“Стийл арт” компанийн хамт олон бүх төрлийн төмөр хийц, гэрийн болон оффисын тавилга, вакум цонх, хаалга үйлдвэрлэдэг. 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани байгуулагдаад удаагүй ч одоо 40 гаруй ажилтантай гурван хэсэг үйлдвэртэй болжээ. "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслөөрөө бид энэхүү компанийг онцлон хүргэж байна.
"Стийл арт" ХХК-ийн захирал О.Жаргалан
Манай компани 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо төмөр хийц, вакум цонх хаалга, тавилгын гэсэн гурван үйлдвэр ажиллуулж байна. Төмөр хийцийн үйлдвэртээ бүх төрлийн төмрөөр хашаа хайс, сандал саравч, хогийн савыг чанарын өндөр түвшинд хийдэг. Түүхий эдээ Солонгос Хятадаас авдаг бөгөөд бүтээгдэхүүнээ 250 градуст шатаадаг хуурай будгаар буддаг учраас нар салхинд өнгө нь хувирахгүй давуу талтай. Бид зөвхөн будагны чанартаа л 8-10 жилийн баталгаа өгдөг. Зөвхөн төмөр хийц гэлтгүй тавилга, вакум цонх, хаалганы үйлдвэртээ бид хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан материал ашиглан бүтээгдэхүүнээ өндөр чанартайгаар үйлдвэрлэн гаргаж байна.
Үндэсний үйлдвэрийн хамгийн том давуу тал бол буух эзэн буцах мөртэй байх юм шүү дээ. Хүний амьдралын удаан хугацаанд хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бид гол нь чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тэргүүн зэрэгт тавьдаг.
Энд ярьж суухаас илүү манай үйлдвэрүүдээр хамтдаа явж танилцах уу гэснээр бид тус компанийн төмөр хийцийн үйлдвэрээс танилцах ажлаа эхэлсэн юм.
Хамгийн түрүүнд будалтын цехээр орж сонирхлоо. Будагчин С.Гандаваа БНСУ-д энэ мэргэжлээрээ гурван жил ажиллаж туршлагажсан нэгэн юм байна.
-Төмөр эдлэл будах технологи ажиллагаагаа бидэнд тайлбарлаад өгөхгүй юу?
-Манайх Солонгос төхөөрөмжөөр 240-250 градуст шатааж буддаг хуурай будагтай. Чанарын баталгаа нь 8-10 жил байдаг. Будгийн машин маань 220W, 380W залгаад хийн даралтаар ажилладаг. Будаж байхдаа будагт гараа хүргэх боломжгүй. Будаг нь өөрөө соронзон оронтой металлтай байдаг. Тиймээс будах зүйлдээ соронзон орон үүсгэхийн тулд масс өгдөг. Будаад гарч ирсэн бүтээгдэхүүнийг вакум орчинд оруулаад газаар халаана. 150 градуст халж эхэлмэгц унтраагаад халуун агаараар сэлгэж 220 градус хүрээд ирэх үед халууныг нь бариулан ойролцоогоор 20-25 минут болдог. Төмөр хэр их хална, будаг тэр хэмжээгээр наалдаж өгдөг. Гадуур дотуур өнгө гэж хоёр өөр төрлийн будаг байдаг. Хэрвээ дотор өнгөний будгаар гадна талыг будчихвал 3-5 жил л болдог. Гадуур өнгөний будаг нь арай илүү металтай байдаг юм.
-Будах, хатаах цехийн хүчин чадал нь хэр их вэ. Захиалга хэр байдаг бол?
-Бид захиалганд ирсэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь хугацаанд нь гаргаж өгдөг. Манай цех ер нь ямар ч ачаалалтай үед ажлын найман цагтаа багтаад ажлаа амжуулдаг шүү.
Төмөр хийцийн үйлдвэрт ажиллах олон залуус дунд том машин дээр ажиллаж байгаа ганц эмэгтэй их содон харагдаж байлаа. Тус үйлдвэрийн эсгүүрийн цехийн ажилчин П.Нарантуяа
-Би барилгын заслын мэргэжилтэй энэ үйлдвэрт ажиллаад бараг хоёр жил болж байна. Бүтээгдэхүүний эхний дамжлага буюу эсгүүрийг нь хийдэг.
-Та яг одоо хогийн сав хийж байгаа юм байна. Үүнийг хийхэд хэдэн дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн болдог вэ?
-Эхлээд төмрөө бүгдийг нь хайчилна. Дараа нь эсгүүрээ хийнэ. Эсгүүрээ хийсний дараа зургийн дагуу гагнаад, зүлгэнэ. Тэгээд будгандаа орно. Ингээд л хогийн сав бэлэн болно.
Энэхүү төмөр хийцийн үйлдвэрийн бүтээгдэхүүн олон газрын хэрэгцээт бүтээгдэхүүн болж очдог бөгөөд хамгийн сүүлд нэгэн хотхоныг чимсэнийг бид ийнхүү очиж үзсэн юм.
"Стийл арт" ХХК-ийн вакум цонх, хаалганы үйлдвэр байгуулагдаад дөрвөн жил болж байна. Үйлдвэрт бүрэн автомат ажиллагаатай бөгөөд найман хүн ажилладаг. Герман технологиор 72, 66, 60-ийн гээд үндсэн гурван төрлийн материалаар бор, бор цагаан, хоёр талдаа бортой гэх мэт өнгөний хувьд хэд хэдэн сонголтоор хаалга цонх үйлдвэрлэдэг аж.
-Танайх түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ. Захиалга хангалттай байж чаддаг уу?
-Манайх Канад, Хятадын хамтарсан Жинпэй үйлдвэрээс үндсэн түүхий эдээ авдаг. Харин резинээ Турк улсаас оруулж ирдэг. Хэд хэдэн барилгын компанитай хамтарч ажилладаг учраас захиалга ихтэй байдаг. Ойролцоогоор өдөрт 40-50 м2 цонх үйлдвэрлэдэг.
-Бүтээгдэхүүний онцлог юундаа байдаг бол хэрэглэгчдэд юуг амладаг вэ?
-Манайх Герман технолгиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас юуны өмнө чанарыг амладаг. Тийм ч учраас бид механик гэмтлээс бусад бүх гэмтэлд гурван жилийн баталгаа өгдөг. Жишээ нь резин нь муудчихвал бас үнэгүй солиод л өгчихнө. Үйлдвэр нь энд байгаа учраас гуван жилийн баталгаат хугацаа дууссан ч гэсэн яг үйлдвэрийнх нь аргаар засаж болдог гэсэн үг. Бүтээгдэхүүний онцлог нь гэвэл таван таславчтай, хүйтэнд өнгө нь хувирдаггүй, наалтаараа зай завсар гарна гэсэн ойлголт байдаггүй.
-Танай бүтээгдэхүүн ямар үнэтэй байдаг вэ? Зах зээлийн үнэлгээтэй харьцуулвал?
-Манай бүтээгдэхүүний үнэ өнгө болон өргөнөөс шалтгаалаад м2 нь 140,000-260,000 төгрөгний хооронд байгаа. Ер нь бол дундаж үнэтэйдээ ордог шүү.
Харин гурав дахь үйлдвэр маань 2012 оны дөрөвдүгээр сараас эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Бүх тоног төхөөрөмж болон түүхий эд туслах материалаа Солонгосоос оруулж ирдэг. Манайх Гал тогооны тавилга, унтлагын өрөөний ком, ханын шкаф, хувцасны шкаф зэрэг бүтээгдэхүүн голчлон хийдэг. Тэгэхдээ үүгээр зогсохгүй хавтангаар хийж болох бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадвартай.
Төслийн багийнхан гурав дахь үйлдвэр болох тавилгын үйлдвэртэй танилцлаа.
Тус тавилгын үйлдвэр нь 2012 оноос эхэлж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Бүх тоног төхөөрөмж, түүхий эд туслах материалаа Солонгосоос оруулж ирдэг байна. Эднийх гал тогооны тавилга, унтлагын өрөөний ком, ханын шкаф, хувцасны шкаф зэрэг бүтээгдэхүүн голчлон хийдэг аж.
Тавилгаа 2мм-ийн зузаантай акрилан нүүртэй хийдэг байна. Энэ нь чанартайгаас гадна өнгөний өргөн сонголттой юм байна.
Эднийх бүтээгдэхүүнээ интернетээр танилцуулж захиалга худалдаагаа хийхээс гадна өөрийн үйлдвэрийн байр болон 100 айлд байх дэлгүүрээрээ борлуулдаг аж. Мөн Зүүн хараад нэг салбартай юм байна.
Мэдээж тэд өөрсдийн гэсэн загвар дизайнтайгаас гадна хамгийн гол үзүүлэлт нь чанар. Нугас татуурга, хадаас шрүпээ хүртэл солонгосын чанартай материалаар хийдэг учраас бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгааг бардам өгдөг байна.