Mass.mn сайтын “Баялаг бүтээгч” буландаа өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн сийлбэртэй тавилга хийдэг Д.Төгөлдөр гэдэг залууг урьж оролцууллаа. Тэрээр барилгын инженер мэргэжилтэй бөгөөд өдгөө сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байгаа. Аавынхаа уран ухааныг өвлөн авч яваа залуутай уулзсан ярилцлагаа толилуулъя.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Даваасүрэнгийн Төгөлдөр гэдэг. 1989 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Улаанбаатар хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. 2011 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн..Төгссөнийхөө дараа Радио телевизийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байна.
-Яагаад энэ хоёр мэргэжлийг эзэмшихийг хүссэн бэ?
-Бага байхдаа аавтайгаа цуг барилгын ажил хийдэг байсан болохоор энэ мэргэжлийг эзэмших юмсан гэж их боддог байлаа. Сэтгүүлч мэргэжлийн хувьд гэвэл юмыг их эргэцүүлж бодох дуртай байсан. Тийм ч учраас өөрийн мэдсэн сурсан зүйлээ цаасан дээр буулгаж үлдээх нь зөв болов уу гэж боддог учраас энэ мэргэжлийг сонгосон.
-Аавынхаа мэргэжлийг өвлөөд сийлбэртэй тавилга гэдэг зүйлийг хэзээнээс хийж эхлэх болов?
-Нэгдүгээр ангийн хүүхэд байхдаа л сандал хийнэ гээд бариад суудаг хүүхэд байсан. Хүний ахуй юм даа. Бид нарыг бага байхад тусдаа цех гэж байгаагүй. Аав маань гэртээ л харуул хөрөөгөө бариад ажлаа хийнэ. Ээж маань миний хэлсэн зүйлийг дандаа ярьдаг. Би “Ээжээ, авдар ширээ хийгээд авгай хүүхдээ тэжээнэ дээ” гэж ярьдаг байсан гэсэн. Хүсэл сонирхлынхоо хажуугаар мэргэжил эзэмшээд явж байна. Ажлын чиг шугам бол хувийн бизнес хийгээд явбал миний амьдралд хэрэгтэй юм болов уу.
-Энэ компанийг хэзээ байгуулсан бэ. Анхны ажлынхаа талаар дурсвал?
-Энэ компанийг байгуулаад бараг жил болох гэж байна. Анхны тендер гэвэл төрсөн нутгийнхаа сумын цэцэрлэгт хүүхдийн ор хийж өгсөн. Энэ ажлыг хийж өгсөндөө их билэгшээдэг.
-Таны хийж бүтээсэн анхны сийлбэрийн бүтээл юу вэ?
-2011 онд ардын урлагийн наадам болсон. Ардын биет ба биет бус өвийг тээгчдийн таван жил тутамд нэг удаа болдог улсын уралдаан. Тэр наадамд шатрын хөлөг хийж оролцож байсан. Бүтээлээ хийхийн тулд 2-3 сарын хугацаа зарцуулсан. Их бодож, ур ухаан сийлж байж хийсэн. Тэр наадамд улсын хэмжээнд гуравдугаар байранд орсон.
-Тэрээр наадамд оролцоод тодорхой хэмжээний амжилт үзүүлээд юу ойлгож авсан бэ?
-Их юм боддог юм байна лээ. Би өндөгний хальсан дээр сийлж үзэх юмсан гэж бодсон. Хүний сониуч зан ч юм уу өндөгний хальс ямар хэврэг билээ. Хэрвээ өндөгний хальсан сийлээд сурчихвал мод, чулуун дээр юугаар ч сийлж чадна шүү.
-Та ямар төрлийн бүтээл хийх сонирхолтой вэ?
-Юуны түрүүнд бурханы гүнгэрвааг түлхүү хийж байна. Манайхан чинь ихэнхи нь шарын шашинтай улс шүү дээ. Сүүлийн үед бөөгийн эд хэрэгсэл хийж байна. Зах зээлээ дагаж л хүмүүсийн эрэлттэй бүтээгдэхүүнийг хийх хэрэгтэй. Авдар, сийлбэртэй гэрч хийж л байна.
Шашны эд хэрэгсэл нь цаанаасаа ахуй, хийцийг илүү шаарддаг юм байна. Хүмүүс бас монгол ахуйгаа их хэрэглэхийг хичээдэг болж.
