Шив шинэхэн нэгэн үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн нь “Эрдэм” газын үйлдвэр. Гадагшаа гарах валютын урсгалыг жаахан ч гэсэн багасгаж, эх орондоо баялагийг бүтээж байгаа тус үйлдвэрийн захирал Ц.Эрдэнэцогттой ярилцсанаа хүргэж байна.
-Үйлдвэрээ хэзээ анх байгуулав. Мэдээж нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан байх?
-Эрдэм газ компани 2014 оны аравдугаар сард байгуулагдсан. Гаднаас импортолж байгаа ахуйн хэрэглээний хийн түлшийг монголдоо үйлдвэрлээд гадагшаа урсаж буй валютын урсгалыг бага ч гэсэн хумих зорилготой юм. Бүтээн байгуулалтын хувьд 2014 оны дөрөвдүгээр сараас эхлээд үйлдвэрийн барилга байгууламжаа барьж ашиглалтанд оруулсан. Одоо үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Үйлдвэр нийт 1.8 тэрбум төгрөгөөр боссон. Тэгэхдээ хөрөнгө оруулалтаа Японы Жайка ОУ-ын тусламжийн байгууллагаас авсан байгаа. Мөн өөрсдөө ч бас хувиасаа тодорхой хэмжээний зардлыг гаргасан. Ер нь энэхүү газны тоног төхөөрөмжийг Хятад улсад л үйлдвэрлэдэг. Харин манай тоног төхөөрөмж бол БНСУ-ын захиалгаар Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж байгаа.
-Мэдээж ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог байгаа байх?
-Бидний худалдаанд гаргахад бэлэн болоод байгаа хийн түлшний импортоор орж ирдэг ахуйн газнаас ялгарах онцлог нь монголын нөхцөлд зориулагдсан хүйтнийг даах чадвартай газ юм. Өөрөөр хэлбэл солонгосоос оруулж ирж байгаа газнууд өвөл хүйтэнд царцаад асдаггүй бол харин "Эрдэм" газ ямар ч хүйтэнд царцахгүй асдаг.
-Газаа хаанаас оруулж ирдэг вэ?
-Газаа бид ОХУ-аас импортолдог. Савлахдаа 98 хувийн бутан хоёр хувь нь пропан гэсэн найрлагатай монголын нөхцөлд тохирсон шингэнийг савладаг. Савыг нь бид эхний ээлжинд хятадаас оруулж ирж байна. Харин дараагийн удаа Дарханд ашиглалтад орох “Монлааз” гэх шинэ үйлдвэртэй хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулаад явж байна. Мөн цаасан хайрцгаа бид “Алтан жирэм” гэх үндэсний үйлдвэрээсээ авдаг. Энэ мэтчилэн түүхий эд дагалдах зүйлсээ аль болох үндэсний үйлдвэрүүдээсээ авах гээд байгаа нь цаашдаа бүтээгдэхүүнээ аль болох хямд байлгах зорилготой юм.
-Үйлдвэрээ байгуулахдаа мэдээж судалгаа хийсэн байх. Манай орны хувьд энэ төрлийн ахуйн газны жилийн хэрэглээ хэд орчим байдаг юм бол. Танай үйлдвэр хэрэглээний хэдэн хувийг хангах боломжтой байна?
-Энэ үйлдвэрийг анх байгуулахдаа БНСУ-ын энэ төрлийн үйлдвэрүүдээр явж туршлага судалсан. Тэр үед зүгээр импортоор газ оруулж ирэх зорилгоор очиж байлаа. Гэтэл солонгосууд газгүй орон хэрнээ Арабаас далайгаар зөөвөрлөж импортоор оруулж ирээд өөрийн улсдаа савлаад хэрэглээгээ хангахаас гадна гадагшаа экспортолдог. Түүнийг хараад бэлэн болсон газ худалдаж авснаас өөрсдөө бас савлаад зарвал арай хямд байж болох юм гэсэн үүднээс энэхүү үйлдвэрээ байгуулсан. Монголын газын хэрэглээ жилээс жилд өсч байна. Тэр хэмжээгээр жилдээ 6-8 сая ширхэгийг оруулж ирдэг юм билээ. Харин манай үйлдвэр цагт 1500-2400 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр монголын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэр байж чадах юм.
-Импортын бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал нь юу вэ?
