“Масс агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөр энэ удаад Говьсүмбэр аймгийн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй “Мөнх Авзага хайрхан” ХХК-ийн үйлдвэрийг танилцуулж байна. Тус компанийн захирал Х.Мөнхсайхантай ярилцлаа.
-Танай компани 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэсэн. Мужааны цехээ байгуулах санааг анх хэзээ гаргасан бэ?
-Анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө Говьсүмбэр аймагт ирсэн. Модон эдлэлээр тавилга үйлдвэрлэвэл боломжийн санагдаад 2008 онд ирж суурьшиж байсан. Ирэхдээ айлын хашаа байшин түрээсэлж байлаа.
Сум хөгжүүлэх сангаас төслийн зээл авч түүгээрээ хашаа байшин аваад ажилаа эхэлсэн дээ.
Модон эдлэлийн чанарыг хүмүүс таньж эхэлж байна
-Говийн модгүй газар мужааны цех ажиллуулж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Яагаад заавал мужааны цех ажиллуулъя гэж бодсон бэ?
-Говьд мужааны цех ажиллуулж байгаа цөөн тооны хүн бий. Гэхдээ манайх дан модон эдлэл хийдэг. Тэгээд дан модоор хийдэг гэхээр хүмүүс их гайхдаг л даа. Тиймээс ч танай тавилгууд 100 хувь модон эдлэл байж чадах уу гэж асуух хүн ч цөөнгүй гардаг. Тэгэхээр нь бид дан модоор өөрсдийн гараар хийж өгдөг гэхээр хүмүүс илүү сонирхдог нь ажиглагддаг.
Харин материалын хувьд хангайгаас зөөнө. Энэ нь хүндрэлтэй биш. Улаанбаатар хотоос ч материалаа татах бүрэн боломжтой.
-Зардал их гардаг уу?
-Зардлын хувьд их гардаг ч бүр авч дийлж чадахааргүй үнэтэй тусдаггүй.
-Гэрийн тавилгаас гадна сургуулийн ширээ сандал захиалгаар хийдэг гэсэн. Нийт хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ. Өөр газар луу нийлүүлэх боломж бий юу?
-Анх тавилга хийж эхэлж байхад олноороо зарагддаггүй байсан. Бараг сонирхох хүн ч ховор гарч ирж байлаа. Тэгээд бас нойтон биш хатаасан банзаар хийхээр үнэ ч арай өндөр тусдаг тал бий. Тиймээс хэсэг хугацаанд сонирхсон хүмүүс үнэтэй байна гэдэг байсан. Харин одоо хүмүүсийн хандлага их өөрчлөгдлөө. Модон тавилгын чанарыг мэдэж эхэлж байна. Захиалагчийн хүссэн загвар хийцээр чанартай хийхийг хамаг чадлаараа хичээдэг. Үүний үр дүн ч гарсан гэж боддог. Яагаад гэвэл хажуугийн аймгуудаас захиалга их ирдэг болсон.
-Өөр нутгийн хүн таньж мэдэхгүй аймагт суурьшиж ирээд үйлдвэрлэл эрхлэхэд багагүй хүндрэл бэрхшээл гарч байсан байх. Анх хүндрэл бэрхшээл гарч байв уу. Сум хөгжүүлэх сангаас хичнээн төгрөгийн зээл авч байсан бэ?
-Би Өвөрхангай аймагт төрж өссөн. Тэнд ч бас модон эдлэл хийдэг байсан болохоор багаж хэрэгсэл надад байсан болохоор санхүүгийн хувьд надад анх үйлдвэрлэл эрхлэхэд тийм ч их хөрөнгө шаардагдаагүй. Говьсүмбэр аймагт суурьшиж ирэхэд ажлын байрны асуудал хүнд байсан. Тийм болохоор өөрөө хувиараа бизнес эрхэлж, өөрийн гэсэн үйлдвэртэй болъё гэж шийдээд анхны гараагаа эхэлж билээ. Дараа нь Сум хөгжүүлэх сангаас гурван сая төгрөгийн зээл аваад, хашаа байшин худалдаж аваад цехийнхээ байрыг барьсан.
-Зах зээл нь хэр байсан бэ?
-Говьсүмбэр аймгаар мянганы зам дайрч өнгөрдөг, төмөр замтай, ер нь бүх газартай ойрхон ч зах зээл нь өрсөлдөгч багатай байж чаддаг гэж боддог.
-Та хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Нийт таван ажилтантай. Цалингийн хувьд хүн өөрийнхөө ур чадвараараа цалинждаг. Ашгийн орлогын 20 хувиар цалинждаг. Үүнээс илүү 30-40 хувиар ч цалинждаг хүн бий.
-Цаашид үйл ажиллагаа өргөжүүлэх боломж хэр байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихдээ юун дээр анхаарах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Шаардлагатай олон зүйл бий. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого нь эзэндээ бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгаа болов уу гэж боддог.
Миний хувьд цехээ өргөжүүлэх хүсэлтэй. Хэдийг хүртэл жижигхэн байшинд үйл ажиллагаагаа явуулах вэ дээ. Том газарт том цех барих зорилготой байгаа.
-Ингэхийн тулд хичнээн төгрөгийн төсөв хэрэгтэй вэ. Үүнийгээ хэрхэн бүрдүүлэх вэ?
-Би өмнөх зээлээ эргэн төлсөн. Тиймээс дахиад Сум хөгжүүлэх санд хандах бодолтой байна. Ер нь манайх шиг үйлдвэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан орон нутгаас 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой юм билээ.
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд түүнээс гарч буй бүтээгдэхүүний тоо өснө. Тэгэхээр үүнийг борлуулах зах зээл Говьсүмбэр аймагт хэр байгаа вэ?
-Зах зээл сайн байгаа. Бид өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй боллоо. Дахиад илүү чанартай бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдийнхээ тоог нэмэх болно.
Цехийн мужаан Б.Буянтөгөлдөр
-Танай бүтээгдэхүүний давуу тал, онцлог нь юу вэ?
-Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй цэвэр модоор урладаг. Дээрээс нь маш чанартай, загвар хийцийн хувьд хаана ч гологдохгүй бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг. Бас сургуулийн ширээ сандал хийлээ. Ер нь захиалагч бүр ам сайтай байдаг.
Сүүлийн үед хүн бүр их хээнцэр, гоёмсог зүйлийг хүсдэг болсон байна. Бид энэ шаардлагад нийцүүлж ажиллаж байгаа. Ажлын ачааллын хувьд тийм ч их байдаггүй. Нэг том модон шүүгээг 3-4 хоногийн дотор хийгээд, засаад бэлэн болгоод хэрэглэгчийн гарт өгдөг.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын I сургуулийн багш Т.Ариунбаяр
-“Мөнх Авзага хайрхан” ХХК-ийн хийсэн ширээ сандлыг ашиглаж байгаа юм байна. Стандартад нийцэж байна уу?
-Ширээ, сандлын хувьд хүүхдүүд суухад эвтэйхэн, тохирсон бүтээгдэхүүн. Хятадын төмөр ширээтэй харьцуулахгүй шүү. Дээрээс нь нэг ч хадаас ороогүй угсармал бүтээгдэхүүн учраас эвдрэл маш бага гардаг юм билээ. Хятадын төмөр ширээнүүд хэдийгээр шинэ гэж байгаа ч амархан эвдэрдэг. Бас химийн хольцтой хямдхан будгаар будсан учир үнэр их гардаг.