“Гар утасны эко тавиур” үйлдвэрлэдэг гэдгээр нь олонд эчнээ танил болсон Б.Батзориг жинхэнэ баялаг бүтээгчдийн тод томруун жишээ бөгөөд аливаа саад, бэрхшээлийг үл хайрхан зорьсон зорилго, хайртай бүхнийхээ төлөө хичээн зүтгэж байгаа халамжит хань, сайн аав.
Б.Батзориг мужаанаар ажиллаад 18 жил болж байна. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “Wood Master” компаниа байгуулсан бөгөөд хэрэглэгчдийнхээ захиалсан бүтээгдэхүүнийг урлаж, хүргэж өгөхдөө гэрт нь байгаа эвдэрсэн, салсан бүхнийг наахыг нь нааж, хадахыг нь хадаж засаж янзлаад гардаг чин сэтгэлтэй нэгэн.
Аливаа ажлыг сэтгэлээ дэвсэж хийдэг учир захиалагчид маань сэтгэл дүүрэн үлддэг. Тэр л хүмүүсийн сэтгэл ханамж, урмын үгийн хүчээр өдий зэрэгтэй хичээн, зүтгэж хөдөлмөрлөж байна гэж Б.Батзориг “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан юм.
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарт “Wood Master” компанийн үүсгэн байгуулагч Б.Батзориг уригдан оролцлоо.
Илүү ихийг эндээс https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
Түүний эхнэр А.Мөнхзаяа 2017 оноос хойш цусан дахь кали багасалт, булчин сулралт гэсэн шинж тэмдэгтэйгээр онош нь тогтоогдохгүй өвчнөөр шаналж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон ч онош нь тогтоогдоогүй өнөөдрийг хүртэл шаналж байна.
Б.Батзориг “Wood Master” компанийнхаа үйл ажиллагаагаа алдагдуулахгүй авч явахын зэрэгцээ эхнэр, 3 хүүхдээ халамжлах үүргээ ч умарталгүй өдөр, шөнийг ялгахгүй ажиллаж байна. Тэрээр эхнэрийнхээ оношийг тогтоолгохын тулд БНСУ-руу явахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 60 сая төгрөг цуглуулах шаардлагатай байгаа тул хандивын аяныг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлаад байгаа юм.