Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 сарын 17-21 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж байгаа юм.
Мишээл экспо төвд болох нэгдсэн арга хэмжээг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын худалдааны төв, ТРАМ төслүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхан болон бусад бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа болохоос гадна дараах хэлэлцүүлэг, семинар, танилцуулга болохоор товлогджээ.
Арга хэмжээний нээлт аравдугаар сарын 18-ны Пүрэв гарагт болох бөгөөд нээлтэд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож, "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус болох юм. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүн, "Монгол экспорт" хөтөлбөрийн танилцуулга хийнэ.
Мөн энэ өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт" төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцаа төсөл хамтран "Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний чанар, стандарт" семинар болно. Семинарын хүрээнд дээр дурдсан төслийн үйл ажиллагааны явц, Монголын хаан ширхэгтийн танилцуулга, чанарын тогтолцоо, эцсийн бүтээгдэхүүний стандартын санал, бүтээгдэхүүнд хийсэн чанарын хяналт зэрэг асуудлыг танилцуулах юм.
Аравдугаар сарын 19-ний Баасан гарагт “Экспортын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг төсөл хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлгээр "Монгол экспорт", "TРАМ", "Монгол Улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг" зэрэг төсөл, хөтөлбөрийг танилцуулж, ноос, ноолуур, арьс шир, хүнсний экспортод тулгамдаж буй асуудал, аялал жуулчлалын салбарын экспортыг хөгжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Аравдугаар сарын 20-ны Бямба гарагт “Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа” сэдэвт семинар болно. Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт-малын эрүүл мэнд”, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт төсөл, Step eco lab төсөл тус тус танилцуулгаа хийж, оролцогчдын асуултад хариулт өгөхөөр хөтөлбөрт тусгагджээ. Энэ өдөр мөн Монголын ноос, ноолуурын холбоо, Канад Улсын Элчин сайдын яамнаас “Хөнгөн үйлдвэрийн салбар ба эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аравдугаар сарын 21-ний Ням гарагт “Гутлын үйлдвэрлэл” сэдэвт семинар, "Сарлаг, ямааны арьсыг эко технологиор боловсруулж гутал үйлдвэрлэх боломж" танилцуулга тус тус болно. Уг арга хэмжээнүүдийг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцааны төсөл хамтран зохион байгуулна.
Эх сурвалж: www.mofa.gov.mn