“Арга шагай” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд олон төрлийн арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж дотоодын зэх зээлд нийлүүлж байна. Мөн гаднын улсуудад зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцсоор иржээ. “Арга шагай” компани нь дээлний арьсан бүс, өмдний тэлээ, бүх төрлийн бэлэг дурсгалын зүйл, эмээлийн гөлөм зэргийг үйлдвэрлэдэг юм. Тус компанийн захирал Б.Хонгоршагайтай ярилцлаа.
- “Арга шагай” ХХК хэдэн онд байгуулагдсан бэ. Яагаад арьс ширний салбарт үйлдвэрлэл явуулах болсон бэ?
- Манай компани 2009 оноос хойш арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж байна. Албан ёсны компани байгуулагдаад хоёр жил болсон. Арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа миний сонирхолтой холбоотой.
- Зургаан жилийн өмнө арьс, ширний салбарт үйлдвэрлэл явуулахад ямар бэрхшээл тулгарч байв. Мөн өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь хэр өргөжсөн бэ?
- Мэдээж зургаан жилийн өмнө санхүүгийн эх үүсвэр болон борлуултын тал дээр бид бүгдийг “тэг”-ээс эхэлж байлаа. Харин жил ирэх бүр тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрлэл маань өргөжин тэлсээр байна.
Зургаан жилийн өмнө санхүүгийн эх үүсвэр болон борлуултын тал дээр бид бүгдийг “тэг”-ээс эхэлж байлаа
- Анх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байв?
- Бид анх өмдний тэлээ болон дээлийн бүс хийж борлуулдаг байсан. Харин үйлдвэрлэл маань өргөжиж өнөөдрийн байдлаар бид өмдний тэлээ, дээлний арьсан бүс, эмээлийн гөлөм, бэлэг дурсгалын зүйлс болон цүнх зэрэг гуч төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
- Арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг холбогдох салбар байгууллагуудаас хэрхэн дэмждэг вэ?
- Арьс ширний холбооноос тодорхой дэмжлэгүүдийг үзүүлдэг. Тухайлбал, дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаануудад өргөнөөр оролцуулахын зэрэгцээ зээл санхүүгийн тал дээр ч гүүр болж өгдөг.
Арьс ширний холбооноос тодорхой дэмжлэгүүдийг үзүүлдэг
- Импортоор орж ирсэн арьсаар бус дотоодын арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь танай компанийн бас нэг онцлог. Энэ талаар?
- Тэгэлгүй яахав. Дотоодын арьсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харьцангүй чанартай ба анхны боловсруулалтаар гарч ирдэг учир сунаж, хөлддөггүй. Манай компани арьсаа дотоодын компаниудаас худалдаж авдаг. Тэгэхээр бид жинхэнэ монгол брэндийг үйлдвэрлэдэг.
- Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байна, Экспортод гаргадаг уу?
- Анх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Нарантуул” худалдааны төвөөр борлуулдаг байсан бол Өвөрмонгол, ОХУ руу үзэсгэлэн худалдаануудад оролцохын зэрэгцээ дотоодын хэрэгцээгээ хангаж “Дүнжингарав” худалдааны төв, Мишэл экспо төвд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаануудад оролцож байна. Энэ дашрамд Сар шинийн баяраар импортын бүтээгдэхүүн бус эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглээрэй хэмээн урилаж байна.
“Арга шагай”ХХК
Холбоо барих:88-11-83-70
88-00-37-27