Дорнод аймагт үйлдвэрлэл эрхэлдэг “Нутгийн тус, газрын шим” хоршооны хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт маань нэгдлээ. 1998 оноос хойш тахиа болон ногооны аж ахуй эрхэлж байгаа тус хамт олны ажил, үйлсийг танилцуулж байна. “Нутгийн тус, газрын шим” хоршооны эзэн Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Та 1998 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэсэн. Ер нь яагаад заавал тахианы аж ахуйг сонгосон бэ?
-Би 1983 онд Хөдөө аж ауйн техникумыг агротехникч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд анх Дорнод аймгийн худалдааны байгууллагад ажиллаж байлаа. Тэндээ 15 жил ажиллаж байгаад 1998 онд гарч, өнөөдрийг хүртэл хувиараа бизнес эрхэлж байна. Зах зээлийн хүнд хэцүү үеийг өрхийн хэмжээнд ногоо тарьж, цөөн тооны хэдэн тахиатай давсан. Зүтгэсний эцэст 2013 оноос эхлээд үйл ажиллагаагаа өргөтгөж, фермерийн аж ахуй болсон.
-Тухайн үед жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл тусламжид хамрагдаж байсан уу? Хэдэн төгрөгөөр хоршоогоо босгов?
-Анхны жилүүдэд банк, санхүүгийн зээл авна гэхэд хэцүү байлаа л даа. Харин сүүлийн үед банк санхүүгийн байгууллагаас зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэж байлаа. Түүний зэрэгцээ 2013 онд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас овоо зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөж чадлаа. Одоогоор манайх хоёр хүнийг ажлын байраар хангаж, иргэддээ эрүүл сайхан хүнс нийлүүлэх зорилготой л ажиллаж байна даа.
-Тахиагаа хаанаас авч байв?
-ОХУ-ын Каморово мужаас шилмэл сортын дэгдээхэйг оруулж ирэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Орон нутагтаа цоо шинэхэн эрүүл хүнсийг өгч байгаа нь бидний нэг давуу тал. Эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангаж ажиллах ёстой. Энэ бол бидний зарчим.
-Өндөгний борлуулалтаа хаагуур хийдэг вэ?
-Орон нутгийн супер маркетуудаар өгдөг. Ер нь зах зээлд өөрсдийн гэсэн орон зайг бүрдүүлж чадсан шүү.
-Хүндрэлтэй зүйлс гарна биз?
-Бага зэргийн бэрхшээл байлгүй яах вэ. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй. Аргыг нь олохоос өөр замгүй.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Төлөвлөсөн олон ажлууд бий. Ажлаа хийж эхэлсэн хойноо л задлах нь дээр байх.
-Дорнод аймагт өндөгний зах зээл хэр байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Орон нутагт 3-4 ферм бий. Бүгд нийлээд орон нутгийнхаа хүмүүсийн хэрэгцээг хангаж л явна. Нэг үе өндөгний үнэ маш өндөр иргэдийн хэрэгцээнд хүрч чаддаггүй байсан бол манай фермийн үйл ажиллагаа эхэлснээр өндөгний үнэ ханш боломжийн дундаж хэмжээг барьж чаддаг болсон. Нэг хэсэг орон нутагт өндөгний үнэ 500 төгрөг болсон байсан. Одоо бол манайх 280 төгрөгөөр бөөний худалдаанд өгөөд гадуур 300-350 төгрөгөөр зарагдаж байна.
-Өргөтгөл барьж байгаа юм байна? Тахиагаа нэмэх нь ээ?
-Тахиа өөрөө богино настай амьтан л даа. Тиймээс сүргийн сэлбэлт хийх ёстой байдаг. Өргөтгөлөө хийгээд дараагийн ажилдаа бэлдээд л байна.
-Нийт хэчнээн тахиатай вэ. Өдөрт хэд орчим өндөг гардаг вэ?
-Манайх 2000 гаруй тахиатай. Одоогоор өдөрт 1800 орчим өндөгийг зах зээлд нийлүүлж байна.
-Хорогдол хэр гарах уу?
-Хорогдол ер нь гайгүй шүү. Зөв цаг хугацаанд нь вакцин тариаг нь хийлгэсэн нөхцөлд хорогдол гарахгүй.
-Аймагт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудад бидний бүтээгдэхүүнийг нийлүүлж өгөөсэй л гэж хүсдэг.
-Төр, засгаас ямар дэмжлэг байгаасай гэж боддог вэ?
Урт хугацаатай зээл байвал их тустай санагддаг. Ер нь хөдөлмөрлөе гэсэн чин хүсэлтэй хүмүүсийг дэмжиж тусалж байгаасай л гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.