Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо,Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран өчигдөр буюу 2018.06.25-ны өдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын 5.2.6-д заасан Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл-ийг боловсруулах, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хоёр улсын ЖДҮ-ийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн Хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 15 дугаар зүйлд тулгуурлан жижиг болон дунд үйлдвэрийг дэмжих, Үндэсний хөгжлийн газраас даргалж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн “Хөрөнгө оруулалт” болон ”Бизнесийн орчныг сайжруулах” дэд хороодын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол Улс 2015 оны 11 сард Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг УИХ-р баталсанаар манай улсад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог дахин бий болгох боломжийг бүрдүүлсэн юм. Тус хуулиар манай улсын хөгжлийг урт, дунд, богино хугацаанд төлөвлөж, урт хугацаанд Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал 2030-ыг 2016 оны 2 сард УИХ-аар баталсан.
Урт хугацааны хөгжлийн зорилтыг дунд хугацаанд Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Гэвч 2016 оны УИХ-н сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газар эдийн засаг, нийгмийн амаргүй нөхцөл байдалтай тулгарч түүнийг даван туулах “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” баталж хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж байна.
Гэвч бид үүнд тайвшрах болоогүй, эдийн засаг маань эмзэг хэвээр байна.
Сүүлийн 2 жил дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа боловч ядуурал 2014 оны түвшнээс даруй 8 функтээр өсч, 2016 оны байдлаар 29,6 хувьд хүрлээ. Мөн 2014 онд нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ 4181 ам.доллар байсан бол 2016 оны байдлаар 3485,3 ам.доллар болж буурчээ. Энэ нь нийгэм, эдийн засгийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх дохио болсон.
2017 оны 10 сарын 20-нд байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн Газар нь МУТХҮБ-2030-н эхний үе шат болон Засгийн Газрын үйлд ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үлдэж байгаа 900 хоногт эрчимжүүлэх зорилгоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-г 2018 оны 2 сарын 6-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Тус бодлогын хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, 2020 он хүртэл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арга зам, стратегийг тодорхойлон, цаашид Монголын тогтвортой хөгжилд хүрэх бодлогын суурийг тавьсан.
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оор төрийн реформ, нийгмийн реформ, эдийн засгийн реформ хийхээр салбар бүрт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бодлогын үр дүнд 2020 гэхэд ядуурлыг бүрэн хянаж зорилтот түвшинд хүргэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, ХАА, аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгийг олон тулгууртай болгох, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албаны хариуцлага сайжирч, нийгэмд шударга ёс тогтох суурь бий болно гэж үзэж байна.
Уг бодлогын 5.2.6-д “Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл”-ийг боловсруулж батлуулах тухай зорилт туссан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төсөл”-ийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, миний бие ахлан ажиллаж байна.
Ажлын хэсэгт төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, эрдэмтэд судлаачдын төлөөлөл нийлсэн 17 хүн ажиллаж байгаа бөгөөд энэ энэ оны 10 сарын 1-ний дотор хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, цаашлаад 2019 оны хаврын чуулганаар энэхүү багц бодлого, хуулийн төслөө Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Юуны өмнө Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ гэдгээс асуудлыг эхлүүлмээр байна. Манай байгууллагын төсөөлж байгаагаар “Баялаг бүтээгч” гэдэг бол аливаа түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг бүтээн ажлын байр бий болгож байгаа ААН, хувь хүнийг хэлнэ гэж бид үзэж байна.
Үүнийг эдийн засгийн салбар тус бүрээр дараах байдлаар тодорхойлох боломжтой. Үүнд:
Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар: Үр тариа, төмс хүнсний ногоо үйлдвэрлэгчид, Малчдын хоршоо, мал бордох аж ахуй, мах боловсруулах, малын гаралтай түүхий эд боловсруулах, дараах шатны үйлдвэрлэлийн бэлдэц бэлтгэгч, бүтээгдэхүүнийг савлаж баглах, тээвэрлэн борлуулах үйл ажиллагаа, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластер
Аялал жуулчлалын салбар: Аялал жуулчлалын оператор, төрөлжсөн тээвэрлэгч болон үйлчилгээний салбарынхан, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластер
Барилга хот байгуулалтын салбар: Иргэний болон үйлдвэрлэлийн барилга, барилгын материалын үйлдвэрлэгчид, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластер
Соёл, шинжлэх ухаан инновацийн салбар: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн компаниуд, биотехнологи, нанотехнологи, соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарынхан, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластер
Уул уурхайн салбар: Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, дараах шатны үйлдвэрлэлийн бэлдэц бэлтгэгч, бүтээгдэхүүнийг савлаж баглах, тээвэрлэн борлуулах үйл ажиллагаа, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластер
Эдгээр баялаг бүтээгчдийг дэмжих бодлогын төсөл
Баялаг бүтээгчдийг дараах байдлаар дэмжих боломжтой гэж үзэж байна. Үүнд:
- Баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих, үүнд татварын болон бусад эрхзүйн орчинг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, технологи дамжуулах, гадаад болон дотоод худалдааны бодлогоор дэмжих
- Бяалаг бүтээгчдийг борлуулалтаар дэмжих, үүнд гадаад болон дотоод зах зээлтэй холбох, төрийн худалдан авалтаар дэмжих
- Баялаг бүтээгчдийг түүхий эдээр дэмжих, стратегийн түүхий эдээр хангах
- Баялаг бүтээгчдийг дэд бүтцээр дэмжих, үүнд зам тээвэр, логистик, эрчим хүч, инженерийн байгууламж багтах ба мөн Аж үйлдвэрийн 4 хувьсгалын хүрээнд хийгдэх ажлууд хамаарна.
