“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд “Улаанбаатар буйдан хийц” ХХК-г онцлон танилцуулъя.
Бизнесийн өнөөгийн их өрсөлдөөн дунд хэн шинийг санаачлан сэтгэж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, чадварлаг баг бүрдүүлсэн нь амжилтанд хүрдэг нь бичигдээгүй хууль. Тиймдээ ч “Улаанбаатар буйдан хийц” компанийн хамт олон өдөр бүр шинийг санаачлан өнгө үзэмж, чанар стандартыг хангасан олон төрлийн зөөлөн буйдан, кресль, унтлагын ор, хүүхдийн ор, сандал зэрэг арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
Тус үйлдвэрийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь өнөөг хүртэл сэтгэл зүрх, ур чадвараа дайчлан ажиллаж буй арав гаруй хүн бий. Салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг аль хэдийн тодорхойлсон тэдний цаашдын зорилго нь импортын бүтээгдэхүүний зах зээлийг хумих юм.
Тиймдээ ч “Улаанбаатар буйдан хийц” компани сард дунджаар 100 иж бүрдэл буйдан үйлдвэрлэдэг. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж байгаа нийт буйдангийн дөч гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг гэсэн үг. Хэрэв тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын үйлдвэрлэлийн далан хувийг бүрэн үйлдвэрлэх боломжтой гэдгийг үйлдвэрийн дарга Г.Энхдөлгөөн онцолж байлаа. Мэдээж импортыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн борлуулалт шаардлагатай гэдгийг үйлдвэрийн ажилчид хэллээ.
Түүнчлэн "Чанар, стандартыг мөрдлөг болгож, түргэн хугацаанд нийлүүлэх" нь тэдний давуу тал төдийгүй үйлдвэрлэсэн буйдандаа таван жилийн баталгаа өгдөг. Мөн шаардлагатай тохиолдолд тэдний үйлдвэрлсэн бүтээгдэхүүн муудаж элэгдсэн тохиолдолд сэргээн засварлах үйлчилгээ үзүүлдэг байна.
Манай улсад жилд дунджаар 10-20 мянган орон сууц шинээр ашиглалтад ордог. Тэдгээрийн тавь орчим хувь нь борлуулагддаг гэсэн албан бус судалгаа байна. Тэгвэл жилд дунджаар найман мянга орчим айл өрх шинээр орон сууцанд орж мөн тооны гэр ахуйн тавилга, буйдан худалдаалагддаг гэсэн үг. Дотоодын зах зээлийг хангах боломж үндэсний үйлдвэрлэгчдэд бүрэн бий. Гэсэн ч импортын бүтээгдэхүүний эрэлт байсаар байгаа нь эх орны үйлдвэрлэгчдэд чөдөр тушаа болсоор байгаа нь нууц биш. Тиймээс бид худалдан авагч биш үйлдвэрлэгч орон болохын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь юу юунаас чухал.
Харин цаг ямагт шинэ санаа, шинэлэг зүйлийг мөрдлөг болгон ажилладаг “Улаанбаатар буйдан хийц” компанийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.