Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-ийн зээл олголтын хуувилдаан болоод тус сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, ТББ-тай хамтран жагсахаа өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Жагсаалыг 2018.11.25-ны ням гаригийн 12:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд дараах 5 шаардлагын дагуу жагсана гэж мэдэгдсэн юм.
- Албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг ШААРДАХ,
- УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаал, мэдээллийн давуу байдлаа ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийг буцаан яаралтай төлүүлэхийг ШААРДАХ,
- Сангийн яамнаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулахыг ШААРДАХ,
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шилэн болгохыг ШААРДАХ,
- Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг Баялаг бүтээгч Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай батлахыг ШААРДАХ гэх зэрэг болно.
Мөн энэ үеэр баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаашид хийх ажлаа танилцуулсны зэрэгцээ УИХ-д хэлэлцэгдэж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг Баялаг бүтээгч Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай батлуулах талаарх баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэн УИХ-д хүргүүлснээ танилцууллаа.
Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хуульд оруулах саналыг тус холбооны төлөөллүүд өнгөрсөн 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ гардуулж өгсөн юм.
Түүнчлэн баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрөгч 7 хоногт Капитал банктай холбоотой асуудлаар "Жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих ёстой зээлийн мөнгийг банк авах нь шударга бус" хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан тус банкнаас "баримт, нотолгоогүйгээр нэр төрд халдсан" гэж үзэн мэдэгдэл гаргасныг няцааж , тус банкны нэр хүндэд халдаагүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар ББДХ-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ:"ЖДҮХ сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮХ санд өгөлгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэтэл ЖДҮС-ийн асуудал олон нийтэд ил болж, манай холбоо Капитал банктай холбоотойгоор мэдээлэл хийснээс хойш тус банк 1 сар хагасын хугацаанд 2 тэрбум гаран төгрөгийн эргэн төлөлт хийсэн байгааг ЖДҮС-ийн шилэн данснаас харж болно. Хэрвээ 48 тэрбум төгрөг цаг хугацаандаа эргэн төлөгдөж, ЖДҮХ санд орсон бол хэчнээн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч үйл ажиллагаа өргөжүүлж, хэдэн зуун ажлын байр нэмэгдэж болох байсан вэ? Бид энэ асуудлыг нь хөндөж тавьснаас бусдаар тус банкны нэр хүндэд халдаагүй хэмээн онцоллоо.