- Баялаг бүтээгчдийг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр, үүний хүрээнд баялаг бүтээгчдийг нийлүүлэлтийн хэлхээ, кластераар дэмжих
Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын хүрээнд нэгдүгээрт ЖДҮ-г дэмжсэн кластерийн толгой компани болох Үндэсний томоохон үйлдвэрлэгчийг төрүүлэх зорилгоор Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого, хоёрдугаарт томоохон төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтын ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр хамтран гүйцэтгүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, гуравдугаарт төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хөгжлийн бодлогыг зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэй нэг цонхоор харьцах зорилгоор Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд багтаж байна.
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд дээрх бодлого, хуулийн төслийн талаар та бүгдэд товч ойлголт өгөх хэрэгтэй байх.
НЭГ. ТӨРӨӨС КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ТАЛААР
Компанийн нийгмийн хариуцлагын ойлголт дэлхий дахинд 30 гаруй жил хэрэглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад эхлэл төдий ойлголт юм.
Тэгвэл гадаад орнуудад Компанийн нийгмийн хариуцлагыг юу гэж ойгодог талаар сонирхуулья
Канадын засгийн газар:
“Компанийн нийгмийн хариуцлага нь эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн асуудлуудын тэнцвэрийг олох буюу тэдгээрийн уялдааг хангахын зэрэгцээ хөрөнгө оруулагч, харилцагч талуудын хүлээлтийг зохицуулах арга зам гэж ерөнхийлөн ойлгоно.” гэсэн бол
Европын холбоо:
“Компанийн нийгмийн хариуцлага нь нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг бизнесийн үйл ажиллагаа болон оролцогч талуудтай харилцах харилцаандаа сайн дураар уялдуулах тухай ойлголт” гэжээ.
Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөл:
Компаниуд өөрийн ажилтнууд, тэдний гэр бүл, орон нутаг болон нийгэмдээ чиглэн ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа гэж тодорхойлно гэж үзжээ.
Өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, Компанийн нэр хүнд нийгэмд өсөн нэмэгдүүлэх, Тогтвортой, чадварлаг, үнэнч боловсон хүчнийг татах, Технологиор тэргүүлэх, тасралтгүй сайжруулалт бий болох, Санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах, Тогтмол борлуулалт, нийлүүлэлтийн сувгийг бий болгох, Өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, Баялгийг бүтээн бий болгох, Төрийн байгууллагуудтай харилцах харилцааг сайжруулах, Тогтвортой хэрэглээг дэмжих зэрэг нь КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ үндэслэл гэж тодорхойлох болжээ.
Төрөөс Компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого нь аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийг төрөөс хөхиүлэн дэмжих, урамшуулах, улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад тэдгээрийн оруулах хувь нэмрийг бодитойгоор нэмэгдүүлэхэд оршдог. Компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн нэгдмэл ойлголт, хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр дэлхийн улс орнууд өөрийн оронд тохирсон бодлогыг боловсруулж, хөгжлийн стратегитай уялдуулан хэрэгжүүлж байна.
Манай орны хувьд компанийн нийгмийн хариуцлагын талаар Нэгдсэн үндэсний байгууллагын “Даян дэлхийн гэрээ”-нд үндэсний 200 гаруй компани, Дэлхийн эдийн засгийн форумын “Авилгалын эсрэг санаачилга”-д 160 гаруй компани тус тус нэгдэж 1100 гаруй компани “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын тайланг гаргадаг болоод байна. Эдгээрээс гадна олон улсын стандартын байгууллагаас 2012 онд гаргасан “Компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэх зөвлөмж” болох ISO 26000 стандартыг үндэсний стандарт болгон хэрэгжүүлэн ажиллаж байна.
Компанийн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа нь тухайн бүс нутаг, хот, суурингийн захиргаа түүний төсөв, нийгэм, соёлын хөгжил цэцэглэлтэд жинтэй нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж буй даяарчлалын нөлөөгөөр компаниуд гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тухайн улсынхаа нийгэм, эдийн засгийн төлөвшлийг харуулахад хувь нэмрээ оруулж, энэхүү оролцоо нь мөн шинэ хариуцлагыг компаниудад авчирдаг.
