“Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан /2021.04.28/-аар хэлэлцэн баталсан.
Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор дээрх журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулаад ээлжит хуралдаанаараа ийнхүү баталсан.
Дээрх журам хэрэгжиж эхэлснээр “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эх үүсвэр банк бус санхүүгийн байгууллагын салбарт өрийн бичиг татах, бусад хэлбэрээр байршуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болж байна. Мөн нээлттэй болон хаалттай өрийн бичгийн зах зээлийг нэгдсэн удирдлагаар зохицуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, хамтын ажиллагааг уялдуулан тэдгээрийг бүртгэлжүүлэх замаар өрийн бичиг эзэмшигчдийн мэдээллийг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Энэхүү журамтай энд дарж танилцана уу
ЭХ СУРВАЛЖ : САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО