Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох Толгойт хиамаар Дорнод аймгийн иргэдийн хэрэгцээг 18 жилийн турш хангаж буй “Хэрлэн толгойт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар бид зорьж очсон юм. Хөдөлмөрч хичээнгүй тус хамт олон үнэхээр баялаг бүтээгч гэдэг нь ярилцлагын явцад мэдрэгдэж байлаа. Тус компанийн захирал Н.Лхамцоотой ярилцлаа.
-Анх хэдэн онд үйлвэрээ нээж байв. Яагаад заавал хиамыг сонгож үйлдвэрлэх болов оо?
-Бид 1997 онд Толгойт хиам нэртэйгээр үйлдвэрээ нээж, 2006 онд “Хэрлэн толгойт” хувьцаат компани болж өргөжсөн. Манай ажилчид мах комбинатад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байдаг. Тийм ч учраас энэ ажлаа үргэлжлүүлэн өөрсдийн хувийн бизнес болгон эхлүүлсэн юм. 2001 онд анх хоёр ажилтантай болоод баярлаж байлаа. Бид Дорнод аймгийн мах комбинатын хиамны технологийг одоо хэр нь үргэлжлүүлж яваа. Ер нь бидний гол зорилго “Толгойт” брэнд бүтээгдэхүүнээ стандартыг хадгалж, илүү сайжруулахыг хичээж байна.
-Анх хэцүү зүйл юу байв. Анхны борлуулалт гэвэл?
-Тоног төхөөрөмж хөрөнгө мөнгө гээд бэрхшээл байлгүй яах вэ. Тухайн үед элдэв зээл тусламж байхгүй учраас өөрсдийн хөрөнгөөр л үйлдвэрээ босгож байлаа. Ганц шарах шүүгээ, махны машинтай эхлүүлж байсан. Анх борлуулалт их муу байдаг байсан. Өдөрт 10 кг хиам зарчихаад баярлаад явж байсан үе ч бий. Одоо бол 300-400 кг мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Дорнод аймгийнхаа хэрэгцээг хангаж байна.
-Одоо хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Хиам, бууз, банш гээд олон бүтээгдэхүүн бий. Боловсруулсан мах, үхэр хонины утсан хэл гэх мэтчилэн 30-32 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Дээр үеийн мах комбинатын стандартыг дагаж ажилладаг. Бид Дорнод аймгийн махны захуудаас эрүүл ахуйн шаардлага хангасан мах авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
-Бизнес эрхэлж байхад ямар асуудал их тулгардаг вэ?
-Хөрөнгийн асуудал чухал. Төрийн зээл тусламж олдохгүй учраас банк л түшиглэж явдаг даа. Төрөөс жижиг ,дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж урт хугацаатай бага хүүтэй зээл олгоосой гэж хүсдэг.
-Бусад хиамны үйлдвэрээс ямар давуу талтай вэ?
-Зарим нэг жижиг үйлдвэрүүд хиамны гол орц бүтээгдэхүүнийхээ нарийн учрыг ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүс байгаа харагддаг. Харин манайх мэргэжлийн хүмүүс ажилладаг. Ер нь аливаа хүнсний бүтээгдэхүүний жорыг сайн тааруулах хэрэгтэй. Жишээ нь нитрит ихэдвэл хүний биед их хортой байдаг. Одоо цагт хүмүүс ашгийн төлөө ажилладаг болж. Харин манайх чанарын төлөө ажилладагтаа бахархдаг. Хүнсний бүтээгдэхүүн хамгийн гол нь чанартай л байх ёстой.
-Үйлдвэрлэлээ цааш хэрхэн хөгжүүлэх бодолтой байна?
-Бидэнд бодож санасан зүйл их л байна. Одоо зам харилцаа сайжирж байгаа энэ цагт Толгойт брэндээрээ хотод бөөний цэг нээх санаа байгаа. Мөн үйлдвэрийн байраа томруулах шаардлагатай.
-Зөвхөн нийслэл гэлтгүй хил залгаа улсууд руу гаргах боломж байдаг уу?
-Судалж үзсэн. Гэхдээ ОХУ-ын стандарт, тавигдах шаардлага нь маш өндөр юм билээ.
-Төрийн дэмжлэг хөдөө орон нутгийн үйлдвэрлэгч нарт ер нь хүрч чадаж байна уу?
-Төрөөс бол ямарч дэмжлэг байхгүй. Бид өөрсдөө л банкны өндөр хүүгтэй зээлээр бизнесээ авч явж байна. Гуравхан тоног төхөөрөмж авахад л 200- 300 сая төгрөг болох жишээтэй. Ийм үнэтэй техник авах боломж хэр байгаа билээ, манай зах зээл ямар билээ. Одоогоор бид өөрсдөө тохирсон техникээ аваад л ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд улам их амжилт хүсье.