Улаанбаатар хотод хоёр том голомт шинээр үүссэн тухай ХӨСҮТ-ийн ТАндалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.
"Өчигдөр л гэхэд 250 ойрын хавьтлыг шинээр илрүүлж тусгаарлалаа"
Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Сүүлийн үед халдварын тохиолдлуудын тоо нэмэгдэж, голомтын цар хүрээ тэлсээр байна.
Тухайлбал, "Монгол шир" компаниас бүртгэгдсэн 18 тохиолдол зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг тул тухайн газруудад өвчлөл шинээр нэмэгдэнэ гэсэн үг.
Тодруулбал, 24 цагийн хугацаанд БЗД-ийн дөрвөн хороо, БГД-ийн хоёр хороо, СБД-ийн нэг хороо, Чингэлтэй дүүргийн нэг хороо, СХД-ийн таван хороо, ХУД-ийн гурван хороонд тус тус өвчлөлийн голомт нэмэгдэж байгаа.
"Монгол шир" компанийн халдварын эхний тохиолдол болсон хүн нэгдүгээр сарын 31-н хүртэл ажлаа хийсэн бөгөөд халдварын шинж тэмдэг хэд хоногийн турш үргэлжилсэн байсан. Хоёрдугаар сарын 1-нд онош батлагдсан.
Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр ойрын хавьтлын тоо эрс өсөж байна. Зөвхөн өчигдөр л гэхэд нийтдээ 250 ойрын хавьтлыг шинээр илрүүлж тусгаарлалаа. Мөн хоёр дахь хавьтлын тоо 128-аар нэмэгдсэн байна.
Ингээд одоогоор нийт 1,052 ойрын хавьтал, 5,383 хоёр дахь хавьтлын хүмүүс хяналтад байна" гэв.
"Халдварын голомтууд тэлж, нийтийг хамарсан халдварын тархалт гарчхаад байна"
Үргэлжлүүлэн "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын 90 гаруй хувьд нь халдвар илэрч байна. Одоогоор улсын хэмжээнд байгаа ойрын хавьтлуудын 21 хувь нь халдварт өртөн батлагдсан тохиолдол болоод буй.
Шинээр үүссэн "Монгол шир" компани болон "Амгалан" амаржих газрын голомтоос гадна Улаанбаатар хотод нийтдээ найман том голомтын халдвар идэвхтэй үргэлжилж байна. Тухайн голомтуудад өргөжүүлсэн тандалт, судалгаа хийгдэж буй.
Хавьтал, батлагдсан тохиолдол нэмэгдэж тусам халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа.
Халдварын тархалт, голомтууд нэлээд тэлэгдэж нийтийг хамарсан халдварын тархалт гарчхаад байгаа тул иргэд маш онцгой анхааралтай байхыг хүсэж байна" гэдгийг нэмж хэллээ.
Эх сурвалж: https://ikon.mn/n/24ce