Нийгмийн өөр өөр тогтолцооны үед Монгол Улсын шилдэг үйлдвэрийн тоонд удаа дараа багтаж ирсэн Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” ХХК-иар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг зочилсон юм.
“Дэлгэрэх хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхагвадорж
Гурил тэжээлийн үйлдвэрлэлийн зориулалтаар 1941 онд байгуулагдаж байсан тус үйлдвэртэй зэрэг байгуулагдаж байсан хүнсний үйлдвэрүүдээс одоо улсын хэмжээнд хоёрхон үлдсэн ч, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй аж. Өдгөө 75 жилийн ойтойгоо учран золгож буй ууган үйлдвэрийг 1998 онд Д.Жаргал хэмээх эрхэм хувьчлан авч, нарийн боов, архи ундаа, талхны үйлдвэрээс гадна хот хоорондын тээвэр, хүнс, аялал жуулчлал, зочид буудал, худалдаа үйлчилгээ, олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болгон өргөжүүлжээ.
Хүнсний манлай үйлдвэр “Дэлгэрэх хүнс” ХХК нь талх, нарийн боовны үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын "Топ-100" аж ахуйн нэгжээр гурван удаа, Өвөрхангай аймгийн “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ээр сүүлийн 10 жил тасралтгүй шалгарсан амжилтыг бүтээжээ.
Монгол Улсын "Топ-100" аж ахуйн нэгжээр гурван удаа, Өвөрхангай аймгийн “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ээр сүүлийн 10 жил тасралтгүй шалгарсан амжилтыг бүтээжээ
Тус компани 120 гаруй ажиллагсадтай бөгөөд аж үйлдвэрийн гавьяат нэг, Монгол Улсын зөвлөх инженер хоёр, 15-аас дээш жил ажилласан зургаан технологич инженертэй. Ажиллах боловсон хүчнээ аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-тэй хамтран сонгон шалгаруулж, ажлын байрандаа сургаж авдаг юм байна.
1941 оноос хойш өдийг хүртэл тус үйлдвэр шинээр ямар л дэвшилтэд тоног төхөөрөмж гарсан байна тэр болгоныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Өвөрхангай аймгийн бүх сум болон зэргэлдээ орших Баянхонгор, Архангай, Төв аймгийн 20 гаруй сумыг хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах чадвартай болжээ. Мөн аймгийнхаа долоон цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт 25-38 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Зөвхөн нарийн боов гэхэд 40, талх 20 нэр төрлийг үйлдвэрлэдэг бөгөөд хоногт 4500 кг бүтээгдэхүүн хийх хүчин чадалтай гэнэ.
Өвөрхангай аймгийн бүх сум болон зэргэлдээ орших Баянхонгор, Архангай, Төв аймгийн 20 гаруй сумыг хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах чадвартай
“Дэлхийн амтыг Дэлгэрэхээс...” уриатай ажилладаг тус үйлдвэрийн хамт олны амжилт бүтээл, нөр их хөдөлмөрөөс суралцахаар нийслэлийн шилдэг нарийн боов үйлдвэрлэгчид Арвайхээрийг зорьдог гэхээр ямар мундаг үйлдвэр болох нь тодорхой биз ээ.
“Дэлгэрэх хүнс” ХХК нь инженерийн шугам сүлжээ бүхий зориулалтын барилга байгууламжтай, ахмад болон залуу инженер техникийн ажилтан, мэргэшсэн ажилчид ажилладаг, Өвөрхангай аймагт байгаа цорын ганц компани юм. Тиймдээ ч 75 жилийн түүхтэй тус компанид ажиллах нь иргэдийн хувьд нэр төрийн хэрэг гэдэг нь олон нийтийн хандлагаас ажиглагдаж байлаа.
Стратеги төлөвлөгөөгөө таван жилээр гаргадаг тус үйлдвэрийн хамт олон ирэх жил Ази, Европын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон бас нэгэн шинэ цехээ нээхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.
Аймгийнхаа нарийн боовны хэрэгцээг хангаж, орон нутагт үйлдвэрлэлийн алтан буухиаг хэдэн арван жил үргэлжлүүлэн улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хэрэглэгч олон түмнийхээ таашаалыг хүртэж яваа тус үйлдвэр цаашид улам цэцэглэн хөгжих болтугай.
Утас: 89622912, 88912914