“21 дүгээр зууны Ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын хурал өнөөдөр нийслэл дэх Улаанбаатар зочид буудалд эхэлсэн. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Дэлхийн нийгмийн сан, IRIM судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн хуралд гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж байгаа юм.
Иргэний нийгмийн байгууллагуудыг бүртгэдгийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж дэд сайд Б.Энхбаяр “Төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрээр, “Иргэний нийгмийн байгууллагын хяналт, оролцоо хүчтэй байхын хэрээр төрийн зүгээс нийгэм болон иргэний өмнө хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх нөхцөл бүрддэг болохыг олон улсын туршлагаас харж болно. Манай улсын хувьд Үндсэн хуульдаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг тунхаглаж, 1997 онд Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг батлан мөрдүүлсэн. Өнгөрсөн 20 жилд их өөрчлөлт гарсан. 1998 онд улсын хэмжээнд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2017 оны байдлаар 18325 болж өссөн байна. Энэ оны байдлаар Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд дээрх ТББ-ын 51.5% буюу хоёр байгууллага тутмын нэг нь идэвхгүй буюу үйл ажиллагаа нь зогсонги байна. Тэдгээр ТББ-ын 5437 огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Үүнээс дүгнэхэд манай улсын хувьд иргэдийн эвлэлдэн нэгдэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхийн баталгаа болсон ТББ-уудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа мэт боловч бодит байдалд эрх зүйн зохицуулалтын сул байдлаас шалтгаалан олон бэрхшээлтэй асуудал байсаар байна” гэв.
Дэд сайдын хэлж буйгаар, Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлт нь ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бус харин салбарын бусад хууль шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байжээ.
Тухайлбал, 1998 онд Татварын ерөнхий хуулийн, 2002 онд Иргэний хуулийн, 2003, 2015 онууд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн, 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчлэл болон 2016 онд Төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулан тус тус нэмэлт, өөрчлөлтийг Төрийн бус байгууллагын тухай хуульд оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийн хувьд тухайн салбарын хуулийн хэрэгцээг харснаас бус ТББ-ын үйл ажиллагааны онцлогийг харгалзаагүй, зарим нэг өөрчлөлт нь нөхцөл байдлыг дордуулжээ. Тодруулбал, 1998 онд Татварын ерөнхий хуультай уялдуулан тус хуулийн 21 дүгээр зүйлд заасан ТББ-уудад татварын хөнгөлөлт үзүүлэх, 22 дугаар зүйлд заасан хандивлагчдад албан татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг хүчингүй болгосон хэдий ч Татварын ерөнхий хуульд ТББ-тай холбоотой тусгайлсан зохицуулалт тусгаагүй байна. Түүнчлэн 2002 онд батлагдсан Иргэний хуультай нийцүүлэх талаар зохицуулалт хийгээгүйгээс ТББ болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хэлбэрүүдийн хооронд зөрүүтэй байдал үүсч, улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд төрийн бус байгууллагын хэлбэр болон үйл ажиллагааны чиглэлийг хольж бүртгэх, ойлголт, нэр томьёоны хэрэглээний хувьд ойлгомжгүй байдал үүсгэсэн байна.
21 дүгээр зууны Ардчиллын цаашдын хандлага, сорилтуудыг хэлэлцсэн олон улсын хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ноцтой дүгнэлтүүд хэлж байна лээ.
Тэрээр, “Монголд улс төр, шашны байгуулага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч “ТББ” гэх нэрийг хэт хавтгайруулан хэрэглэх болсон. Энэ нь төр, ТББ-ын хамтын ажиллагаа, харилцан хяналтыг хуулийн хүрээнд үр дүнтэй зохицуулахад бэрхшээл учруулах болжээ. ТББ-ыг дэмжсэн тогтвортой санхүүжилтийн орчин бүрдэж чадаагүйн улмаас Монголын иргэний нийгмийн байгууллагууд нь санхүүгийн эх үүсвэрээр дутагдаж ирсэн.
