Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум
Гэрийн модоороо хэзээнээсээ алдартай гэгддэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан үе удмаараа гэрийн мод хийх ухаанд суралцаж, хамгийн найдвартай, чанартай жинхэнэ монгол өргөөг үйлдвэрлэсээр иржээ. 18 өрх нийлж “Буян арвижих” нөхөрлөл байгуулан, 2006 оноос цоолбор хээтэй гэрийг анх санаачлан хийж, зөвхөн орон нутагтаа бус, хэд хэдэн аймаг руу борлуулдаг байна. Мөн тэдний бас нэгэн давуу тал гэвэл залуу гэр бүлд зориулж Хаан банк, Төрийн банкны лизингээр худалдан авах боломж олгож буй аж.
Ахлагч Д.Пүрэв: Цоолбор хээг анх санаачилж, патентийн эрхээ авсан
- Хэзээнээс гэрийн мод хийх болсон бэ?
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” нэвтрүүлэгт орж байгаадаа их баяртай байна. Миний бие сумандаа 2000 оноос хойш гэрийн мод хийж ирсэн. 2010 оноос “Буян арвижих” нэртэй нөхөрлөл байгуулаад 18 өрхийн 32 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум гэрийн модоороо алдартай. Хүн болгон гэрийн мод хийж, үр хүүхдүүд нь хүртэл багаасаа мужааны анхан шатны мэдэгдэхүүн сууж, айл бүр энэ жишгээр гэрийн мод хийсээр ирсэн. Гэрийн мод гэдэг бол орон нутгийн болоод хөдөө орон нутгийн зайлшгүй хэрэгцээ болсон зүйл юм.
- Танай үйлдвэрлэж буй гэрийн мод юугаараа онцлог вэ?
- Манайх гэрийн мод хийхдээ хамгийн түрүүнд модны унанги хаягдлыг түүж, хатаадаг. Нөхөрлөлийн 18 өрх тус тусын ажилтай. Тооно хийдэг хүн гэхэд тоононыхоо модыг хатааж, чанартай бүтээгдэхүүн гаргана.
- Цоолбор хээг анх санаачилж хийсэн гэсэн үү?
- Манай үйлдвэр анх эрээн гэрийн мод хийдэг байсан. Харин бид 2006 оноос цоолбор хээтэй гэрийн мод анх санаачилж хийсэн. Ажлын явцыг хурдлуулах, богино хугацаанд гэрийн модоо гаргаас гаргахын тулд цоолбор хээг анхлан зохиож, зохиогчийнхоо эрхийг аваад ажиллаж байна. Ер нь цоолбор хээтэй гэрийг сүүлийн үед залуучууд ихээр сонирхох болсон учраас өдий хүртэл хийсээр байна.
- Цоолбор хээний давуу тал юу вэ?
- Жил болгон хээнийхээ хэвийг өөрчилж тавьдаг. Мөн бас нэг давуу чанар нь тухайн захиалагчийн хүссэн хээ хуарыг хийж өгдөг байгаа. Жишээ нь морь уядаг хүн байлаа гэхэд багана дээрээ сүлдтэй, морьтой, тоонон дээрээ 12 жилтэй, хаалган дээрээ эвтэй дөрвөн амьтантай гэх зэргээр тухайн бэлгэдлийн чанарыг бодож хийж өгдөг.
- Танай үйлдвэрийн бас нэг давуу тал нь банкны лизингээр гэрээ зардаг гэсэн?
- 2013 оноос манайх ХААН банктай гэрээ байгуулан орон нутгийн 11 аймагт лизингийн гэрээ байгуулсан. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Булган зэрэг аймгуудад лизингээр олгож байна. Тэгэхээр бэлэн мөнгөгүй иргэд манайхаас лизингээр монгол гэр авах боломжтой юм. Мөн Төрийн банкны лизингээр ч авч болно.
- Танай нөхөрлөлийнхөн бас жил болгон мод тарьж, нөхөн сэргээлт хийдэг юм байна?
- Тийм. Манай нөхөрлөлийн бас нэг давуу тал гэвэл жил бүр хувийнхаа хөрөнгөөр 2500 ширхэг мод тарьдаг. Цаашдаа үүнийгээ илүү арвижуулж өсгөхийн тулд 80 мянган модны хүлэмж барьсан байгаа. Ингэснээр бүр ч илүү давуу талтай болж өгч байгаа юм.
- Үйлдвэрлэсэн гэртээ баталгаа өгдөг үү?
- 2000 оноос өдийг хүртэл гэрийн мод хийхдээ жил ирэх тусам чанаржуулсаар ирсэн. Манай гэрийг аваад барихад ямар ч асуудал гарахгүй гэдгийг ам бардам хэлэх байна.
- Цаашдын зорилтоосоо хуваалцахгүй юу?
- Нөхөрлөл болоод сумандаа баялаг бүтээгээд ажиллахад маш боломжтой. Цаашлаад гэрийн модныхоо чанарыг улам сайжруулж, бусад сумд руу хүргэж, орон даяар цоолбор хээтэй гэрийг түгээн борлуулах болно.
Утас: 88113920, 99055285
Д.Тэмүүлэн