн, авилгажсан ХАРИУЦЛАГАГҮЙ үйлдлийн улмаас нийгэм, эдийн засаг, улс төрийн ужиг хямрал өдрөөс өдөрт даамжирч Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах түвшин рүү ойртож байна.
Улс орноо хөгжил рүү хөтлөх ёстой Монголын төр засаг нь МУ-ын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасан үндсэн зарчим, зорилтоо умартан, ашиг хонжоо хайсан, авлигач нөхдөөр дүүрэн байгаа цөвүүн цагт шударга ёсыг сэргээж, төр засгийн бүх түвшинд ХАРИУЦЛАГЫН хатуу тогтолцоог бий болгох шаардлагатай байна.
Төрийн болон эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол ганхаж, нийгэмд баян хоосны асар том ялгаа зааг бий болж, ард түмэн ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэн, олон зуун мянган залуучууд эдийн засгийн дүрвэлт хийж, гадаад улсууд руу гарч байгаа энэ үед төр түмнийхээ төлөө зүтгэх тангараг өргөсөн улс төрчид, төрийн албан хаагчид авлига, хээл хахуулийн хэрэгт олноор холбогдож, ХАРИУЦЛАГА алдаж байгаа нь ард түмний бухимдалыг улам өдөөж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд “Монгол улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хуралд хадгална”, мөн хуулийн 25-р зүйлийн 1.1-д “ хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах” гэсэн онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг улс эх орон, ард иргэд, баялаг бүтээгч бид бүхэнд нэн чухал шаардлагатай байгаа хуулиудыг яаралтай батлан гаргуулахын төлөө Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо тууштай ажиллах болно.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу жирийн иргэд хууль зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэдэг атлаа төрийн эрх мэдэл, албан тушаалыг хүртсэн УЛС ТӨРЧ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН хууль зөрчихөөрөө уучлал гуйж, уучлал гуйснаа хариуцлага хүлээсэн мэтээр ард иргэдийг хуураад өнгөрдөг буруу жишгийг манай холбоо эсэргүүцэж байгаа юм.
Одоо нийгэмд үүсээд буй ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани болон ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө ашиглан хөнгөлөлттэй зээл авсан Улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хуулиар олгогдсон бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзан, Монгол улсын иргэний хувиар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Их хурлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу хууль хяналтын байгууллагад шалгуулахыг шаардаж байгаа бөгөөд буруутай этгээдүүдэд ХАРИУЦЛАГА хүлээлгэхийг цаашид ч тууштай шаардах болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, .... эрхтэй” гэж заасан атал Улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаал, мэдээллийн давуу байдлаа ашиглаж, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани болон ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө ашиглан хууль бусаар авсан хөнгөлөлттэй зээлийг Санд буцаан төлүүлж, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан болзлыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид 2019 оны 01-р сарын 01-нээс эхлэн хөнгөлөлттэй зээл авах ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ яаралтай бүрдүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байгаа юм.
Хариуцлагатай төр, засагтай байхын төлөө, Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгч та бүхний эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчин бий болгохын төлөө, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан, Сум хөгжүүлэх сан зэрэг Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгч бид бүхэнд чухал хэрэгцээтэй сангуудыг ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ШИЛЭН, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ дор үйл ажиллагаа явуулдаг болохын төлөө тууштай ажиллах болно.
Монгол улс тунхагласны 94-н жилийн ойн баярын мэндийг Баялаг бүтээгчдийн холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд хүргэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Үндэсний үйлдвэрлэгч- Монголын баялаг
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР