“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг дараагийн баялаг бүтээгчээ уншигч танд танилцуулж байна. Төслийн багийнхан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байрлах “Сэлэнгэ савхи” ХХК-г зорилоо. Тус компани нь аймагтаа савхин хувцас үйлдвэрлэдэг цорын ганц компани юм.
“Сэлэнгэ савхи” ХХК нь аймагтаа савхин хувцас үйлдвэрлэдэг цорын ганц компани юм
- Хувцас оёх таны сонирхол байв уу?
- Тэгэлгүй яахав. Хүүхэд байхаасаа л хувцас оёх сонирхолтой байлаа. Улмаар ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байх үед захиалга их байсан учир цаашид хүмүүсийн хувцсыг урлаж гоёх нь хамгийн сайхан ажил юм гэдгийг мэдэрсэн. Тиймээс л оёдолчин болохоор шийдсэн дээ. 1985 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрөл бүрийн хувцас оёж байна.
Хүмүүсийн хувцсыг урлаж гоёх нь хамгийн сайхан ажил
- Хэзээнээс савхин хувцас хийж эхэлсэн бэ?
- 1993 оноос хатуу эдлэл буюу савхи нэхий оёж эхэлсэн. Сэлэнгэ аймагтаа 10 гаруй жил савхин эдлэл оёж байна. Сэлэнгэ аймгийн бүх л сумд болон хил залгаа орших аймгууд,цаашлаад ОХУ-аас савхин хувцасны захиалга их ирдэг. Ихэвчлэн бүтээгдэхүүнээ захиалгаар оёдог. Өвлийн улиралд нэхий хувцас голчлон оёдог. Савхин хувцасыг хүмүүс хавар намар л өмсдөг учир улирлын чанартай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн бид бүтээгдэхүүнээ захиалгаар оёхоос гадна завсарлаж загвар өөрчилдөг.
ОХУ-аас савхин хувцасны захиалга их ирдэг
- Савхин хувцас оёхын хажуугаар өөр бүтээгдэхүүн хийдэг үү?
- Тэгэлгүй яахав. Савхины өөдсөөр цүнх тор малгай зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг.
- Бүтээгдэхүүнийхээ материалыг хаанаас авдаг вэ?
- Улаанбаатарт байрлах найдвартай түншээсээ солонгос монгол савхи авдаг.
- “Сэлэнгэ савхи” ХХК хэчнээн ажилтантай вэ?
- Одоогоор манайх дөрвөн ажилтантай. Өмнө нь ганцаараа савхин хувцас оёдог байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллах хүчээ нэмэгдүүлсэн.
Өмнө нь ганцаараа савхин хувцас оёдог байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллах хүчээ нэмэгдүүлсэн
- Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?
- Цаашид бид зөвхөн савхин хувцас хийхийн хажуугаар даавуун хувцас үйлдвэрлэх зорилготой. Мөн уул уурхайн томоохон компаниуд болон аймгийнхаа үйлдвэрүүдэд ажлын хувцас нийлүүлэх бодол бий.
Цаашид бид зөвхөн савхин хувцас хийхийн хажуугаар даавуун хувцас үйлдвэрлэх зорилготой
- Зорилгоо биелүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна?
- Бидэнд санхүүгийн бэрхшээл хамгийн их тулгарч байна. Хэрэв шийдэж чадвал зорилгоо биелүүлэхээр ажилдаа орно.
Бидэнд санхүүгийн бэрхшээл хамгийн их тулгарч байна
- “Сэлэнгэ савхи” компаниа байгуулахад зээл авч байв уу?
- Тэгэлгүй яахав. Бид зээл авч байж л компаниа байгуулсан. 2010 онд жижиг дунд үйлдвэрийн зээл авч тоног төхөөрөмж, бага хэмжээний савхи худалдаж авсан.
- Нэг савхин хувцас хэд хоногийн дараа захиалагчийн гар дээр очдог вэ?
- Захиалга ихтэй үед 10-14 хоногийн дараа бэлэн болно. Харин захиалга бага үед 4-7 хоногт гардаг.
- Бүтээгдэхүүний үнийг сонирхвол?
- Савхин дээлийг 300-380 мянгаар, малгай 45 мянга, цүнх 25 мянга, торыг 15 мянган төгрөгөөр тус тус худалдаалдаг.
- Сул зогсолт хийх үе бий юу?
- Байлгүй яахав. Зөвхөн зуны улиралд сул зогсолт хийдэг. Гэхдээ бид зүгээр суудаггүй. Савхины өөдсөөр цүнх малгай тор зэргийг үйлдвэрлэдэг. Харин долдугаар сараас захиалга нэмэгддэг.
- Аймгаас жижиг,дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмждэг вэ?
- Сайн дэмждэг шүү. Аймгийн жижиг,дунд үйлдвэрийн газраас бидний үйлдвэрлэлийг олон нийтэд сурталчилдаг. Мөн үзэсгэлэн худалдаануудад оролцож бүтээгдэхүүнийг маань танилцуулж борлуулдаг.
- Баярлалаа, та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье. Зорилго нь биелсэн сайхан мэдээгээр биднийг угтаарай.
- Баярлалаа. Тэгэлгүй яахав.