Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар барилгын салбарынхантай уулзлаа. Энэ үеэр барилгын салбарынхан тулгамдаад байгаа суудлаа хэлж, шийдвэрлэж өгөхийн хүсэв.
-Монгол базальт компанийн ерөнхий захирал Л.Ариунболд: Сүүлийн арван жилд барилгын угсралт бүтээн байгуулалт 10.3 дахин нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад зардал 4.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тэгэхэд үүнээс боловсруулах үйлдвэрийн салбарт оруулж буй жин ердөө 6.4 хувь буюу арван жилийн хугацаанд 2,5 хувиар буурсан байна. Сүүлийн таван жилд хоёр том цементийн үйлдвэр ашиглалтад орчихоод байхад үйлдвэрийн салбар 2.5 хувиар буурчээ. Бид цаашид боломжийн барилгын бүтээн байгуулалт, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтийг хийе гэвэл боловсруулах үйлдвэрийн салбарт илүү анхаарах хэрэгтэй. Монголд аливаа нэг үйлдвэрлэл хөгжүүлэхэд бүгдийг өөрсдөө хийх хэрэггүй. Мэдээж өөрсдийн харьцангуй давуу тал болон заяагдмал давуу талаа ашиглах ёстой. Харьцангуй давуу тал гэдэгт байгалийн баялаг орно. Эрдэс түүхий эдээс цемент, дулаалгын материал хөнгөн бетон гээд нэлээд томоохон бүтээн байгуулалтын суурийг хийж болно. Ойрын жилүүдэд арматураа дотооддоо хийчихвэл боловсруулах үйлдвэрийн салбарт том өөрчлөлт авчирна. Үйлдвэр бол худалдаа наймааг бодвол гэнэт үнээ нэмээд хасдаггүй. Жилийн 365 хоногийн ядаж 350 хоногт нь тогтвортой ажиллаж байж үнэ өртөг хямдрах боломж нээгддэг. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол хөшүүрэг, том худалдан авагч нь төр өөрөө юм. Барилгын салбарын 2019 оны үзүүлэлтийг харахад, Монголоос авах боломжтой бүтээгдэхүүнийг аваагүйгээр зөвхөн 600 орчим тэрбум төгрөгийг импортын худалдан авалт хийсэн байна. Гэтэл 600 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодоос хийсэн бол тэр хэмжээгээр боловсруулах үйлдвэрт нэмэртэй байсан. Тэгэхээр тендерийн хуульд хоёр шатны өөрчлөлт оруулмаар байна. Нэг нь 2020 оны татварын өглөг, авлагад тодорхой болзол тавиад нийт активын хэдтэй тэнцэж байвал тендерт орох боломжтой юм. Хоёрт, боловсруулах, үндэсний үйлдвэрээ дэмжихийн тулд давуу эрхийн оронд үнэхээр чанар стандарт тэнцэж байвал шууд худалдан авалт хийх хэрэгтэй. Жишээ нь, ТЭЦ-4 сүүлийн таван жил ямар ч тендергүйгээр манай бүтээгдэхүүнийг хулалдан авч болж байна. Яагаад гэвэл орлуулах бүтээгдэхүүн байхгүй. Гэтэл Эрдэнэт үйлдвэр жил болгон найман тэрбум төгрөгийн дулаан цахилгаан, хүчний материалын тендер зарлахад 200-300 саяыг л бид авч байна. Үлдсэн долоон тэрбумыг улс төрийнхөн, гишүүдийн хамаарал бүхий компани авч байна. Энэ шударга биш байна шүү дээ. Бид бизнесээ томруулахын тулд заавал төлөөний хүнээ Засгийн газрын бүтцэд эсвэл УИХ-д оруулж, тэнд оффистой болох ёстой юм уу. Ингэвэл бизнес томорч, тогтвортой ажиллаад байх шиг. Тэгэхээр энд сууж буй бүх хүмүүс УИХ-д дэвшвэл энэ улс орон яах юм. Бид ажлаа хийгээд өөрийн сайхан мөртэй амьдрахыг хүсч байна. Гэтэл зах зээл, өрсөлдөөн өөрөө шударга биш байна. Мөн томоохон бүтээн байгуулалтыг хийхэд үндэсний үйлдвэрлэлд хамгийн том дарамт НӨАТ. Бүх үндэсний үйлдвэр, барилгын салбар НӨАТ-ын өрөнд орлоо. Өнөөдөр цемент боловсруулах үйлдвэрийн салбарын НӨАТ-ыг хоёр хувь, адилхан ижил төстэй бүтээгдэхүүн зардаг хүн 10 хувь төлж байхад их том дэмжлэг болно.
-Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан: Дэлхий даяар хүн болгон зээлтэй, санхүүгийн дарамттай байдлаар хувийн орон сууцаа сонгодог хэлбэр руу шилжиж байна. Тэгэхээр бид энэ хөтөлбөрийн хажуугаар түрээсийн орон сууцны хэлбэр руу орох хэрэгтэй байна. Зах зээлд баригдаж байгаа нийт орон сууцны 50 хувийг түрээсийн орон сууц хэлбэрт оруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрсөн хоёр жилийн турш манай барилгын үндэсний ассоциаци анхаарч, 5-6 компани санаачилсан түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Товчхон хэлэхэд, түрээсийн орон сууцны сан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид төр, хувийн хэвшлийн хэлбэрийг сонгоход “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” гээд аятайхан механизм байна. Энэ хэлбэрийг ашиглавал нэг талаас нээлттэй ил тод, нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хоорондын түншлэлийг хяналтын механизмаар зохицуулах боломжтой. Үүнийг дэмжээд явахад нэлээд амжилттай төсөл болно гэж бодож байна. Хоёрт, бид өнөөдөр төсөл хөтөлбөрүүд ярьж байгаа ч санхүү ярихгүй байгаа. Өнөөдөр валютын ханш, евро, долларын өсөлт бүрээс монголчууд тэр тусмаа бизнес салбарынхан алдагдал хүлээсээр ирсэн. Жишээлбэл манай компани гадаадын санхүүжилттэй зарим нэг төсөл хэрэгжүүлэхэд тэр төслийн төлбөрийг валютаар төлдөг. Ингээд төлөөд явж байх хугацаанд байнга монгол төгрөгийн ханшийн эрсдэл буюу уналтаар зөрүүгээ төлөөд явсаар байтал том алдагдал үүрч байна. Гэтэл бидний борлуулалтыг Монголбанкны валютын зохицуулалтын хуулиар “Та валютаар хүнтэй гэрээ хийж болохгүй гэсэн хуультай”. Хэрэв энэ хууль байгаа бол Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой бариач. Хэрэв Монголбанк төгрөгийн ханшаа тогтвортой байлгавал бид нар энэ хуулийг баръя. Хэрэв чадахгүй бол энэ хуулийг мөрдөх нь санхүүгийн хувьд ялангуяа хувийн хэвшил маш том алдагдал хүлээж байна. Энэ хөтөлбөрүүд амжилттай болохын нэг суурь нь валютын зохицуулалтын хууль буюу монгол төгрөгийн ханшны тогтвортой байдал юм шүү.
-Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Хотын зүгээс нэлээд шүүмжлэлтэй зүйлс байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж ирсэн хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, хотын газар зохион байгуулалттай холбоотой олон асуудлууд ар араасаа гарч байна. Үүнийг цэгцлэх ёстой. Ялангуяа газартай холбоотой асуудлыг маш сайн зохицуулж байж дунд нь хийдүүлдэг, завшуулдаг, барилгын үнийн өсөлтөд нөлөөлдөг өртөг нэмэгддэг эдгээр зүйлст хотын удирдлагууд нэлээд чанга арга хэмжээ авах болно. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлж, Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулсан зөв төлөвлөлттэй ажлыг явуулах ёстой. Түүнчлэн барилгын зөвшөөрөл уддаг, уядаг асуудал гардаг. Ажлаа авснаас хойш тодорхой хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд гацаад байгаа газар болон барилгын зөвшөөрлийг богино хугацаанд шийдэж, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түргэсгэ, хурдасга гэдэг үүднээс байнгын шаардлага тавьж ирсэн. Энэ хугацаанд 57 хоногийн процесстой барилгын зөвшөөрөл, газрын сунгах болон нэршил өөрчлөх ажлыг 14 хоног дотор багтаан шийддэг болголоо. Хурдсаад эхлэхээр бас зовлон гарсан. Та бидний нүдэнд харагдахгүй нүдэнд үл үзэгдэгч хар гарууд байна аа. Юмыг нь өгсөн учраас ингээд хурдан яваад байгаа гэх. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниуд үүнд анхаарах ёстой. Та хэд бас үл үзэгдэгч гаруудыг хөгжөөхгүй байхыг хүсэж байна. Би бас шахаад өгье . Тал талдаа хариуцлагатай хандъя. Ганц хотын захиргаа ажиллаад 20-30 жил болсон ужгирсан зүйлтэй тэмцэнэ гэдэг амаргүй. Би өөрөө бизнесийн байгууллагаас орж ирсэн. Хувийн хэвшил ямар хүнд байдалд ажилладгийг мэддэг. Энэ утгаараа хувийн хэвшил тэр дундаа барилгын салбарыг бүх талаас нь дэмжинэ. Надаас шаардагдах зүйл байвал, манайхан удааж байвал, манайхан янз бүрийн байдлаар тэр үл үзэгдэгч хар гарууд юм нэхээд байвал шууд надад хандаж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
Эх сурвалж: http://itoim.mn/