Эрхэмлэх түүхтэй, эрх чөлөөт Монголчууд минь ээ!
Улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн баялаг бүтээгч, үйлчвэрлэгчид, малчин түмэн минь ээ!
Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.
Та бүхэн сайхан наадаж байна уу?
Баялаг бүтээгч бидний хувьд энэ жил хийж бүтээх, хэлэлцэж шийдвэрлэх зүйл олонтой онцлох нэгэн жил болж байна.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮ эрхлэгчид бид эвлэлдэн нэгдэж “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо”-гоо үүсгэн байгуулж монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид юу хийж бүтээж чадаж байгааг, юу хийж бүтээхийг хүсэж буйг улс орон даяар харууллаа.
-Харин энэ цаг үед бид ажиллаж хөдөлмөрлөж баялагийг бүтээхэд юу саад болж байгаа, төрөөс бидэнд ямар цогц бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа, өөрсдөө хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой талаар идэвхитэй хэлэлцэж байна.
- Мөн Хууль тогтоох дээд байгууллага УИХ баялаг бүтээгчдээ дэмжсэн Татварын багц хууль, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Эдгээр баримт бичгүүд батлагдсанаар баялаг бүтээгч, үйлдвэрлэгч бидний хувьд хөгжлийн бас нэг шинэ үе эхэлнэ.
- Өнгөрсөн хугацаанд бид унаж, босож хөл дээрээ тогтохын төлөө тэмүүлж ирлээ. Харин одоо үсрэнгүй хөгжлийн үе шат руу эргэлт буцалтгүй орж Монгол улсын хөгжлийн хүчтэй нэгэн жигүүр гэдгээ харуулах цаг үе ирээд байна.
-ЖДҮ эрхлэгчид бид нэгэн зорилгын төлөө хүчээ нэгтгэж чадвал үсрэнгүй хөгжлийн шинэ үе рүү амжилттай орж чадна.
Гагцхүү энэ нь төрийн зөв бодлого дэмжлэг, баялаг бүтээгч үйлдвэрлэгч та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болно.
-Тиймээс аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэж Монгол улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР (Ph.D) Ч.ДАВААБАЯР