2011 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр ТББ-ын нийт санхүүжилтийн 3.9 хувь нь гишүүний татвар, 21.4 хувь нь хандив, 67.7 хувь нь олон улсын санхүүжилт, 7 хувь нь бусад эх үүсвэрээс гэж гэж тодорхойлсон байна. Харамсалтай нь 2011 оноос хойш энэ талаар харьцуулахуйц судалгаа, мэдээлэл байхгүй ч энэ нөхцөл байдал хэвээр байгаа талаар ТББ-ууд илэрхийлж байна.
Энэхүү эрх зүйн зохицуулалтын хийдэлтэй байдал нь ТББ-уудын идэвхитэй ажиллах боломжийг хязгаарлах төдийгүй санхүүжилтийн хувьд гадаад улс, донор байгууллагын хараат болгох, улмаар мөнгө угаах, терроризмын үйл ажиллагаанд оролцох магадлалтай хэмээн хардах зэргээр нийгмийн зүгээс үл итгэх хандлагыг бий болгоход нөлөөлж байна” гэсэн юм.
Салбарын яамнаас мэдээлж буйгаар, 2017 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ТББ-ын 86% нь нийгэмд үйлчилдэг ТББ (НҮТББ), үлдсэн 14% нь гишүүддээ үйлчилдэг ТББ (ГҮТББ) байна. Үүнээс гадна төрийн бус байгууллагатай холбоотой эрх зүйн зохицуулалтын хүрээнд хөндөгдөж байгаа нэг багц асуудал нь ТББ-д үзүүлэх төрийн дэмжлэг бөгөөд гол хэлбэр нь төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх болон тэдгээрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нийтэд тустай буюу онцгой шаардлагатай хэсгийг тодорхой татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах, төрөөс татаас олгох хэлбэрээр дэмжих зохицуулалт юм. Манай улсын хувьд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх буюу төр, ТББ-ын хамтын ажиллагаа нь Төрийн бус байгууллагын тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар эрх зүйн хувьд нээлттэй. Гэвч энэхүү хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй (тавигдах шаардлага, сонгох шалгуур, хяналт тавих нийтлэг журам байхгүй), ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрөл, хүрээ тодорхойгүйгээс бодит байдалд төрөөс ТББ-уудад төр, хувийн хэвшлийн түншлэлтэй адилтган үзэж шалгуур тогтоох (ашгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тавигддаг стандартыг ТББ-аас шаарддаг), арга хэмжээний дийлэнх хувийг байнгын бус нэг удаагийн шинжтэй гарын авлага, мэдээлэл боловсруулах, сургалт зохион байгуулах зэргээр хязгаарладаг, салбар бүрт ялгамжтай байдлаар тогтоодог зэрэг нь ТББ-уудын хувьд бодит дэмжлэг болж чаддаггүй байна.
Иймээс Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт энэ төрлийн харилцааг бүхэлд нь зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар бусад хуулиудтай зөрчилдөж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих чиглэлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Ингэхдээ Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэхдээ дараахь зарчмуудыг тусгана гэдгийг Дэд сайд Б.Энхбаяр хэлсэн.
Нэгт: ТББ-уудын төрөл, хэлбэр, тавигдах шаардлагыг оновчтой тогтоож, хуулийн үйлчлэх хүрээг ашгийн бус бусад байгууллагатай холбоотой харилцаанаас ялган тодорхойлох;
Хоёрт: төрөөс иргэний нийгмийн хөгжлийн дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг үүрэг бүхий “Иргэний нийгмийг дэмжих зөвлөл”- ийг байгуулах эрх зүйн үндсийг тогтоох;
Гуравт: ТББ-ын нөөц, санхүүжилтийг тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлох;
Дөрөвт: ТББ-д үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг нэгдсэн журмаар татварын хууль тогтоомжид тусгах, нийтэд тустай үйл ажиллагааны төрөл, хэлбэр, төрийн зарим чиг үүргийг ТББ гэрээлэн гүйцэтгэх буюу төр, ТББ-ын хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тогтоох;
Тавд: ТББ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч санхүү, татвар, үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргах, олон нийтэд нээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.