“Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан 2018 оны 06 сарын 4-ний өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачлагаар "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум"-ыг зохион байгуулсан. Тус форумоос гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон холбогдох яамдад хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” чуулга уулзалтыг туушин зочид буудлын соёмбо танхимд зохион байгуулж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд чуулга уулзалтын үеэр үйлдвэрлэгчид цогц бодлого бодит дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Тухайлбал: "Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөлд борлуулалтыг нь нэмэхэд чиглэсэн тодорхой зүйл заалтуудыг оруулж өгөх шаардалагатай байгааг хэлсэн. Мөн ХХААХҮЯ-ны дэргэдэх жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг ил тод болгох, хяналттай болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ангиллыг нарийвчлан бодитоор тогтоохыг" хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” чуулга уулзалтаар хуулийн төслийн үзэл баримтлал болоод үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах арга замууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.