-Монгол ахуй, ур ухааныг орчин үетэй холбож хийхэд хэр боломжтой вэ?
-Боломж бол асар их байгаа. Орчин үеийн тавилгад монгол ахуйг жаахан шингээхэд, донж оруулаад өгөхөд л болоод явчихаж байгаа юм. Европ тавилгатай хослуулахад нэг хүндрэлтэй тал нь тоног төхөөрөмжийн хувьд жаахан хүндрэлтэй байдаг.
-Үндэсний уламжлалаа хэр сайн дэмжиж байна хүмүүс?
-Нэг хэсэг европ тал руу гаа шуурчихсан байсан. Сийлбэртэй тавилга гэхээр ойлгодоггүй байсан. Одоо бол ахуй гэдэг зүйлийг авч явахыг хичээдэг болж. Хүмүүс монгол ахуйг эрж хайдаг болчихож.
-Бүтээл хийх санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Бүтээл хийх санаа гэвэл хулгай л хийж байна даа. Би чинь дипломгүй сийлбэрчин хүн шүү дээ. Ахуйгаасаа энэ бүгдийг сурчихсан. Ерөнхийдөө Social ертөнцийг түлхүү ашиглаж байна. Тэгэхээр бас оюуны өмч гэдэг зүйлийг хэн хэн нь авч явах ёстой юм болов уу гэж боддог.
-Хүмүүсийн эрэлт дагадаг гэж сая ярилаа. Тэгвэл үйлдвэрлэгчдээс юу хүсэж байна?
-Хамгийн түрүүнд үнийн асуудал. Хямд боловч европ тавилганаас үнэ хямд байх ёстой. Энэ хоёрыг уялдуулахын тулд их хичээх хэрэгтэй. Нэг үеэ бодвол гадаад үзэмжийн хувьд европ тавилганаас дутахааргүй болсон.
-Зах зээлд өрсөлдөх чадвараа яаж дээшлүүлэхийг хичээж байна. Бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог?
-Техник технологи хөгжөөд ирэхээр сийлбэрчид маань ихэнхи нь машин руу орж байна. Хүний мэдрэмж, машин хоёр асар их ялгаатай. Хугацааны хувьд машин илүү ч мэдрэмжийн хувьд хүний гар илүү. Одоо бол тэрүүгээрээ л бусдаас илүү байна. Хугацаа шаардаж хийж байгаа учраас өртөг нэмэгдэнэ.
Машинаар ихэнхи ажлаа гүйцэтгэж болно. Гэхдээ машины хийж чадаагүй үлдсэн хувийг л гараараа хийгээд сурчих хэрэгтэй. Илүү чимхлүүр ажлыг хэлж байна. Хийц ур гэдэг зүйл байхгүй болчихоод байгаа.
-Танай бүтээгдэхүүн үнийн хувьд бусдаас хэр ялгаатай байдаг вэ?
-Ижил төстэй хийж байгаа газруудаас 10-20 хувиар илүү үнэтэй байгаа. Илүү хийц талдаа анхаардаг учраас.
-Төр засгаас жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байгаа боловч үйлдвэрлэгчид бас дарамт их байдаг юм шиг байна. Яг ямар асуудлыг шийдчихвэл хөл дээрээ илүү хурдан босох гээд байна?
-Төрөөс боломжуудыг олгож байгаа боловч бид нар шиг шинээр эхэлж буй залуусын хувьд ажлын туршлага нь бага ч гэдэг юм уу. Цуглуулсан капитал нь бас бага байх жишээтэй. Төрөөс олгож байгаа зүйл заавал арилжааны банкаар дамждаг. Арилжааны банкны шаардлага өндөр байдаг. Хүү бага хэдий ч барьцаа их шаарддаг.
-Дор бүрнээ жижиг үйлдвэр эрхэлж байхаар санаа нийлээд үндэсний хэмжээний томоохон үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлж болдоггүй юм уу?
-Үзэл бодлын хувьд нийлэхгүй байна. Хувь хүн бүр өөрийн амбицтай. Ирээдүйг харах биш өнөө, маргаашаа л болгохоо хараад байна.
-Нэг юм эхлүүлээд хийхэд тулгарч буй бэрхшээл юу байна?
-Зөндөө байна даа. Өөрөөсөө гадна 10-аад хүн нэг тогооноос хоол идэж байгаа болохоор ажилгүй байж болохгүй. Хааяа мухардах үе их байдаг. Гэхдээ өөрийгөө зоригжуулаад л явчихдаг юм. Асуудалд түүртэж, мөрөөдөлдөө хөтлөгдөж амьдар гээд л урагшаа хараад явахыг л хичээдэг.
-Борлуулалтын асуудлыг яаж шийдэж байна. Бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг захиалгаар хийдэг гэл үү?
-Ам дамжсан рекламаар явж байна. Жишээлбэл Батынх нэг авдар хийлгэлээ гэхэд тэднийхээр 10-20 хүн ороход тэндээс ийм авдартай болох юмсан гэсэн хүслийг тээгээд гардаг. Тэр хүмүүс над руу ярьдаг. Нарантуул зах дээр гэхэд л манайхтай ижил зүйл хийдэг 10 гаруй айл байдаг. Сийлбэртэй тавилга гэдэг бол өнөөдөр бидний хэрэглэж байгаа түшлэгтэй сандал биш. Сийлбэртэй тавилгыг үе дамжуулж үлдээнэ гэсэн үүднээс хүмүүс их хийлгэдэг. Үнэ цэнэтэй зүйл гэдгийг хүмүүс ойлгож байх шиг байна.
-Цаашдаа тавилгаасаа даваад илүү юу хийхийг төлөвлөж байна?
-Гаднаас тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд сийлбэртэй тавилга, европ тавилга хоёрыг хослуулаад хийхээр төлөвлөгөөтэй ажилладаг.
-Гадуур тавилгын дэлгүүрүүдээр явж судалгаа хийдэг үү?
-Зав л гарвал дэлгүүр их хэснэ. Технологи талыг нь түлхүү судалж байна. Тавилга бол илүү боловсронгуй болж байна. Санаа их олж авдаг. Шинээр баригдаж буй орон сууцнууд зай талбай багатай байдаг. Орчинд нь тааруулаад яаж хийх вэ гэх мэтчилэн бодох зүйл их.
-Би энэ бүтээлийг хийчихвэл бусдад өөрийгөө таниулж чадна. Бүтээл талдаа таны мөрөөдөл?
-Nature хийж үзэх юмсан гэж боддог. Ялангуяа эсрэг хүйстнийхээ nature-ийг хийж үзэх юмсан гэж боддог. Модны ур ашиглаж хийж үзэхийг мөрөөддөг. Ноднин хөдөө явж байхдаа хэдэн модны ур олоод явахдаа авах гэсэн чинь аль хэдийн галд орчихсон байсан. Тэр модны урыг баргын хүн бүтээл гэж харахгүй шүү дээ.
-Хүмүүсийн сонирхол өөр учраас янз бүрийн зүйл хийлгэж байсан болов уу?
-Хүмүүс цор ганц байх зүйлийг хийлгэе гэж ирдэг. Сайн бүтээл гаргахын тулд тэр хүнтэйгээ сайн ярилцаж, тэр бүтээлдээ санааг нь бас шингээж өгөх ёстой. Гэхдээ ихэнхи нь санаа өгдөггүй дээ. Мөнгөн дээрээ их анхаардаг. Гэхдээ хүмүүс санаандаа хүртэл бүтээлээ хийлгэж чадвал мөнгө сонин биш л дээ. Хамгийн чухал нь санаа.
-Таны хувьд хамгийн үнэтэй бүтээл тань юу вэ?
-Миний хамгийн үнэтэй бүтээл бол миний гэрт өлгөөтэй байгаа Чингис хааны хөрөг. Тэрийгээ би сүсэглэж явдаг учраас их дээдэлдэг. Тийм ч сайн бүтээл биш. Гэхдээ тэр хөргийг харж би омогшдог.
-Сийлбэрчин хүний хамгийн гол онцлог юу вэ?
-Нүдний ур, гарын ур, оюуны ур гурав нийлж байж сайн бүтээл гардаг болов уу гэж боддог. Одоо ч ер нь оюуны ур байхгүй болчихоод байна. Дандаа бэлэн бэлдэцээр яваад байдаг. Бүтээл бараа хоёр чинь асар их ялгаатай.
Таны уран бүтээлд улам их амжилт хүсье.