Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сум
Улс орон даяар хоршоожуулах аян ид өрнөж эхэлсэн 2007 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд анхны хоршоог Д.Төмөрчөдөр байгуулж байсан түүхтэй. Тэрбээр 2003 онд гурван малчин өрхийг нэгтгэн малчны бүлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад газар тариалан эрхэлдэг хүмүүсийг гишүүнээр нэмж элсүүлэн, нийт 80 өрхийн 120 гишүүнтэй хоршоо байгуулжээ. Түүний байгуулсан “Баяндөхөмийн өгөөж” хоршоо аймгийн “Тэргүүний аж ахуйн нэгж”-ээр 2011 онд шалгарч, есөн сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан юм. Мөн Д.Төмөрчөдөр гадаадын дөрвөн ч төсөлтэй хамтран ажиллаж, орон нутагтаа чамгүй хөрөнгө оруулалт хийжээ. Харин өнгөрсөн жилээс тэрбээр дангаараа мал аж ахуй, газар тариалан эрхлэх болсон ч хоршооныхоо даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэж явна.
- Та нэлээд олон төрлийн аж ахуй эрхэлдэг юм байна. Тус бүрийнх онцлогийнх нь талаар ярьж өгөөч...
Миний хувьд 2003 оноос малчдын бүлэг байгуулж, 2007 онд хоршоо болгон өргөжүүлж мал аж ахуй, газар тариалан эрхэлсээр өдийг хүрч байна. Энэ хугацаанд гадаадын дөрвөн төсөл, хөтөлбөртэй хамтарч ажилласан. Төслийн шугамаар олон төрлийн сургалтад хамрагдаж их ч зүйл сурч авсан даа. Сурсан мэдсэн зүйлээ ажил болгож амьдрал ахуйдаа хэрэгжүүлж, орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлсэн. Одоогоор газар тариалан болон мал аж ахуй эрхэлж, блок үйлдвэрлэх, арвай тариа бэлтгэх, био нүүрс үйлдвэрлэх, мод бэлтгэж боловсруулах зэрэг ажил хийж байна даа.
- Тариалангийн их том газартай юм байна. Энэ аж ахуйдаа голчлон анхаарсан уу?
Анх төмс, хүнсний ногоо тарьж байсан болохоор энэ аж ахуйг түлхүү анхаарсан тал бий. “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төслийн багтай хамтарч 15.5 га талбайд хадлан, төмс хүнсний ногоо, ойн зурвас байгуулсан. Талбайгаасаа жилдээ 120 тонн хадлан, 35 тонн төмс, хүнсний ногоо, 1.5 тонн халтар арвай хураан авч өөрсдийнхөө болон сумынхаа иргэдийн хэрэгцээг хангаж байна. Баянхонгор аймгийн говийн сумын иргэд манайхаас ирж хадлангийн өвс худалдаж авдаг. Мөн ойн зурвас газартаа чацаргана, хайлаас, улиас, бургас, үхрийн нүд зэрэг 5000 мод тарьсан. Энэ жилээс цагаан будаа тарьж туршиж байна. Хэрвээ боломжийн ургаж байвал ирэх жилээс ахиу хэмжээгээр тариална.
- Бордоо бэлдэхийн тулд чийгийн улаан хорхой үржүүлж байгаа гэсэн үү?
Энэ жил Орхон аймгаас 20 мянган чийгийн улаан хорхой авчирсан. Чийгийн улаан нь био бордоо бөгөөд жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгодог. Чийгийн улаантай бууцыг исгэж боловсруулаад 20 см нэмсээр байгаад 70 см-ийн өндөртэй болгоод бордоонд хэрэглэдэг. Мөн манайх жилд гурван тонн био нүүрс үйлдвэрлэж мод, хүнсний ногоо тарихдаа бордоонд хэрэглэдэг.
- Био нүүрсээ зарж борлуулдаг уу?
Зардаггүй. Өөрсдийнхөө хэрэгцээнд ашигладаг. Хүмүүс төдийлэн ач холбогдлыг нь мэдэхгүй байна. Био нүүрс нь ус цэвэршүүлэхээс гадна маш сайн бордоо болдог.
- Танайхан бас арьсан урлалын бүтээгдэхүүн хийдэг гэл үү?
Австралийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чадавхийг бэхжүүлэх” төслийн шугамаар арьс, ширэн бүтээгдэхүүн хийх аргачлалын сургалтад гурван сар суугаад арьс, ширээр бүх төрлийн гутал хийж сурсан. Надаас хүү маань сураад бас арьс ширэн бүтээгдэхүүн хийж байна. Бид хоёр хийсэн бүтээгдэхүүнээрээ аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцож тусгай байрын эзэн болж байлаа. Одоохондоо гутал хийх зав гарахгүй байна. Хүнд үзүүлчихээр гутал ч үлдээгүй, бүгд зарагдсан.
- Мод бэлтгэж зардаг юм уу?
Тийм ээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын модны үйлдвэртэй гэрээтэй ажилладаг юм. Тэндээс балк, банз, түлшний мод авчирч сумынхаа иргэдийг модны хэрэгцээгээр хангадаг. Манай суманд мод зардаг хэд хэдэн газар байдаг ч 2000 төгрөгөөр хямд зардаг учир хүмүүс манайхаас их авдаг. Бас хоршоонд шагнал болгож улсаас өгсөн есөн сая төгрөгөөр блокны машин авч үйлдвэрлэл явуулж байна.
- Та энэ их ажлыг хоршооныхоо гишүүдтэй хамтарч хийдэг биз дээ?
Сүүлийн хэдэн жил өрхийн хүрээнд бараг ганцаараа хийж байна. Анх бүлэг байгуулж байхад санаа нийлдэг хөдөлмөрч цөөхөн хүн байсан болохоор ажлыг ёстой хийх шиг болдог байж. Харин хоршоо байгуулахдаа оръё гэсэн болгоныг гишүүнээр элсүүлчихсэн чинь том том юм ярьдаг хэрнээ ажил хийдэггүй баахан залхуу хүмүүстэй болсон. Үзэл бодол ч нийлэхээ байсан. Ер нь санаа нийлэхгүй олон хүнтэй хамт ажилласнаас ганцаараа зүтгэвэл илүү амжилтад хүрдэг шүү дээ.
Утас: 98326221