Үндэсний үйлдвэрлэгчдээ алдаршуулдаг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор “Хүнс Сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ш.Саранчимэг оролцлоо. Зочин хөтлөгчөөр “Монлайн” брэндийг үүсгэн байгуулагч А.Чимэд-Очир оролцож үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг сорилтууд, байгууллагын түүхэн замнал хийгээд сонирхолтой, сургамжтай яриа өрнүүллээ.
“Хүнс Сервис” ХХК нь 2003 оноос хойш хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн олон төрлийн жигнэж, хэрчсэн гурил үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
Хэрчсэн гурилыг гэрийн нөхцөлд, ариун цэвэр, стандартын шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэдэг гэх ойлголт бий. Тэгвэл хэрчиж, жигнэсэн гурилыг бэлтгэхэд тодорхой стандарт, шаардлага байдаг ба “Хүнс Сервис” компани нь тогтсон стандартын дагуу эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр баталгаажсан заавар, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж.
Тус байгууллага нь туслан гүйцэтгэгч компаниудтай нийлээд нийт 70 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Мэргэжлийн болон мэргэшсэн ажилтнууд үйлдвэрийн шат дамжлагад ажиллаж, чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг.
“Хүнс Сервис” компани нь түүхий эдээ "Улаанбаатар гурил", “Ерэн цагаан” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүдээс бэлтгэн нийлүүлж бэхжүүлэгч, хадгалалтын хугацаа уртасгагч бодис ороогүй эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цаашдаа өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, нэр төрлөө нэмэгдүүлж, олон улсад экспортлох зорилт тавин ажиллаж байна.
“Хүнс Сервис” компани бүтээгдэхүүнээ баяжуулж, нэр төрөл бүрээ өөрийн гэсэн онцлогтой үйлдвэрлэдэг. Тодруулбал, энгийн хэрчсэн гурил нь улаан буудайгаар хийгддэг бөгөөд дархлалын системийг сайжруулж, хавдрын болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Луувантай хэрчсэн гурил нь ходоод, олгойн хий тараах, цэр арилгах, толгойн өвчин намдаах зэргээс сэргийлж, олон төрлийн амин дэмийг агуулдаг. Мөн монгол шпагетти гурил, хөх тариат гурил, гоньдтой гурил, бүхэл үрийн болон дэлгэмэл зэрэг олон төрлийн сонголттойгоор жигнэж, хэрчсэн гурилыг үйлдвэрлэж байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч Ш.Саранчимэгийн хувьд бүтээгдэхүүний амт чанараас гадна сав, баглаа, боодолдоо анхаарч, ач холбогдол өгдөг гэдгээ хуваалцлаа. Тэрбээр “Үйлдвэрлэл явуулдаг гээд байгалиа сүйтгээд байж болохгүй. Бидний үр хойч үлдэх учраас байгалиа хайрлаж, хамгаалах нь хамгийн чухал. Тиймээс энэ зарчмаа баримталж байгальд сөрөг нөлөөгүй эко савлагаатай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн “Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, хүн амын хүнсний хэрэгцээг хангана гэдэг амаргүй даваа. Энэ салбарын нэг эд, эс нь болоод явж байгаадаа баяртай байдаг. Миний хувьд анх үйлдвэрээ хоёр ажилтантайгаар эхлүүлж байсан. Өдөр бүр 25 килограмм гурилыг гарынхаа алгаа хорстол зуурч, элдэж, хэрчиж өнөөгийн “Хүнс Сервис” компанийг бий болгосон” хэмээлээ.