2016 оны шилдэг зохион бүтээгч Ц.Бумцэнд 40 гаруй шинэ санаа үйлдвэрлэлд нэвтрүүлжээ
“Энэ тогоог манайх 300 ширхгийг үйлдвэрлэсэн. 40 литрээс эхлээд 250 литрийн багтаамжтай. Одоо агуулахад 70 ширхэг үлдчихээд байна. Миний зохион бүтээсэн технологийн хамгийн үнэ цэнэтэй нь гэж болно. Батлан хамгаалах яамныхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, миний зохион бүтээж, үйлдвэрлэсэн “Номуунзаяа” олон үйлдэлт цахилгаан тогоог цэргийн ангиуддаа худалдаж авсан. Энэ тогооны загвар технологийг би долоон жил тархиндаа боловсруулсан. Нэг шинэ бүтээгдэхүүний загвар гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чамгүй урт хугацаа зарцуулдаг” хэмээн ярих эрхэм бол “Чиглэл” компанийн захирал, 2016 оны шилдэг зохион бүтээгч Ц.Бумцэнд. Тэрбээр 40 гаруй шинэ санаа үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дархан хүн бурхан ухаантай гэж монголчууд ярьдаг. Та их олон гэрчилгээ, патенттай юм байна. Шинэ санаа үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэдэг амаргүй байх, тийм үү?
-Аравдугаар ангиа төгсөөд Худалдааны техникумын механикийн ангид элссэн. Ингээд 1979 онд тоног төхөөрөмжийн механикч мэргэжил эзэмшсэн. Ер нь их сониуч хүүхэд байлаа. Элдэв юмыг заавал эвдэлж, хэмхэлж үздэг. Энэ сонирхол маань зохион бүтээгч болоход нөлөөлсөн болов уу. Тоног төхөөрөмжийн механикчийн мэргэжил эзэмшсэнээс хойш 39 дэх жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 40 орчим шинэ санаа үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Хамгийн сүүлд хийсэн зүйл маань “Номуунзаяа” олон үйлдэлт цахилгаан тогоо, мөн дөрвөн ширэмтэй, дуковтой цахилгаан зуух, хий цахилгаан хосолсон зуух байна. Яагаад олон үйлдэлт цахилгаан тогоо гэж хэлээд байна вэ гэхээр сүү хөөрүүлж, тараг бүрж бас бүх төрлийн хоол хийдгээрээ давуу талтай. Энэ тогооны гадна, дотор тал нь цул ган. Худалдааны тоног төхөөрөмжийн газар ажиллаж байхдаа 18 нэр төрлийн шинэ бүтээл оновчтой санааны тохирлын гэрчилгээ авч байлаа. Зах зээлд шилжсэнээс хойш хийсэн зарим бүтээлийнхээ гэрчилгээг авч чадалгүй орхисон тал бий. 2012 оноос эхэлж хийсэн бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж, патентаа авдаг болсон. 2016 онд Монгол Улсын шилдэг зохион бүтээгч гэдэг эрхэм хүндтэй алдрыг хүртсэндээ баяртай байгаа. Монголд 120 орчим шилдэг зохион бүтээгч байдаг юм билээ. Тэдний эгнээнд багтаж чадсандаа сэтгэл өндөр явна. Хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, импортын барааны нэр төрлийг бууруулахыг л хичээж явдаг.
-Танай компани импортыг орлох хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Бид 2014 онд Чингис бондын 888 төслөөс зээл авсан. Тодорхой хувийг нь өөрөөсөө гаргаад шинэ үйлдвэр барьсан. Одоо долоогоос найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Миний зохион бүтээсэн тогооны маркийг ОХУ-аас сүүлийн 40 жил импортоор авч байна. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангахаар зорьж байгаа. Мөн дөрвөн ширэмтэй, дуковтой цахилгаан зуухыг нэлээд олныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн хоёрдугаар хоолны тогоог дотооддоо үйлдвэрлэх гэж байна. Судалгааныхаа ажлыг хийж дууссан. Удахгүй туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Бас төрөл бүрийн хэмжээтэй никель тавцантай ширээ хийж байгаа. Махны үйлдвэрүүдэд ихээхэн эрэлттэй байдаг юм. Мөн эмнэлгийн тоног, төхөөрөмж, эмийн үйлдвэрүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг захиалгаар хийж өгдөг.
-Нийтийн хоолны хэрэгсэл эрүүл ахуйн стандартад нийцсэн байх ёстой. Танай бүтээгдэхүүнүүд энэ стандартыг хангаж чадаж байгаа юу?
-Хүнсний бүтээгдэхүүний хувьд стандартын шаардлага хангах гэдэг хамгийн чухал шалгуур. Тиймээс бид өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хүнс чанаж, болгох хэсгийг 304 маркийн цэвэр гангаар хийдэг. Хүрэлцэх гадаргуу буюу гадна талын хэсгийг нь 201 маркийн гангаар үйлдвэрлэдэг. Монголчууд нийтийн хоол бэлтгэдэг ширээг гөлмөн төмрөөр л хийдэг байлаа шүү дээ. Одоо тэр үе ард хоцорсон.
Импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнүүд үнэнийг хэлэхэд чанарын хувьд тааруу байдаг. Хятадын тогоо гэхэд дотор талыг нь авто машины гараашийн хаалга хийдэг хар төмрөөр үйлдвэрлэчихдэг. Үүнийг би хүүхдүүдийн эрүүл мэндэд тийм ч таатай зүйл биш байх гэж бодоод байгаа. Мэргэжлийн бус хүн хараад ялгахгүй л дээ. Мэргэжлийн хүмүүс л таньж ялгана. Бид өөрсдөө судалгаа хийгээд гаднын зах зээлээс материалаа нийлүүлдэг. Манайх голдуу сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Мөн малчдын хөдөлмөрийн хөнгөвчлөх үүднээс ааруулыг машин хийсэн. Дөрвөн янзын хэлбэртэйгээр аарцыг шахаж гаргана. Ган төмрөөр хийсэн болохоор өртөг жаахан өндөр тусаад байгаа юм. Ааруул хэвлэгч машин 400 орчим мянган төгрөгөөр борлуулдаг.
-Танай компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний материалыг Монголд хийх боломж бий юу?
-Манайд төмөрлөгийн үйлдвэрлэл байдаг ч голдуу арматур хийж байна. Нийтийн хоолны гал тогооны хэрэгслийн материалыг манай улс үйлдвэрлэх боломжгүй. Үйлдвэрлээд зах зээлд борлуулах орон зай хязгаарлагдмал байдаг.
-Оюуны өмчийн газарт бүтээлээ бүртгүүлж, патент авахад хэр бэрхшээлтэй байдаг вэ?
-Хүн өөрийн зохион бүтээж гаргасан зүйлээ заавал оюуны өмчид бүртгүүлэх хэрэгтэй. Энэ бол хамгаалалтын арга юм даа. Сүүлийн үед оюуны өмч байтугай зүйлийг л хулгайлдаг болсон байна. Бид итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад шинэ санаагаа оюуны өмчид бүртгүүлдэг. Түүнээс өөрөө яваад хөөцөлдөж бүртгүүлнэ гэвэл хүндрэлтэй.
-Та үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зөвхөн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юу. Гаднын зах зээлд гаргах талаар боддог уу?
-Бид ОХУ-ын зах зээлд гаргахаар яриа хэлэлцээ хийж байна. Удахгүй шийдэгдчих байх. Уг нь ISO 9001 тохирлын гэрчилгээ авчихвал бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргахад хялбар болно.
-Ойрын үед шинээр гаргахаар бэлтгэж байгаа бүтээл бий юу?
-Үйлдвэрлэхээр төлөвлөж буй хэд хэдэн санаа бий. Гэхдээ нарийн зүйлийг хэлмээргүй байна. Миний оюуны өмч учраас нууцлах нь зөв байх. Өөрсдөө зохион бүтээгээд үйлдвэрлэнэ гэдэг амар биш л дээ. Уг нь төр, засаг дэмжээд өгдөг бол манайд дотоодын үйлдвэрлэл хөгжих боломж бүрэн байна. Хийсэн зүйлээ улам чанартай болгоход л анхаарч ажилладаг. Түүнээс хэтэрхий олон зүйлийг хийх гэж оромдоод байх нь зохимжгүй л дээ. Судалгаа хийхэд цэцэрлэгт 10 гаруй төрлийн тоног төхөөрөмж хэрэг болдог юм билээ. Эдгээрийн тавыг нь дотооддоо үйлдвэрлээд 40 хувийг нь хангаад байхад л болно гэж боддог. Олон жил үйлдвэрлээд ирэхээр үнэ хямдарч, чанар сайжирна. Цаашдаа олон хүнийг ажлын байраар хангах боломж нээгдэнэ. Хямрал ярьж буй өнөө цагт жижиг, дунд үйлдвэрлэл л ажлын байрыг хадгалж байна шүү дээ. Төрийн байгууллага хувийн хэвшлээ дэмжээд өгвөл илүү олон хүнийг ажлын байраар хангах боломжтой.
-Монгол инженер, зохион бүтээгчдийн чадвар хэр вэ. Та хэрхэн үнэлдэг вэ?
-Манай инженер, механикчид үнэхээр мундаг. Автобус, троллейбус үйлдвэрлэж байна. Аж үйлдвэрийн яам байгуулсан нь хамгийн зөв шийдвэр байсан. Яамтай болсноор үйлдвэрлэлийн бодлоготой боллоо. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний төрд нийлүүлэх жагсаалтыг гаргачихлаа. Хэрэгждэггүй ч гэлээ тендерийн хуульд заалт оруулсан. Даанч хэрэгжүүлэх шатанд нь цэг тавьчихаад байна. Зах зээлийн үед худалдаа, нийтийн хоолны салбар бол нэг үе эзэнгүй байлаа. Одоо харин аж үйлдвэрийн яамтай болоод цэгцрэх шатандаа орсон.
-Манай улсад нийтийн хоолны тоног, төхөөрөмж үйлдвэрлэлийн зах зээлийн орчин ямар байна вэ?
-Манай салбарын зах зээлийн орчин харьцангуй гайгүй. ОХУ-ын хөгжлөөс үйлчилгээ, тоног төхөөрөмжийн дэвшлээрээ хамаагүй илүү гарчихсан. Хүмүүс нэг үеэ бодвол юм хийх гэж оролддог болж. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ өчүүхэн бага хувийг зах зээлд борлуулж байна. Уг төр тодорхой хувийг худалдаад авчихдаг бол зүгээр л дээ. Даанч төрийн босго хаалттай байдаг гэсэн юм.
Тэрбээр 1990-ээд оны үед орон сууцны хонгилд хөргөгч засдаг байсан тухайгаа дурссан. Түүний компани байгуулах ажлын гараа ингэж эхэлжээ. Эдүгээ “Чиглэл” компани 25 жилийг ардаа орхисон байна. Нийтийн хоолны салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэлд өөрсдийн гэсэн зайгаа эзэлжээ