Дундговь /МОНЦАМЭ/. Хөөрөгний даалин бол Монголын ард түмний гар урлалын дуусашгүй өв сангийн нэгээхэн хэсэг бөгөөд эр хүний гангараа төдийгүй энергийн уут юм.
Энергийн уут гэхийн учир нь эмэгтэй хүн бүр үйл урлаж, оёж хатгахдаа хайртай аав, хань, хүүдээ, дүүдээ үргэлж сайн сайхныг бодон, хайрлах сэтгэлээ бүхэлд нь шингээн хийдэг ажээ. Ийнхүү хайраа шингээн урласан дээл хувцас, эдлэлээр гоёсон эр хүн сэтгэл өөдрөг, уужуу тайван, түшигтэй, хайртай хүнийхээ ерөөлөөр ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэдэг.
Энэ л өв соёлыг тээн, бусдад түгээн дэлгэрүүлж, олон бүсгүйчүүдийг хөөргийн даалин урлах тэр л хүслийг нь бадрааж яваа нэгэн бүсгүйтэй ярилцлаа.
Түүнийг Б.Эрдэнэтогос гэдэг. Тэрээр Дундговь аймгийн Хулд сумын харьяат, сувилагч мэргэжилтэй бүсгүй. Харин одоо даалингийн бэлдэц хийх, даалин урлах сургалт, зөвлөгөө өгдөг бизнес эрхэлж байгаа уран эмэгтэй юм.
Түүний урлангаар уншигч олныг аялуулж, бүтээсэн ур хийц, чамин ганган бүтээлүүдээр нь мэлмийг нь мялаая.
-Та сувилагч мэргэжилтэй, аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагчаар ажиллаж байсан. Монголын өв соёлыг хадгалсан энэхүү бизнесээ хэдийнээс эхэлсэн бэ, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна?
-Миний нэрийг Б.Эрдэнэтогос гэдэг. Би сувилагч мэргэжилтэй. Одоогоор “Даалин урлал Тогосоо” нэртэй урланг ажиллуулж байна.
Би Хулд сумын уугуул. Миний эмээ монгол хувцсыг маш сайхан урладаг, өвөө маань мөн уран дархан хүн байсан. Анх 17 настайгаас монгол дээл, хантааз, хошмог нугалж, хүрэм оёдог байсан. Бүр 32 угалзтай 12 ширхэг хүрэм оёсон байдаг.
Нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагч, тарианы сувилагчаар ажиллаж байгаад 2017 онд хүүхэд төрүүлж, эхийн чөлөө аваад гэртээ суусан. Түүнээс хойш даалин урлаж байна.
Монголын ард түмэн үр хүүхэд хойч үедээ үндэсний уламжлалт ардын гар урлалын дуусашгүй өв сангаас заан сургаж, түүний арга ухааныг дамжуулж ирсэн байдаг. Гэхдээ би зүү ороохыг сургуульд байхдаа хөдөлмөрийн багшаараа заалгаж байсан. Тэгээд зөн совингоороо ч гэх үү даалин урласан. Өвөө, эмээгийн минь тэр уран, дархан авьяас надад бас шингэсэн юм болов уу даа.
Даалин бол хамгийн том хүндлэл, эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг энергийн уут гэж ярьдаг. Хэрэглэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөргийн даалин, аяганы уут урлаж өгдөг байсан юм байна лээ.
Анх бэлдэц авч даалин оёх гээд аймгийнхаа дэлгүүрүүдээр бэлдэц хайгаад олоогүй, тэгээд интернэтээр хайж байж олсон. Гэтэл тэр бэлдэц санаанд минь хүрсэнгүй, даалингийн бэлдэц гээд утас, их биенээс өөр материал ирээгүй юм. Өөрөө тааруулж, эсгэж байж анхны даалингаа оёж байлаа.
Тэгээд л би энэ олдохгүй байгаа зүйлийг өөрөө бэлтгээд хүмүүст түгээе, тэгвэл олон эмэгтэйчүүд хөөргийн даалин урлаж, хүндэлж хайрлаж явдаг хүндээ өгөх байх гэж бодсон. Өөрөөр хэлбэл ийм хэрэгцээ, эрэлт байгааг олж харсан.
Хүн өөрийн маш сайн хийж чаддаг ганц л зүйлийг мэдээд, тэгээд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг олж, түүнийгээ тууштай хийх нь амжилтад хүргэдэг гэдгийг ойлгож авсан.
-Бизнес эрхлэгч хүн ашиг олохын тулд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагадад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, байнга сайжруулж, тууштай байх нь үнэхээр чухал. Анх энэ бизнесийг эхэлж байх үеэс өнөөдрийг хүртэл ямар замыг туулав, бизнесийн түүхээсээ сонирхуулаач?
-Хамгийн анх хэдэн метр пүүсүү худалдаж аваад эхний 10 бэлдцийг хийн, эмнэлэг орж, өөрийнхөө хамт олонд аваачиж худалдаж байлаа. Намайг сайн мэдэх хүмүүс маань л тэд нар шүү дээ.
Бэлдцээ эхлээд гэрээр хийдэг байлаа. Хоёр жил ингэж явсан. Эхлээд мэддэг цөөхөн хүмүүс ирж бэлдэц авдаг байснаа, бие биеэсээ сонсоод ирдэг хүмүүсийн тоо нэмэгдээд ирсэн. Тэгээд гэр маань яг л үйлдвэрийн газар шиг замбараагүй болоод ирэнгүүт байр түрээсэлж өөрийн урлангаа нээсэн дээ.
Байраа сонгох нь ч их чухал байсан. Анх надад хамгийн захын өрөө түрээслэх боломж олдсон. Зөвхөн намайг мэддэг хүмүүс л энд орж ирэхээс биш, шинэ үйлчлүүлэгч төдийлөн нэмэгдэхгүй байлаа. Гэтэл манай өрөөнөөс хойшоо хэдхэн алхмын наана алт, мөнгөний дархан байдаг. Тэднийх байнга хүн шаваастай, үйлчлүүлэгч олонтой байдаг байлаа. Тэгээд тэдний үүдний өрөө сулрангуут л би тийшээ нүүж орлоо. Ингээд л миний үйлчлүүлэгч нэмэгдээд ирсэн. Алт, мөнгөний дарханаар үйлчлүүлсэн хүмүүсийн дийлэнх нь л даалин сонирхдог юм байна лээ.
Одоо бол даалин урладаг хүмүүс улам олон болж, тэдний оёх чадвар нь улам сайжирч байна. Тэр хэмжээгээр бэлдцийн чанарыг ч сайжруулах хэрэгцээ гардаг юм. Анх пүүсүүн дээр оёдог байснаа одоо бол 35000 төгрөгийн үнэтэй илүү чанартай материал дээр оёж байна.
Гэтэл хэрэглэгчид маань бүр сайн чанарын япон торгоор даалин урлах санал тавиад байгаа. Тэгэхээр бас нарийн сайн чанарын утас шаардлагатай болдог. Тиймээс удахгүй сайн чанарын япон торгоор бэлдэц хийж эхэлнэ гэж бодож байгаа.
Мөн бэлдцэн дээрх зургийн хээг зурах, хээгээ оёдолдоо тааруулах гэх мэтээр технологи маань илүү нарийн болж байна. Тухайлбал, эсгүүрийг гэрэлтдэг материалаар эсгэсэн нь ажлыг илүү хялбарчилдаг.
Хүн ямар нэг зүйл хийх гээд их хүсч, тэмүүлэхэд материал нь олдохгүй ч юм уу, саад учраад байвал ямар байх билээ дээ. Одоо бол шинээр даалин урлаж сурах гэж байгаа бүсгүйчүүдэд маань анх надад бэлдэц хайгаад олдохгүй байсан шиг тийм бэрхшээл учрахааргүй болсон. 2017 онд олдохгүй байсан тэр бэлдэц одоо улам чанаржиж хэрэглэгчдэдээ хүрч байна.
Зөвхөн манай аймаг төдийгүй бусад аймаг, Улаанбаатараас ч хүмүүс захиалж, хүргэлтээр худалдаж авдаг.
Миний хувьд бэлдэц хийж зарахаас гадна өөрөө даалин, хавтага, энгэрийн зүү, гар утасны гэр, ээмэг гээд зүү ороож юу хийж болохоор байна, бүгдийг л хийхийг хүсдэг. Дээлийн гоёл, бүс хийх нь маш чамин гоё харагддаг шүү.
-Даалингийн бэлдэц хийдэг хүмүүс нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс танай бэлдцийг л худалдаж авах сонирхол нь их байх юм. Хэрэглэгчдээ хэрхэн, яаж татдаг вэ?
-Мэдээж эхлээд материалын чанар байх ёстой. Өөрөөр хэлбэл их бие, дотор, утас гээд өнгө нь уусахгүй, оёход муухай болохгүй сайн чанарын материал байх шаардлагатай.
Би хэрэглэгчидтэйгээ илэн далангүй сайн ярилцаж, харилцаж, эргэх холбоотой байж чаддаг. Тухайлбал, даалингаа ямар албан тушаалын, хэдий хэрийн насны хүнд зориулж оёх гэж байгаа, тэр хүний гадаад төрх, биеийн хэмжээ нь ямар вэ гэхчилэн даалинг хэрэглэх хүний талаар маш олон зүйлийг мэдэж авсны үндсэн дээр материалын өнгө, хээ, загварыг нь сонгодог. Намхан хүн хэт том, урт даалин барих нь эвгүй, биерхүү, том биетэй мөртлөө богинохон, жижиг даалин баривал ямар байхав.
Анх ирж байгаа хүнд зааж сургана, зөвлөнө. Анх ямар материалаас эхлэх, ямар хээ оёх зэрэгт нь зөвлөгөө өгч, сонголтоо хамтарч хийдэг. Даалин оёод сурчихсан хойноо бүсгүйчүүд маань үнэтэй материал дээр оёх нь илүү тохиромжтой, илүү сайхан болдог юм.
Номын зураг дээрээс хээгээ буулгахдаа утсаа уусгаж оёх зайг нь бодолцож, засаж зурж өгдөг. Тэгэхгүй бол гурван давхар утсаар уусгаж оёх болохоор зарим зураасууд нь наалдаад хээний утга учир алдагдах тохиолдол байдаг.
Мөн хээ бүрийн ард нь давхар наалт нааж өгдөг учир хээ нь товойж сайхан болдог, оёход ч таталдаад байдаггүй хялбар байдаг.
Ерөнхийдөө тэр даалин сайхан болох эсэх нь материал болон утасны сонголт, хээ, наалт гээд олон зүйлээс эхэлнэ. Тиймээс л энэ бүгдийг би сэтгэлээ шингээж хэрэглэгчдэдээ хийж өгдөг учраас миний хийсэн бэлдцийг авах тун дуртай байдаг байх.
Түүнээс гадна хавтганд хөвлөг, гоёлыг нь дагуулж өгдөг. Харин даалинд нэрийн хуудас, зүүний хатгуур, гар зүгшрүүлэх материал дагалдуулдаг. Миний эсгүүрээс хаягдал бараг л гардаггүй. Өдийхөн дөрвөлжин өөдөс байсан ч л түүнийг зүүний хатгуур болгож ашигладаг даа.
-Урлангаа маш сайхан тохижуулжээ, яг л урлагийн бүтээл мэт санагдлаа. Мэдээж танайхаар үйлчлүүлдэг хүмүүс гоо сайхны нэг тийм сайхан мэдрэмж эндээс мэдэрдэг байх даа.
-Урлангаа маш сайн тохижуулахыг хичээсэн. Даалингийн хэрэглээ бол өөрөө маш гайхалтай соёл, соёлын өв юм. Тиймээс энэ их соёлын өв, гоо сайхан, тэр тансаг зүйлийг хүмүүст мэдрүүлэхийн тулд тэр орчин нь маш тансаг, тэр уур амьсгалыг бүрдүүлж байх ёстой гэж боддог. Тиймээс өнгөний сонголт, тавилга, тохижилтоос эхлээд урлангийнхаа бүх зүйлийг маш сайн бодож боловсруулж бий болгосон.
Манай урлангаар 18-68 насныхан үйлчлүүлдэг. Бүр эрэгтэй хүмүүс ч ирж үйлчлүүлдэг. 10-аад эрэгтэй байгаа.
Бэлдэц хийхийн хажуугаар даалин доторлох, загасан нуруу хатгах үйлчилгээ үзүүлнэ, өөрөө сурахыг хүсч байгаа хүмүүст ганцаарчилсан зөвлөгөөгөөр зааж сургадаг.
Энд орж ирсэн хүмүүс урлах гэж байгаа бүтээлийнхээ талаар мэдэж байж сэтгэлээсээ сайхан бүтээл гаргана гэж боддог. Тиймээс даалингийн утга учир, зүү ороох, түүний учир холбогдол, хээ угалзны утга учир гэх мэт энэ урлалтай холбоотой бүхий л мэдээллийг байрлуулсан байгаа.
Тэгэхээр зүгээр нэг бүтээгдэхүүнээ зарах нь миний зорилго биш, үнэхээр энэ өв соёлыг илүү олон хүн мэдэж, сэтгэлээсээ ураа хийгээсэй гэж хүсдэг.
Ер нь ч өөрийнхөө даалингийн бэлдцийг “брэнд” болгохсон гэж боддог. Миний хийсэн бэлдцээр хийсэн даалин хаана ч байсан танигдахаар байгаасай гэж л мөрөөддөг юм.
-Саяхан та ОУХБ-ын “Бизнесээ хөгжүүл” сургалтад сууж, маркетинг, материалын худалдан авалт, нөөцийн хяналт, ня-бо бүртгэл, бүтээгдэхүүний өөрийн өртөг тооцох, төлөвлөх гээд маш чухал мэдээллүүдийг авсан байх. Сургалтаас өмнө бүтээгдэхүүнийхээ өөрийн өртгийг тооцож, ашиг орлогоо тодорхойлж байсан уу, сургалтаар олж авсан мэдлэгээ хэрхэн ажил хэрэг болгох вэ?
-Үйлдвэрлэл хийхэд ч бизнесийн олон талын ойлголт, мэдлэг чадвар чухал болохыг ойлгож авсан. Маш сонирхолтой, өгөөжтэй сургалт байсан.
Өмнө нь бүтээгдэхүүнийхээ өөрийн өртгийг нь тооцож байсангүй. Зөвхөн материалынхаа зардлыг тооцоод л ашгаа нэмдэг байлаа. Гэтэл бэлдэц бэлтгэхийн тулд ядаад хээгээ зурах, зөвлөгөө өгөх, наалт наах, зэрэг үйлдэлд ямар их цаг зарцуулж байгаагаа мэддэггүй, түүнийгээ үнэлдэггүй байсан байна. Мөн түрээс, тээврийн зардал гэх мэт зардлуудыг бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээж тооцох ёстой гэдгийг мэдэж авлаа.
Би уг нь бүх зүйлээ дэвтэрт тэмдэглээд явдаг л даа. Харин одоо бол орлого зарлагаа хэрхэн бүртгэж, ашиг орлогоо тодорхойлж, баланс гаргахыг мэдэж авсан. Тэгэхээр цаашид өөрийгөө улам хөгжүүлнэ ээ.
-Таны бүтээлүүдийг хэд хэдэн үзэсгэлэн худалдаанаас харж байсан. Ийм сайхан бүтээл урладаг бүсгүйн амжилтыг сонирхъё гэж бодож байна. Ямар ямар уралдаан тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?
-2019 онд МЭХ-ны Дундговь дахь салбараас “Говьд гялтганах хүн-Эрдэнэ”-ээр өргөмжлөгдөж, МЭХ-ны хүндэт тэмдгээр шагнуулсан. Энэ надад их урам өгсөн. Авсан шагналаасаа илүү намайг өргөмжилсөн энэ нэр ямар ч шагналаас илүү маш сайхан санагдсан.
Мөн 2019 онд “Алтан утасны эзэн”-ээр шалгарч, 2020 онд “Дундговь-Түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож, гар урлал, бэлэг дурсгалын төрлөөр тэргүүн байр эзэлсэн.
2020 онд болсон Бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцоод бүтээл маань тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналаар шагнуулж байлаа.
Өнгөрсөн онд JCI ТББ-аас зохион байгуулсан “Өрх” төсөлд аймгаасаа сонгогдон оролцож, Улаанбаатарт үзэсгэлэнд оролцон сургалтад хамрагдсан. Энэ төслийн хүрээнд бүтээгдэхүүнийг маань худалдаж авдаг. Цаашдаа даалин урладаг бүсгүйчүүдийнхээ урласан бүтээлийг урлангаараа дамжуулан худалдан борлуулах боломж байгаа.
Энэ ташрамд бэлдцийг минь худалдан авч, хайртай аавдаа, ханьдаа, ахдаа, хүүдээ сэтгэлээ шингээн даалин урлаж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа үйлчлүүлэгчдэдээ баярлаж явдгаа илэрхийлж, амжилт хүсье. Бүтээл бүр нь эр хүнийг чимж, эрч хүч, энерги түгээж байг хэмээн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа. Өв соёлоо түгээх үйлст нь амжилт хүсье.
Эх сурвалж: Монцамэ.МН