Газар тариалангийн салбарт тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцох, хамтран ажиллах чиглэлээ тохирох зорилгоор өчигдөр (2018.12.20) БНХАУ-ын Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх зөвлөлийн дарга Шень Шин тэргүүтэй төлөөлөгчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Төлөөлөгчдийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан нарын холбодох албаны хүн хүлээн авч уулзан, Монгол Улсын газар тариалангийн салбарын хөгжил, авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнийхээ талаар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс тариалангийн үйлдвэрлэлийг баруун, зүүн бүсэд сэргээн хөгжүүлэх, “Атрын 3” аяныг үргэлжлүүлэх, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, сэлгээнд тэжээлийн ургамал тариалах, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх зэрэг бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд 2018 онд газар тариалангийн бүс нутгийг тогтоож, хашаажуулах, ойн зурвас татах ажлыг эхлүүлээд байгаа юм.
БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийн тухайд хүлэмжийн аж ахуйг байгуулах, хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, тус аж ахуйг төрөөс хэрхэн дэмждэг талаар асууж тодруулж байлаа. Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, ажиллах хүч, шинэ үр, сорт туршиж, нутагшуулах арга хэлбэр, ургамал хамгааллын бодисын хэрэглэх журам зэрэг нарийн тодорхой асуудалд төвлөрч ярилцсан.
Сүүлийн үед хэрэглэгчид жилийн дөрвөн улиралд дээд зэргийн амт, чанартай, шинэ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх сонирхолтой болсон. Тиймээс хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хэрэгжүүлэхэд хэд хэдэн таатай нөхцөл бүрдээд байна. Засгийн газраас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах зорилт дэвшүүлэн тавьсан бөгөөд өвлийн улиралд /11 сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл/ хүлэмжийн аж ахуйн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан уг аж ахуйг хөгжүүлэх багагүй дэмжлэг юм.
Мөн хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортлоход НӨАТ-аас чөлөөлж байгаагийн зэрэгцээ дотоодод үйлдвэрлэсэн хүнсний ногоог НӨАТ-аас чөлөөлж, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг орлогын албан татвараас 50 хувь, экспортын гаалийн татвараас 100 хувь чөлөөлсөн зэрэг татварын бодлогоор тууштай дэмжиж байна. БНХАУ нь газар тариалангийн өнө эртний уламжлалтай, өндөр хөгжсөн дэвшилтэт технологитой тул энэхүү технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй талаар талууд санал солилцлоо.