“Баялаг бүтээгчдийг дэмжинэ“ төслийн багийнхан Төв аймгийн Зуунмод суманд байрлах “Атрын шим” ХХК-ийн өвлийн хүлэмжинд зочиллоо. Монголдоо цөөнд тооцогдох тус хүлэмж 16-17 нэр төрлийн ногоо, жимс тариалдаг бөгөөд Төв аймгийн ард иргэдийг өвлийн турш шинэхэн ногоогоор хангаж байна.“Атрын шим” ХХК-ийн захирал Т.Баярхүүтэй ярилцлаа.
-Хасах хэмийн хүйтэнд шинэхэн ногоо, жимсээр тасрахгүй байна гэдэг үнэхээр сайхан юм. Хэзээнээс хүлэмжийн ажил эхлүүлэв. Өвлийн хүлэмж барих болсон шалтгаан юу вэ?
-Тэгэлгүй яах вэ. Өвлийн хүлэмжээ бариад хоёр сар гаруй л болж байна. Газар тариалан эрхэлдэг хүмүүс улирлын чанартай ажилладаг болохоор өвөл нь ажилгүй суух нь элбэг. Энд ажилладаг хүмүүсийн амьдралд тэр нь хэцүү шүү дээ. Өвөл ногоо, жимс тариалаад хэдэн хүнээ цалинжуулах юмсан гэсэн бодолтой байсан болохоор хүлэмжээ нээсэн. Харин өвлийн хүлэмжтэй болсноор бид жилийн дөрвөн улиралд байнгын ажлын байраар хангагдаж байгаа юм. Хүлэмжээ барих гэж өндөр хүүтэй зээл авсан болохоор түүнийгээ төлөх гээд л ажиллаж байна даа. Зээлээ төлөөд дуусгачихвал үйл ажиллагаа жигдрээд илүү боломж бололцоотой болох байх. Гэхдээ мууг бодохоос өмнө ногоон дунд сууж байгаа минь л сайхан юм даа. Зарим үед хүүхдүүдээсээ өнөөдөр хэдэн бэ гээд л асуудаг. Нэгдүгээр сард шинэ ногоон дунд сууна гэхээр итгэмээргүй л байдаг.
-Өвлийн хүлэмж, зуны хүлэмж хоёрын ялгаатай тал нь юу юм бол?
-Зуны хүлэмжтэй байхад гуравдугаар сарын эхэнд цахилгаан утас гаргаж, хөрсөө халааж үрсэлгээгээ бойжуулдаг байсан. Өдөр сайхан халаагаад, орой нь хучиж орхисон хүлэмж маань маргааш өглөө нь ирэхэд дээвэр хэсэг нь мөстсөн байдаг байсан. Үүнээс гадна 3-р сараас үрсэлгээгээ бойжуулж, таван сараас хөрсөнд суулгаад, долоон сарын сүүлээр боловсордог. Ингээд хурааж авч дуусахад есөн сарын хүйтэн ордог. Харин өвлийн хүлэмж бол тийм асуудалгүй. Харин өвлийн хүлэмжинд тариалж байгаа помидороо хоёрдугаар сард үрсэлгээг нь хийгээд, дөрөвдүгээр сарын дундуур хурааж авна. Тэгэхээр ургамлын өгөөж нэмэгдэж байгаа юм. Помидор, өргөст хэмхээ жилийн турш тасралтгүй нийлүүлэх боломжтой болсон нь бидэнд ч их ашигтай байна.
-Хичнээн төрлийн ногоо, жимс тариалдаг вэ?
-Ер нь бол 16-17 төрлийн жимс, ногоо тариалдаг. Гэхдээ хүлэмжийн ажлаа эхлээд удаагүй байгаа болохоор арай цөөн төрлийн ногоо тарьж байна. Хүлэмжинд ногоо тарих, гадаа талбайд тарих хоёрт нэлээд ялгаа байдаг байх. Арчилгааны тал дээр ч юм уу асуудал гарч байв уу? Бүх л ногоо арчилгаа шаарддаг. Гэхдээ гадаа талбайд бид өөрсдийн хэрэглээний хэдэн ногоо тариалдаг болохоор га-гаас тэдэн центнер ургац авлаа гэж л ярьдаг. Арчилгаа нь ч арай бага. Харин хүлэмжний аж ахуй чимхлүүр ажиллагаа ихтэй. Ургамал нэг бүрийг харж, арчлах ёстой.
-Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хүлэмж байгуулах бодол төрсөн гэж та хэлсэн. Хэчнээн ажилчинтай вэ?
-Тийм шүү. Ажилчдынхаа цалинг жилийн турш шийдэх асуудал надад өвлийн хүлэмжтэй болох юмсан гэсэн сэдэл төрүүлсэн. Одоогоор найман ажилтантай. Нэмэлт ажилчид бас бий. Мэргэшсэн хэдэн ногоочинтой. Тэд маань өвөл 11-р сараас 3-р сар хүртэл ажилгүй суудаг. Гэтэл тэд маань ардаа амьдралтай шүү дээ. Энэ л миний сэтгэлийг зовоож байсан юм. Одоо манай хүүхдүүд өвөл ч ажилтай, цалинтай болоод байгаа нь миний ганц баярлах зүйл юм уу даа.
-Та хэдийнээс энэ салбарт ажиллах болов. Таны шавь нараас энэ хүлэмжинд тантай хамт ажилладаг хүмүүс байгаа гэж сонссон?
-Би 32 жил тасралтгүй агрономын ажил хийлээ. 2005 оноос эхэлж хүлэмжийн аж ахуй эрхэлсэн. Манай ажилчид доод тал нь гурван жил ажилласан. Улсын хэмжээнд ногоочин гэж бэлдсэн хүмүүс одоогоор алга байна. Миний хувьд ажиллах сонирхолтой хүүхдүүдийг авсан болохоор эхний жил өөрөө бүгдэд нь зааж өгдөг байсан бол одоо бүгд ажлаа бүрэн эзэмшсэн. Өнөөдөр бүгдээрээ тийм ажилд орно шүү гэхэд бүгд л дуу аялаад гардаг. Одоо өөртөө бас нэг сайн шавь бэлдэж байгаа. Ургамалд элэгтэй, сонирхолтой хүн л энэ ажлыг хийнэ. Хамгийн гол нь хүнд дур сонирхол хэрэгтэй.
-Ийм их мэдлэг, туршлагатай хүнээс үг сонсож, хүлэмжийн аж ахуйн туршлага судлахаар ирдэг хүмүүс олон байдаг уу?
-Манайд ХААИС-иас агрономын ангийн хүүхдүүд ирж, дадлага хийдэг. Дадлагаар ирсэн хүүхэд нэг хоног ч гэр лүүгээ гүйх сэтгэлгүй байдаг. Энэ л миний эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжлийн минь нэгээхэн бахархал болдог доо. Харахад хүүхдүүдэд маань сонирхол их байгаа боловч хүлэмжийн аж ахуй Монголд эхлэл төдий л байгаа болохоор зааж сургах хүн цөөн санагддаг. Мөн өөр тариалангийн газруудаас хүмүүс ирж, асууж тодруулах явдал байлгүй яах вэ.
-Хэдий олон жил энэ салбарт ажилласан ч өвлийн хүлэмжийн ажил эхлээд удаагүй болохоор бэрхшээл гарч байгаа байх. Хэрхэн шийдэж байна вэ?
-Дөнгөж эхэлж байгаа болохоор тийм ийм бэрхшээл байдаг гэж хэлэхэд хэцүү юм. Анх удаа тариалж байгаагийн хувьд мэдэхгүй, чадахгүйдээ л бэрхшээл гарч байгаа гэж бодож байна. Ер нь хараад байхад өдөр нь сайхан нартай, шөнө нь дулаалгаа хучаад, галлагаа сайн хийгээд температураа тогтмол байлгаж л байвал өвлийн хүлэмжийн ажилд хүндрэл гарах нь бага юм шиг л санагдаж байна.
-Танай хүлэмжийн жимс ногооноос хамгийн ихээр анхаарал татсан зүйл нь гүзээлзгэнэ шиг санагдлаа?
-Манай хүлэмжинд ирсэн хүн бүр л гүзээлзгэнэ гээд хошуурдаг юм. Гэхдээ олон хүн ойртохоор жимс маань ургахгүй байх талтай байдаг болохоор нэг их хүнд үзүүлдэггүй юм. Анх удаа өвөл тарьж байгаа гэхэд дажгүй л ургаж байна. Удахгүй ургацаа хураагаад хэрэглэгчиддээ хүргэнэ дээ. Ер нь тэгээд өвөл, зуны хүлэмж гэлтгүй монгол хөрсөнд ургуулсан ногоо, жимс гэдэг хамгийн сайхан шүү дээ. Бид өөрсдийн хөдөлмөрөөр эх орондоо ямар нэг зүйл бүтээж байгаа гэдгээрээ бахархдаг.
-Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ургацын шим тань арвин байж, улс орондоо ихийг хийж бүтээхийн ерөөл тавья.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олондоо баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсье.