Саяхныг хүртэл манай улс ванн, угаалтуураа зуун хувь импортоор оруулж ирдэг байв. 2012 оноос эхлэн “Монгол ванн констракшн” анх удаа дотооддоо угаалтуур, ванн үйлдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай. Тэгвэл дахин нэг бахархмаар үйл явдал болсон нь үндэсний үйлдвэрлэгчид маань дэлхийд танигдаж эхэллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт оршин суудаг эгэл жирийн монгол залуу гар аргаар ванн үйлдвэрлэж Америк улсад нийлүүлж эхэлсэн байна. Түүнийг Солтангажи Еркинбек гэдэг. Түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Солтангажи Еркинбек гэдэг. Баян-Өлгий аймгийн нэгдүгээр багт эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Улаанбаатар их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн. Одоогоор нутагтаа “Waterwood” гэх гадаадын ванн үйлдвэрлэдэг компанид ажиллаж байна.
Таныг гар аргаар ванн хийж Америкчуудад нийлүүлдэг гэж сонссон. Энэ тухай сонирхуулбал?
Би өмнө нь барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тухайн үед “Waterwood” компанийн захирал Диллер Роус гэх Америк залуу манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байлаа. Диллер Роус надад ванн үйлдвэрлэх компани байгуулах гэж байгаа талаар дуулгаад хамтарч ажиллах санал тавьсан юм. Би түүнээс ванн хийхийг суралцаж цаашид хамтран ажиллах эхлэл тавигдсан даа.
Нэг ванныг 2-3 сарын хугацаанд хийдэг гэсэн. Та ганцаараа загвараа гаргаж, ваннаа хийж байна уу?
Анх Диллер Роустай хамт хийдэг байсан. Диллер Роус бол 10 гаруй жил мужаан хийсэн туршлагатай хүн. Одоо ганцаараа ваннаа хийж байна. Нэг ванныг 2-3 сарын хугацаанд бүрэн хийж дуусдаг. Үүнээс ч илүү хурдан хугацаанд дуусгах боложтой л доо. Гэхдээ хурдан хийх тусам бүтээгдэхүүний чанар мууддаг сул тал бий. Тиймээс ваннаа чанартай хийхийн төлөө бүх зүрх сэтгэлээ зориулан урладаг. Ванныг гар аргаар хийдэг учраас нарийн ур хийц, ажиллагаа их шаардагддаг. Ер нь жилд зургаан ванн бэлэн болдог.
Ваннаа модоор хийж харагдсан. Ямар модоор хийдэг вэ?
Нарс, хус, хуш модоор урладаг. Модоо ОХУ-аас авчирдаг болхоор ванн маань жаахан өндөр үнээр бүтдэг гэсэн үг. Нэг ваннанд 4X5 хэмжээтэй өргөн 14 ширхэг мод ордог .
Үнэ ханшны тухайд сонирхуулбал. Одоогоор Америкт хэчнээн ванн захиалгаар нийлүүлээд байна?
Америк руу гаргадаг үнийг нь хэлэх боломжгүй. Монгол төгрөгөөр гэвэл хэмжээ, хийц загвараасаа шалтгаалан 6-10 сая төгрөгний үнэтэй борлуулагддаг. Америкчууд тав тухтай, чанартай, гар хийцийн зүйлд их дуртай. Манай компанийн үйл ажиллагаа одоогоор жигдрээгүй олон нийтэд сайн танигдаагүй ч Америк руу дөрвөн ванн захиалгаар нийлүүлээд байна. Дотоодын хэрэглэгчид мэдэж эхэлсэн ч үнэтэй гээд захиалдаггүй. Гэхдээ ваннаа илүү таниулах зорилгоор фэйсбүүк хаягаар болон өөрсдийн вэб хуудаст байршуулж эхэлсэн байгаа. Цаашлаад Улаанбаатарын томоохон Их дэлгүүрүүдэд худалдаалахаар төлөвлөж байна.
Таны цаашдын зорилго юу вэ?
Ваннаа трэнд болгож, өөрийн гэсэн ванн үйлдвэрлэдэг компанитай болох зорилготой. Ганц ванн биш модоор айрагны хул, модон аяга, модон эдлэл хэрэглэл үйлдвэрлэхийг хичээж байна.
-Солтангажи Еркинбекийн урласан модон ванн-
Эх сурвалж : www.times.mn