Өнгөрсөн хугацаанд хийгдсэн “Компанийн нийгмийн хариуцлагын талаарх Монгол Улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт” судалгаанаас үзэхэд төрийн болон төрийн бус байгууллага, компанийн аль аль нь компанийн нийгмийн хариуцлагыг ач холбогдолтой гэж үзэж байгаа ч энэ талаарх ойлголт харилцан адилгүй түвшинд байна. Ойлголтын зөрүүтэй байдлаас үүдэн орон нутагт ард иргэд хувийн хэвшлүүдээс нийгмийн хариуцлагын нэрийн доор хөрөнгө мөнгө шаардах, ингэсээр үл ойлголцох үүсэх тохиолдууд өнгөрсөн жилүүдэд нилээдгүй гарсан. Иймээс нэгдсэн нэг ойлголтыг бий болгох зайлшгүй шаардлага байна.
Мөн дээрх судалгаанаар хууль тогтоомжид компанийн нийгмийн хариуцлагын стандартыг мөрдүүлэхээс эхлүүлээд ажлын байр нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй арга техник ашиглах зэрэг үйл ажиллагааг урамшуулан дэмжих бодлого туссан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, зарим заалтыг хэрэгжүүлэх арга, механизм тодорхойгүй зэргээс үүдэн тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймд улсын хөгжлийн бодлоготой уялдуулан компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх үндэсний бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал болж байна
Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлсэнээр олон ЖДҮ-г дагуулсан нийгмийн өндөр хариуцлагатай Үндэсний томоохон компаниудыг хахүүлэн дэмжиж бойжуулна.
Иймд Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахаар ажиллаж байна.
ХОЁР. ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР
ТХХТ-ийг иргэдийн амьдралын таатай орчныг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг хангах болон алслагдсан хотуудыг хөгжүүлэх зорилгоор АНУ 1930-аад оноос Дэд бүтцийн байгууламжуудыг шинэчлэх, засварлахад Франц болон Герман улсад 1950-иад оноос дахин ашигласан.
УИХ-аас 2009 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн /цаашид “ТХХТ” гэх/ талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг, 2010 онд Концессын тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн билээ.
2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Улсын төсвөөс эргэн санхүүжих нөхцөлтэй буюу концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг Төсвийн тухай хуулийн хавсралтаар батлах болсонтой холбоотойгоор 2018 онд нэг ч төсөл арга хэмжээ батлагдаагүй байна. Мөн дээрх төрлөөр хэрэгжих төслүүд 2019 он Төсвийн хуулиар батлагдах хүртэл зогсоод байна.
Засгийн газраас баталсан концессын зүйлийн жагсаалтад шинээр орж буй төслүүдийн ихэнх нь зардал, ашгийн тооцоо, судалгаа хийгдээгүйгээс төслийн хэрэгжилт хангалтгүй үзүүлэлттэй байна. Үндсэндээ концессоор хэрэгжүүлэх төслийг сонгох арга барил буруу, төслийг бэлтгэх ажил дутуу дулимаг, концессын асуудал хариуцсан төрийн байгууллагын тогтворгүй байдал, улсын төсөвтэй уялдаа холбоогүйгээр шийддэг зэрэг дутагдлууд байсаар байна. Тодруулбал, Концессын тухай хуулийн зохицуулалт дутуу дулимаг, ойлгомжгүй, тодорхой бус, хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас төр, хувийн хэвшлийн түншлэлд ахиц дэвшил гарах нь удаашралтай байна.
Монгол Улсын хувьд өнөөгийн нөхцөл, байдалтай уялдуулан Төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд Төр хувийн хэвшлийн түншлэлийн зөв, оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж, олон улсын шинэлэг зохицуулалтыг нэвтрүүлэх, дэд бүтэц, нийгмийн суурь салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, харилцан үр ашигтай түншлэлийн орчинг бий болгохуйц цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна. Өнөөдрийн төсвийн санхүүжилт аваагүй төслийг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргах, судалгаа, шинжилгээгүй, ТЭЗҮ-гүй концессын зүйлийн жагсаалт баталдаг жишгийг халж, олон улсын Төр хувийн хэвшлийн түншлэлийн зүйлийн төрлийг томоохон хэмжээний судалгаанд тулгуурлан хамгийн тохиромжтой, ашигтай байдлаар сонгодог зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй. Олон тооны хууль тогтоомжид тухайн төсөл, арга хэмжээг Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж заасан боловч чухам тухайн түншлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, чиг үүрэг нь тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэн шийдэх, Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хэрхэн сонгох, аль нь тэргүүний ач холбогдолтой эсэх эрэмбэ дараалалтай холбоотой зохицуулалт, эрх зүйн орчин хангалтгүй байна. Иймд, Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх нэгдсэн бодлого, үзэл баримтлалыг бий болгох, Төр хувийн хэвшлийн түншлэл болон концесстой холбоотой нэр томьёог жигдрүүлэх, зохицуулалтуудын уялдаа холбоог боловсронгуй болгох, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хуулийг боловсруулах, улмаар төр болон хувийн хэвшлийн тогтвортой, үр дүнтэй, харилцан ашигтай түншлэлд зориулсан хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр шаардлага, түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.
ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР