УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилохоор нэр дэвшүүлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Б.Бейсен: Цар тахлын нөхцөл байдал хүндэрлээ. Цар тахлын эсрэг ямар бодлого баримталж ажиллах вэ. Ховдод л гэхэд халдвар илрэхэд орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Нэг жилийн хугацаанд бэлтгэчхээд орон нутагт эмчилж болохгүй гэж байна. Мэргэжлийн сайдыг Засгийн газарт ажиллуулах уу. Багш, эмч нарын цалинг нэмэх үү.
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол зөвхөн Монголд байгаа асуудал биш. 2009 оны дэлхийн хямралаас гурав дахин их хүндрэл үүсэж байгаа гэсэн байна лээ. Бидний хувьд хамгийн түрүүнд ард иргэдээ вакцинжуулах ажилд анхаарч байна. Үүнд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд сайн ажилласан. Вакцинжуулалтыг эрчимжүүлснээр эдийн засгаа аварна гэж үзэж байгаа. Эдийн засгаа аврах, хүн амаа вакцинжуулах ажилд онцгой анхаарна. Үндсэндээ 430 мянган хүний ажлын байранд эрсдэл үүссэн. Тиймээс Засгийн газраас ажил олгогч, хувийн хэвшлээ онцгойлон анхаарч, өмнө нь авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээгээ хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: http://eagle.mn/