ББДХ-ны 21 аймаг дахь төлөөлөл ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах дэд хороонд орж, ажиллаж эхэллээ
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулах журам батлагдаж, энэ сарын 27-оос төсөл хүлээн авч эхлэх юм. Шинээр батлагдсан журамд албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс завших боломжийг хязгаарласнаас гадна ил тод байх зарчмыг гол болгосон байна. Түүнчлэн ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд зээлийг шударгаар сонгох зарчмыг баримтлахын тулд төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь хэний ч мэдэхгүй салбарын бус Төрийн Бус Байгууллага биш харин ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан ТББ-ийн төлөөлөл байхаар тусгаж өгчээ.
ЖДҮХС-ийн зээл, төсөл сонгон шалгаруулах журамд ийнхүү өөрчлөлт орсонтой холбоотойгоор 120 гаруй мянган гишүүнтэй 21 аймагт салбар нэгжтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо тус зээлийн хороонд орж, Баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хамгаалах хүсэлтээ илэрхийлээд байна.
ББДХ-ны хувьд ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөлд Баялаг бүтээгчдийн санаа бодлыг тусгаж ажилласнаас эхлээд ЖДҮХС-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэхэд онцгой анхаарч, сүүлийн жилүүдэд хяналт тавин, асуудал дэвшүүлсээр ирсэн. Тасралтгүй зохион байгуулсан дээрх ажлууд нь ЖДҮХС-ийн үйл ажиллагааг сайжруулахад багагүй нөлөө үзүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хороонд орж ажиллах хүсэлтээ өгөөд байгаа бол 21 аймаг дахь салбар хорооны төлөөллүүд төсөл сонгон шалгаруулах дэд хороонд гишүүнээр орж ажиллаж эхлээд байна. Тодруулвал, Дархан-уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Архангай, Хэнтий зэрэг 10-аад аймгийн төлөөлөл ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны гишүүнээр сонгогдож орж ажиллаж эхэлсэн бол бусад аймгийн төлөөллүүд харьяа аймгийнхаа ЗДТГ болон Хөдөө Аж Ахуйн газруудад хүсэлтээ хүргүүлээд байна.
ЖДҮХС-аас дээд тал нь 1 тэрбум доод тал нь орон нутагт 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох юм. Энэ жилийн тухайд шинэ журмын дагуу 47 тэрбумын зээлийг олгохоос 20.5 тэрбумыг орон нутагт, 26.5 тэрбумыг нийслэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно.
Ийнхүү ЖДҮХС-ийн зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлж байна. Цаашдаа тус сангийн зээл жинхэнэ үйлдвэрлэгчиддээ, баялаг бүтээгчиддээ очдог байх нөхцлийг шинэ журам олгоно гэж найдаж байна. Хамгийн гол нь дээрх төслүүдийг сонгон шалгаруулахад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулснаар зээл жинхэнэ эзэддээ хүрэх, эргээд хяналт тавихад чухал нөлөө үзүүлнээ гэсэн хүлээлт байна.