“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн тав дахь удаагийн хэлэлцүүлэг эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Налайх, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд тухайн дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байгаа юм.
Налайх дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Д.Энхтуул
-Налайх дүүргийн хэмжээнд нийт хэчнээн ЖДҮ эрхлэгчид байна вэ?
-Дүүрэгт 690 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийгээд үзэхээр 756 иргэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэсэн тооцоо гарсан.
-ЖДҮ эрхлэгчид НӨАТ-аас эхлээд татварын асуудал их хүндрэл дагуулдаг гэж ярьдаг. Танай дүүрэгт ийм бэрхшээл хэр их гардаг вэ?
-Ийм төрлийн хүндрэл бэрхшээл их гардаг гэж олон аж ахуйн нэгж хэлдэг. Улсаас сайн дэмжиж чадахгүй байж татвараар хөлийг нь тушдаг гэж ярих хүмүүс ч бий. Монгол Улс даяар 10 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлөх ёстой байдаг. Дээрээс нь нэмээд 7-8 өөр төрлийн татвар төлж байгаа нь дарамт болдог юм билээ.
Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Г.Билгүүн
-Танай дүүргийн хэмжээнд ЖДҮ-ийн статустай хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг вэ?
-Татварын албаны статистик мэдээллээр 4000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүнээс бичил бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид 50 гаруй хувийг эзэлдэг. Бид нэг тэрбум 500 мянган төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ЖДҮ эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч гэж ангилдаг.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт танай дүүргээс хэчнээн аж ахуйн нэгж хамрагдсан бэ. Энэхүү төсөлд хамрагдсанаар ямар үр дүн гарсан бэ?
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт манай дүүргээс 4-5 аж ахуйн нэгж орсон байсан. Тэд бидэн дээр ирээд энэхүү төсөлд хамрагдаж, олон нийтэд таниулж, сурталчилж өгснөөр хүмүүс мэддэг болж, борлуулалт өсөж, орлого ч нэмэгдэж байна гэхийг нь сонсоод их баярлаж суулаа. Тийм болохоор “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
Баянзүрх дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Д.Отгонбат
-ЖДҮ эрхлэгч бүр хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй гэсэн. Танай дүүргийн хэмжээнд хэчнээн ЖДҮ эрхлэгч зээлд хамрагдаж чадсан бэ?
-Дүүргийн хэмжээнд ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал бол хамгийн түрүүнд зээл байдаг. Үйлдвэрлэл эрхлэгч бүрт хөрөнгө санхүү дутагддаг. Зээлийг хэрэгтэй байгаа хүнд нь тэр бүр олгож чаддаггүй учир анхаарч ажиллах нь зүйтэй. Яагаад гэвэл манай төвд нийт 40 орчим өрхийн үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг харахаар 1-2 үйлдвэрлэгч л зээл хамрагдаж чадсан байдаг. ЖДҮ-ийг дэмжих төв бол иргэдтэй хамгийн ойр байдаг байгууллага. Энэ ч утгаараа бид хаана, хэн гэдэг үйлдвэрлэгч ямар бүтээгдэхүүн хийдэг вэ, эдийн засгийн чадамж нь хэр байдаг вэ, зээл авлаа гэхэд эргүүлээд төлөх чадвартай юу зэрэг бүх судалгааг хийдэг. Өнгөрсөн хугацаанд банкны хөнгөлөлттэй зээлийн таван хувийг л ЖДҮ эрхлэгчдэд өгсөн гэсэн тооцоо бас бий. Үүнийг 15 хувьд хүргэж чадвал ЖДҮ-ийг хөгжүүлж чадах юм билээ.
-Танай дүүрэгт хэчнээн аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхэлж байна вэ?
Манайд бүртгэлтэй 1800 гаруй ЖДҮ эрхлэгч байдаг.
Багануур дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Ю.Бямбаа
-Танай төвөөс ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Багануур дүүрэгт 261 ЖДҮ эрхлэгч байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс оёдол болон газар тариалангийн чиглэлээр үйлдвэр эрхлэгч дийлэнх хувийг эзэлдэг. Үйлдвэр эрхлэгчдэд зээл, хөрөнгө санхүү, тоног төхөөрөмжөөс эхлээд тулгамдаж буй олон асуудал байдаг. Мөн татвар, гааль, ажиллах боловсон хүчний асуудлаас болж үйл ажиллагаагаа хүртэл зогсоох шаардлагатай тулгарч байна. Үүнд дүүргийн Засаг дарга болон ЖДҮ-ийг дэмжих төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэхүү хэлэлцүүлэгт хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэхэд Засаг дарга болон ЖДҮ-ийг дэмжих төвийн зүгээс туслалцаа үзүүлэхийг зорьдог. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр дэмжиж ажилладаг.
