Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр МУ-ын Их хурлын дарга М.Энхболд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумд оролцогчдод илгээлт хүргүүллээ.
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар форумын эрхэм хүндэт зочид, төлөөлөгч, зохион байгуулагч та бүхэнд монгол улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн жил гаруй хугацаа нь макро эдинй засгийн бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, Монгол улсын эдийн засагт итгэх итгэлийг буцаан авчирсан өдрүүд байлаа. Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зэрэгцээ гадаад зах зээлийн таатай нөхцөл хадгалагдсан нь хүлээгдэж байснаас нааштайүр дүнг авчирч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 6.1%-д хүрч, урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ дээшиллээ.
Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, хүртээмжтэй болгох, улмаар урт хугацаанд өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн бүтэц рүү шилжих бүтцийн өөрчлөлтийн бодлогыг эхлүүлэх жил болж байна. Энэ бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан иргэн бүрийн боломжийг нэмэгдүүлнэ. Энэ бодлогын үр дүнд хөөс-хагарал гэсэн мөчлөгийг халж, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулна.
Эрхэм баялаг бүтээгчид ээ,
Цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг 5 чиглэлээр тоймлон хэлмээр байна:
Нэгдүгээрт, эдийн засагт өнөөдөр бий болсон энэ ололт амжилтыг хадгалж, тогтвортой өсөлтийг хангана. Эдийн засаг сэргэж, төсөв ашигтай, гадаад валютын урсгал нэмэгдсэн ч тогтвортой байдлыг чухалчлан төсөв, гадаад өр, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг дахь оролцоог оновчтой, үр ашигтай болгож, бизнесийн орчныг сайжруулна. Энэ хүрээнд юуны өмнө төрийн бодлого, шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хувийн хэвшлийн шийдвэр гаргалтанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Татварын шинэчлэлийн хүрээнд 5 ’ 500 орчим иргэн, аж ахуй нэгж, байгуулгаас санал авсан нь энэ өөрчлөлтийн эхлэл юм. Түүнчлэн УИХ-аас ойрын хугацаанд Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль, Техникийн тухай хууль, Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай хууль зэрэг улс орны хөгжилтжэй салшгүй холбоотой хууль, эрх зүйн актыг өнөө цагийн шаардлагад нийлүүлэн шинэчлэн өөрчлөх ажлыг хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт, макро эдийн засгийн асуудлаас гадна бүтээмж, инноваци, өрсөлдөөн, гадаад зах зээл нэвтрэх зэрэг микро эдийн засгийн суурь асуудлыг ч анхаарч эрх зүйн орчныг сайжруулна. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурд нь инноваци, антерпренёршип, дасан зохицох чадвараас хамаарч байна. Бусад орны туршлагаас үзэхэд хувийн хэвшил нь гану нэгээрээ биш нийлж нэгддэг, санхүүгийн дэмжлэг гэхээс илүү худалдааны бодлого, улс төрийн яриа хэлцэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд экспортыг дэмжиж байна.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрсдэл даах чадварыгнэмэгдүүлэх, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох салбарын эрх зүйн орчныг сайжруулна. Засгийн газраас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр “ Гурван тулгуурт хөнжлийн бодлого”-д тусгаж, холбогдох хуулийн шинэчлэл дээр ажиллаж байна.
Эцэст, энэ удаагийн УИХ нь монгол төрийн дархлаа, засаглалыг сайжруулах чиглэлээр дорвитой алхамыг хийнэ. Засаглалын дэлхийн индексийн үзүүлэлтээр Монгол Улсын засаглалын үзүүлэлт сүүлийн 10 жилийн хугацаанд сайжирч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт, авилгалын хяналт гэсэн хоёр үзүүлэлт бараг өөрчлөлтгүй байна. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг 13 шатаар ахисан бол хуулийн өмнө бүгд тэгш байх үзүүлэлт дөнгөж нэг шатаар л дээшилжээ. Транспарэнси Интернэшнл олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улс 180 орноос 103 дугаар байрт жагсч өмнөх жилээс 16 байраар ухарчээ. Төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр ч хангалттай оноо авч чадахгүй хэвээр байна. Энэ бүх судалгаа нь хууль заавал хэрэгждэг, хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг, хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх бидний зорилт хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. Бид энэ чиглэлээр тодорхой шийдвэрийг гаргаж, Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчныг сайжруулна.
Эрхэм баялаг бүтээгчид ээ,
УИХ-аас “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ-аас оёдол, нэхмэл, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй 1.5 тэрбум төгрөгөөс доош жилийн орлоготой ААН-үүдэд татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хуулийг 2017 оны 2-р сард баталж байсан. Харин одоо 2.5 тэрбум төгрөгнөөс доош орлоготой, дунд хэмжээний үйлдвэрийг салбар харгалзахгүйгээр 1 хувийн татвартай болгох, татварын хялбаршуулсан горимд шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийг баталснаар гадаад, дотоодын зах зээлийг өргөтгөх, бизнесийн орчныг сайжруулахын зэрэгцээ төрийн дэмжлэг, зохицуулалтыг оновчтой болгон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэж үзэж байна.
УИХ-аас инноваци, гарааны бизнесийн эрхз зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх, гадаад зах зээлд экспортлох боломжтой программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарааны компанийг байгуулах зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс дэмжлэг үзүүлэх” асуудал тусгагдсан. Цаашид ч хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй салбарт татах, бизнес инкубаторыг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн тогтвортой, зөв орчныг бүрдүүлэх чиглүүлэх чиглэлээр Та бүхэнтэй хамтарч ажиллах болно.
Эрхэм хүндэ төлөөлөгчид өө,
Энэ удаагийн форум нь Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлын гарцыг эрэлхийлсэн, цаашид хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бүтээлч уулзалт болж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.