Гадаадаас импортоор орж ирсэн хүжнүүд тухайн улсын онцлогоос хамаараад хурц, нялуун янз бүрийн үнэртэй байдаг нь манайханд төдий л таалагддаггүй. Иймээс бид ихэнхдээ шашны журмаар хэрэглэх нь бий. Тэгвэл монгол хөрсөнд ургасан ургамлаас бидэнд хэзээний дасал болсон үнэрийг гарган авч, хүж үйлдвэрлэж буй “Монгол эко” хүжний үйлдвэрийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг энэ удаа зорилоо.“Монгол эко” хүжний үйлдвэрийн дарга Ө.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Манай улс хүжний хэрэгцээний дийлэнх хувийг Энэтхэг, Хятадаас импортолдог. Тэгвэл импортын бүтээгдэхүүнээс ялгарах танай гол онцлог юу вэ?
-Зах зээлд импортын хүж дүүрэн байгаа ч нялуун, хурц үнэрнээс нь болоод хүмүүс тэр бүр авдаггүй. Гэтэл хүж өөрөө агаар цэвэршүүлэх, нян бактер устгах зэрэг өдөр тутмын хэрэглээнд ч ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Манай үйлдвэрийн хүжний хувьд дотоодын түүхий эдийг түлхүү хэрэглэж байгаа болохоор үнэр нь ч монгол хүнд ойр байдаг. Мөн бид хүж үйлдвэрлэхдээ засал хийлгэхэд уншуулдаг ихэнх номыг уншуулж, арванайлдаг болохоор ариун чанарын бүтээгдэхүүн гэж үзэж болно. Гэхдээ заавал шашны талаас гэлтгүй өдөр тутмын хэрэглээнд ч хүж зайлшгүй хэрэгтэй. Бусад үйлдвэрүүдийн технологи, чанарыг сайн мэдэхгүй ч байгальд болоод хүний эрүүл мэндэд ээлтэй байх тал дээр бид хамгийн шилдэг нь гэдгээ хэлмээр байна.
-Их олон төрлийн ургамлаар хүж хийдэг юм шиг санагдлаа?
-Тийм ээ. Жинхэнэ төвд хүжинд 45 зүйлийн эмийн болон үнэрт ургамал ордог. Харин манайх хүжнийхээ төрлөөс хамаараад ургамлын орц хэмжээг нэмэх, хасах тохиолдлууд бий.
-Монголд ургадаггүй ургамлыг хаанаас авдаг вэ. Хэчнээн төрлийн ургамал импортолдог вэ?
-20-иод зүйлийн ургамал импортолдог. Голчлон Энэтхэг, Хятад улсаас авдаг. Өөр төрлийн ховор ургамлууд хольж байгаа учраас шинж чанараа алдахгүй байх тал дээр их анхаардаг.
-Эдгээр ургамлаас гадна өөр хэрэглэдэг бүтээгдэхүүн бий юү?
-Байлгүй яах вэ. Зуурмагаа бамбайн хандаар найруулдаг. Энэ нь хүний төв мэдрэлийн системийг амрааж, тайвшруулах үйлчилгээтэй. Тиймээс манай хүжнүүд бүгд тайвшруулах, стрессээс сэргийлэх ач холбогдолтой гэж ойлгож болно.
-Одоо хэчнээн төрлийн хүж үйлдвэрлэж байна вэ. Сардаа ер нь хэчнээнийг үйлдвэрлэх боломжтой вэ?
-Яг одоо бол лусын, эрүүл мэндийн, хүслийн, оюун ухааны, наймааны, аз жаргалын, хийморийн, гэр бүлийн зэрэг найман төрлийн хүж үйлдвэрлэж байна. Хүжнүүд маань орц найрлагаараа хоорондоо өөр төдийгүй үзүүлэх нөлөө нь ч өөр өөр. Жишээлбэл, эрүүл мэндийн хүжинд маань ганга өвс илүү ордог. Энэ ургамал нь хүний уушгины замыг чөлөөлөхөөс эхлээд эрүүл мэндийн ач холбогдол ихтэй. Хүж бүрийн онцлогоос хамаарч түүхий эдэд нь нэг бүтээгдэхүүн арай түлхүү ордог. Тухайлбал, гурван кг бүтээгдэхүүнээр хүж хийхэд 2.5 кг нь гол бүтээгдэхүүн байх жишээтэй. Үлдсэн нь бусад ургамал байна. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллавал сардаа 20-25 мянган хайрцаг хүж үйлдвэрлэх боломжтой. Ингэж ажиллавал дотоодын хэрэгцээний 80 орчим хувийг хангана гэсэн үг.
-Дотоодоос бэлддэг ургамлуудаа хэдий хугацаанд, хаанаас авдаг вэ?
-Бид 5-9-р сарын хооронд үндсэн түүхий эдээ бэлдэж авдаг. Ингэхдээ байгальд ээлтэй технологиор хөрсийг гэмтээлгүй, ургамлын цэцэг, навчийг түүж авдаг. Энэ талаасаа эко үйлдвэр гэж хэлж болно. Өөрсдийн хашаандаа ч зарим ургамлуудаа тарьдаг.
-Борлуулалтаа хэрхэн хийж байна вэ?
-Бид бүтээгдэхүүнээ Гандантэгчэнлин хийд, “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв, “World market” дэлгүүрээр борлуулдаг. Үүнээс гадна МҮХАҮТ-тай хамтран олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэх заавар, найрлагаа монгол, англи, япон хэлээр хэвлүүлэн супермаркетаар борлуулах ажил эхлүүлж байна. Судалгаанаас харвал Монголд ирсэн жуулчид, гадагшаа явж байгаа монголчууд маань монгол брэнд авч явахыг хүсдэг. Энэ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн татваргүй барааны дэлгүүрээр хүжээ борлуулахаар ажиллаж байна.
Харилцах утас: 99272026