Өвөрхангай Бат-Өлзий сум
2012 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Сүүн далай трейвэл”-ийн үртсэн шахмал түлш буюу харандаан түлшийг онцолж байна. Аймагтаа анхдагч тус үйлдвэр өдөрт 100 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлбэл үүнээс ч ихийг хийх боломжтой гэдгийг тус үйлдвэрийн менежер ярьж байсан.
- Үртсэн шахмал түлшний үйлдвэрээ хэзээ нээсэн бэ. Аймагтаа анхдагч нь гэсэн?
- Манай түлшний үйлдвэр 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ үйлдвэрлэлээ эхлэхийн тулд 2011 оноос ижил төстэй үйлдвэрүүдээс туршлага судалсан. Манай сумын хог хаягдлын 60-70 хувь нь үртэс байдаг. Хог шатаад байгаа юм уу гэхээр үртэс шатаад, ойролцоох айлууд руу орох магадлал их болчихдог. Тэгээд энэ асуудлыг шийдэх үүднээс хаягдал үртсийг цуглуулж түлш хийж болох юм гэсэн санаа анх төрсөн юм.
- Өдөрт хэчнээн хэмжээний үртсэн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
- Одоогоор өдөрт нэг тонныг үйлдвэрлэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар төсөл бичиж өгөөд тэр нь батлагдчихсан. Гэхдээ одоогоор санхүүжилт нь орж ирээгүй байна. Хэрвээ санхүүжилт нь орж ирээд, хатаагч машинтай болчихвол өдөрт таван тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой.
- Үртсэн шахмал түлшний гол давуу тал нь яг юу юм бол?
- Ямарваа нэгэн хольц байхгүй, цэвэр үртсээрээ, маш их нягтралтай болж гардгаараа давуу талтай. Мөн илчлэг сайтай, асалт нь түргэн, утаа бага гардаг. Мод нүүрс хоёрын дундах илчлэгийг авч чадна.
- Борлуулалтаа хаагуур хийж байна. Хэрэглэгчдийн санал сэтгэгдэл хэр байна вэ?
- Одоогоор бол аймаг, сумандаа борлуулалтаа хийж байна. Манай орон нутгийн иргэд өмнө нь дан мод түлдэг байсан бол сүүлийн үед шахмал түлш түлж сурч байна. Анх манай түлшийг иргэд тийм ч сайн мэддэггүй байсан болохоор Улаанбаатар хот руу бага хэмжээгээр гаргадаг байсан. Дээр хэлсэнчлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал борлуулалт тал дээр санаа зовохгүй байгаа шүү.
- Сумандаа үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл, саад хэр тулгарч байна?
- Ер нь сум орон нутаг гэлтгүй хаана ч бизнес эрхлэхэд саад бэрхшээл байдаг. Гэхдээ сум орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэхийн давуу тал бол нөөц баялаг нь бэлэн байдаг. Энэ бүгдийг олж хараад өөртөө болон бусдад хэрэгтэй зүйл үйлдвэрлээд явбал маш их ашигтай байдаг. Хүмүүс хот суурин газар бараадаад яваад өгдөг, гэвч тэнд нь бизнесийн орон зай асар бага. Харин жинхэнэ хийе, бүтээе гэсэн хүмүүст орон нутагт үйлдвэрлэл эрхлэх боломж асар их бий.
- “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай үйлдвэрийг зориод ирсэнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг манай суманд ирээд, бидний хийж буй зүйлийг орон даяар сурталчилж өгч байгаад их баяртай байна. Бидэнд тулгамдаж буй асуудал, орон нутагт, тэр дундаа суманд юу хийж болдог юм бэ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цааш хүргэж байгаа нь бидний хувьд том аз завшаан болж байна. Тиймээс танай агентлагийн хамт олон цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Утас: 99054079
Д.Тэмүүлэн