Говьсүмбэр аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих салбар хороо зөвлөгөөнөө хийж тэргүүлэгч гишүүдээ сонголоо. Зөвлөгөөний үеэр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын төлөөллийг оролцуулах талаарх хуулийн тогтоолыг салбар хорооны дарга Д.Отгонбаярт гардуулсан юм.
Анх 2015 оны 11 дүгээр сарын 11 Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Говьсүмбэр аймгийн салбар хороо байгуулагдаж байсан бөгөөд өдгөө үндэсний үйлдвэрлэгчдээдэмжин ажиллаж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үр өгөөжөө өгч буй талаар аймгийн үйлдвэрлэгчид ярьж байсан юм.
Говьсүмбэр аймгийн Салбар хорооны дарга Д.Отгонбаяр
Тэргүүлэгч гишүүдээ сонгочихсон учраас юун түрүүнд 2016 оныхоо шинэ ажлыг ярилцаж батална. Салбар хороон даргын хувьд ч урьдчилан тооцоолсон, төлөвлөсөн ажлууд ч байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, ХАА-н газар, Хөдөлмөрийн хэлтэсүүдтэйгээ хамтран 2016 онд хийх ажлынхаа ерөнхий чиг шугамыг ярьж тохирсон байгаа. Энэхүү төлөвлөсөн ажлын дунд, Хөдөө аж ахуйн салбартай хамтран мал нядалгааны төвлөрсөн цэг байгуулах, үүнтэй холбогдуулж Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах тал дээр ярилцсан байгаа. Энэ мэтчилэн баялаг бүтээгчдээ дэмжин ажиллах тал дээр үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах болно.
Тэргүүлэгч гишүүн, “Сүмбэр буянт” ХХК-ийн захирал Г.Давааням
Юун түрүүнд баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана. Бид бүгдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүнийг зөвхөн аймаг гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрт түгээн таниулах тал дээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Ер нь хамгийн чухал нь орон нутгийн болоод үндэсний үйлдвэрлэлээ нэн түрүүнд дэмжин ажиллана гэсэн зорилготой ажиллах болно.
Тэргүүлэгч гишүүн, "Уламж тэмүүлэл" ХХК-ийн захирал Т.Наранцэцэг
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог бол маш их талархан дэмжиж байгаа. Тиймээс уг холбооны аймгийн салбар хорооныхоо тэргүүлэгч гишүүнээр сонгогдсондоо ч баяртай байна. Тэргүүлэгч гишүүд бид хамгийн түрүүнд татварын шинэчлэлийн бодлого болон ажил олгогч хүмүүсийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж болно. Мөн жижиг аж ахуй нэгжүүдийг босож чадахгүй болтол нь дарж байгаа нэг зүйл бол татварын асуудал. Үүн дээр баялаг бүтээгчдийнхээ өмнөөс дуу хоолой нь болон ажиллах төлөвлөгөө, зорилготой байна.
Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Говьсүмбэр аймгийн салбар хороо шинэ гишүүдээр бүл нэмсэн юм.
“Чойр Хайрхан” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дарга Л.Одбаяр
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэндээ баяртай байна. Манайх Чойр Хайрхан нэртэй компаниар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ холбоонд гишүүнээр элссэнээр цаашид олон төрлийн баялаг бүтээгчидтэй туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Өрхийн үйлдвэрлэгч О.Одонгэрэл
Миний хувьд мөнгөн эдлэлээр эд зүйлс хийж эхэлж байгаа. Ихэвчлэн хөдөөний малчдын хэрэгцээнд тохирох эмээлийн хазаар зэргийг хийдэг. Тиймээс шинээр баялаг бүтээж буй иргэн учраас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэндээ баяртай байна.