Ярилцлагын ээлжит дугаартаа шулуун шударга зан, эерэг хандлагаараа сошиал ертөнцөд хүндлэгдсэн Спорт хувцасны Monline брэндийн үүсгэн байгуулагч, туршлагатай бизнесмен, Баялаг бүтээгч А.Чимэд-Очирыг урьж ярилцлаа.
Бага залуу насандаа ажлын гараагаа Шаазан ваарны үйлдвэрийн зураачаар эхэлж байсан тэрээр өдгөө хэд хэдэн компани үүсгэн байгуулсны зэрэгцээ 2012 оноос өөрийн үүсгэн байгуулсан Спорт хувцасны “Монлайн” брэндээрээ Монгол Улсаа төлөөлж дэлхийн спортод хүч сорьдог бүхий л спортын баг тамирчидаа гоёх их үйлст шамдан орсон билээ. Ингээд Монголын спортын салбарт хувь нэмрээ оруулаад 10 дахь жилээ угтаж буй түүний ажлын арга барил, бизнесийн түүх, гэр бүл, хоббитой танилцхаар нэвтрүүлгийн урилгаа илгээсэн юм.
Байршил: Монгол, Улаанбаатар
Мэргэжил: Зураач, Нягтлан бодогч
Эрхэлдэг ажил: Монлайн Брэнд ХХК / Спорт хувцасны сүлжээ үйлдвэр/ Үүсгэн байгуулагч, захирал
Сошиал хуудас: Chimedochir (фэйсбүүк), chimedochiranaad (инстаграм)
HELLO CEO
Бидний бизнес болзоо уламжлал ёсоор Нийслэл хотын төв цэг Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр дээр уулзахаас эхэллээ.
Нэвтрүүлэг маань оролцогчдыгоо, эсвэл тэдний ард байгаа хэн нэгнийг зочныхоо өмнөөс баярлуулдаг заншилтай. Амжилттай яваа бизнесмен бүрийн ард тэдний ар талыг бүрэн хариуцаж явдаг хүмүүс байдаг. Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон асаалттай танк шиг арыг нь хариуцаж явдаг хүндтэй хүмүүсийг нь баярлуулж сюрприз барьдгаараа онцлог билээ.
Ихэнх зочин маань хайртай ханьдаа, ээждээ бэлэг барьдаг бол харин тэрээр хамгийн их хүндэлж явдаг эрхэм хүндтэй хүндээ сюрприз барихыг хүсч Сарнай цэцгийн дэлгүүрийн СҮҮН ЦАЦАЛ нэртэй цэцгийн баглаа–г сонголоо
А.ЧИМЭД-ОЧИР: Надтай 10 жил хамтдаа зүтгэж, миний ар талыг хамгийн итгэлтэйгээр хариуцаж явсан Мядагмаагийн Отгонбаяр гээд нэгэн сайхан эмэгтэй бий. Отгоо эгч маань Ардын их хурлын Депутат байсан, Монлайн брэндийн 21 аймгийн салбарыг анх үүсгэн байгуулахад тэр бүх ажилчдыг сурган хүмүүжүүлж, зааж сургасан ачтай хүн билээ. Намайг энэ бизнесийг анх байгуулах тэр үеэс л миний бүх ар талыг хамгийн сайн хариуцаж яваа хүн
Part 1| КОФЕ УУХ ЗУУР
ӨГЛӨӨГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛДЭГ ВЭ?
Миний хувьд хүн заавал тэдэн цагт сэрээд ийм ажил амжуулж байх ёстой гэсэн зүйл байдаггүй ээ. Өглөө бүрийг хайртай дотны хүмүүстэйгээ хамт угтаж байвал л хамгийн сайхан нь гэж боддог. Ажлаа ч амжуулаад хажуугаар нь дуртай зүйлдээ цаг зарцуулдаг байхад л болно гэж боддог. Миний хувьд ажилтай өдрөө эрт босоод ажлаа амжуулчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг бодоод тохиромжтой цагтаа сайхан агаарт гараад гүйчихдэг, фитнестээ очоод бэлтгэлээ хийчихдэг. Ер нь бизнесийн хүний хувьд төлөвлөсөн ажлаа хойш тавилгүй өглөө эрт эхлүүлж байвал ажил бүтэмжтэй сайхан байдаг шүү дээ.
ХУВИЙН АМЬДРАЛАА ТАНИЛЦУУЛААЧ
Би эхнэр, охин хүү гуравтайгаа ам бүл 4-үүлээ амьдардаг. Гэргийг маань Д.Дэлгэрмаа гэдэг. Уугуул нутаг нь Булган аймгийн Сайхан сумынх. АШУИСургуулийг Арьс гоо засалч чиглэлээр төгссөн бүсгүй бий. Одоо магистр. Охин маань Канадад “Гадаад харилцааны Коммуникейшн” чиглэлээр суралцдаг, энэ жил төгсөнө. Харин хүү маань удахгүй дунд сургуулиа төгсөх гэж байна. Тэр нөхрийг л одоо ямар мэргэжилтэй болгох вэ? гэдэг аав хүний хувьд хамгийн том асуудал болчхоод байна даа /инээв/.