-Мэдээж давуу тал байх ёстой. Энэ нь нэгдүгээрт монголын нөхцөлд таарсан өвөл царцдаггүй газыг савлаж байна. Хоёрдугаарт олон улсын стандартын дагуу савлаж байгаа учраас тухайн хэрэглэгч өөрөө л зөв хэрэглэвэл ямар нэг аюул осол гарахгүй. Мөн савлалт бүрэн хэмжээгээр савладаг. Өөрөөр хэлбэл газ нь 220 грамм цэвэр жинтэй энэ нь яг цэвэр газны хэмжээ.
Харин сав нь 100 грамм байдаг. Ингээд нийт 320 грамм хэмжээтэй байдаг. Манай тоног төхөөрөмж савлалт нэг граммаар дутуу байхад л дамжлагын машин гологдол бүтээгдэхүүнээ ялгадаг. Тийм учраас түүнийг дахиж дамжлаганд оруулж нэмж савладаг болохоор манай газ дутуу шахагдах, жиндээ хүрэхгүй байх боломжгүй. Тэгээд ч буух эзэн буцах мөртэй "Эрдэм" газ хэмжээндээ хүрэхгүй байна гэвэл үйлдвэр нь эндээ байж байгаа учраас асуудлыг тавихад бүрэн боломжтой. Мөн зааврууд нь бүгд монгол хэл дээр байдаг учраас бас хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байдгаараа давуу талтай.
-Дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас үнийн хувьд импортын газнаас хямд байх болов уу?
-Газ үйлдвэрлэлийн зардал импортынх болон дотоодын үйлдвэрийн зардал үндсэндээ адилхан гардаг. Харин тээвэрлэлтийн зардал нэмэгддэг учраас импортын газанд нэмэгддэг. Харин манай газ далай тэнгисээр гаталж ирэх тээврийн зардал нэмэгдэхгүй учраас мэдээж харьцангуй хямд, 1400 төгрөгөөр үйлдвэрээс гардаг. Үүн дээр дэлгүүр зардлаа нэмэх байх. Тэгэхдээ цаашдаа газны лаазаа эх орныхоо үйлдвэрээс аваад эхэлчихвэл хямдрах боломжтой гэж үзэж байгаа.
-Цаашдын зорилгоо тодорхойлбол?
-Ахуйн хийн түлшийг дандаа солонгосоос импортолдог байсан бол өнөөдрөөс энэ бүтээгдэхүүнийг хангах бүрэн боломжтой үйлдвэр байгуулаад үйлдвэрээ ашиглалтанд орууллаа. Үйлдвэрийн ерөнхий ажиллагаа хэвийн ажиллаад эхэлсэн. Худалдааны байгууллагуудад танилцуулгаа хийгээд явж байна.
Тэгээд үүнээс гадна зөвхөн дотоодын зах зээл гэлтгүй ОХУ, Казакстаны зах зээлд гаргахаар яриа хэлэлцээний шатандаа явж байна. Цаашлаад Хятад улсад нийлүүлэх зорилго тавиад судалгаа хийгдэж байна.
Харин бидний энэхүү шинэ үйлдвэрийг маань дэмжээд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө хамруулж байгаа Масс агентлагтаа баярласнаа илэрхийлмээр байна.
Үйлдвэрийн инженер С.Отгонбаатар
-Ахуйн газаа бид нэг шугамаар үйлдвэрлэдэг. Бэлэн лаазан саваа эхлээд тагийг нь хийж савныхаа хийг соруулаад газаа гурван хошуугаар дамжуулан савлана. Савласны дараа жиндээ хүрч байгаа эсэхийг шалгах тестерийн хэсгээр дамжуулан дутуу шахагдсан савалгаатай газыг урсгалаас гаргаад дараагийн дамжлага болох газны аюулгүй ажиллагааг нь шалгах хэсэгт оруулдаг. Хамгийн сүүлд бөглөж, уутаар бүрж хайрцаглаад бүтээгдэхүүн бэлэн болно. Бүх ажиллагаа автоматчилагдсан учраас үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй хөнгөн байдаг.
-Аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангадаг вэ?
-Газ нь тэсэрч дэлбэрэх бодис гэдэг утгаараа онцгой бүсэд хамаардаг байна. Үйлдвэрийн аюулгүйн ажиллагааг харуулын өрөөнд давхар хянаж байх бөгөөд ямар нэг байдлаар газ алдагдах аюул учирвал тусгай мэдрэгчийн тусламжтайгаар дор бүр нь мэдээлэл өгч автоматаар өөрөө унтардаг байгаа.