-Тулгамддаг асуудлын хувьд?
-Зээлийн асуудлыг л шийдвэрлэх шаардлагатай байгаа. Өмнөх жилүүдэд дүүрэгт квот олгоод, 300-500 сая төгрөгийн зээл орж ирдэг байсан бол энэ жилээс эхлээд дүүрэгт биш Аж үйлдвэрийн яаманд төвлөрч байгаа учир Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа, зээл хэрэгтэй байгаа зорилтот бүлгийн хүмүүстээ хүссэн зээлийг нь олгож чадахгүйд хүрч байна. Гэхдээ Аж үйлдвэрийн яаманд хэрэгжиж байгаа бодлого дүрэм журмын дагуу явагдах байх гэж бодож байна.
Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Г.Нагарагчаа
-Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-ЖДҮ-ийг дэмжих төв байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид хамгийн түрүүнд мэдээлийн сан бүрдүүлэхэд 7000 гаруй өрх, 3500 гаруй аж ахуйн нэгж бүртгэгдсэн. Үүнээс ЖДҮ эрхлэгч гэж тодорхойлох гэхээр бичил, жижиг, дунд эрхлэгч гээд ангилсан зүйл байдаггүй юм билээ. Ерөнхийдөө нийтэд нь үйлдвэрлэл эрхлэгч, худалдаа эрхлэгч бүхэн энэ ангилалд багтаад явчихдаг. Харин манай дүүргйин хэмжээнд 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг гэсэн судалгаа бий.
Мөн тулгамдаж буй асуудлын хувьд олон байдаг. Үүнээс хөрөнгө санхүүгийн асуудал үйлдвэрлэл эрхлэгч бүрт тулгамддаг. Мөн борлуулалтыг дэмжиж өгөх нь хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал шиг санагддаг. Энэ ч утгаараа бид борлуулалтын тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, ЖДҮ-ийг дэмжих төв дээр гэрэл зургийн студи байгуулаад, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний зургийг үнэ төлбөргүй авч өгч, цахим хуудас, сэтгүүл болон гадаад, дотоодын сувгуудаар сурталчлах ажлуудыг хийж байгаа.
Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Д.Ихбаяр
-ЖДҮ ямар чиглэлээр хөгжиж байна вэ. Цааш нь илүү хөгжүүлэхэд Төр засгийн зүгээс хэрхэн анхаарах шаардлагатай вэ?
-ЖДҮ-ийг дэмжих тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байгаа. ЖДҮ-ийн нийтлэг салбар нь оёдол, арьс шир, цүнх, гутлын үйлдвэрлэл юм. Эдгээр зүйлсийг Баянгол дүүргийн зүгээс дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна. Манай төвөөс анх удаа урт хугацааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Энэ нь өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн худалдааны төв болтлоо өргөжин тэлж чадсан. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны эхний таван сард лангууны төлбөр төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан. Харин одоо бол хөгжлийн бэрхшээлийг иргэдийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүнийг нь үнэгүй байрлуулж, борлуулж өгч байгаа. Дээрээс нь телевизээр “Баянголд үйлдвэрлэв”, “Баянгол брэндийг бий болгоно” гэсэн цуврал нэвтрүүлгийг бүтэн жилийн турш хийсэн. Энэ нь их үр дүнтэй ажил болсон.
-Цаашдаа ямар тулгамдаж буй асуудал байгаа вэ?
-Тулгамдаж буй асуудал бүрийг тоочих аргагүй. Үүнийг бид хамтдаа даван туулах ёстой. ЖДҮ гэх статусд үйлдвэрлэл эрхлэгчид маань багтаж чаддаггүй. Дээрээс нь 5-10 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргах боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй, эргэн төлөх эдийн засгийн чадамжгүйгээс болж зээл авч чадахгүй байх тохиолдол олон гардаг. Үүнд төр засгийн зүгээс хууль тогтоомжийг уян хатан болгож өгөх хэрэгтэй гэж бодож байна.