Агаарын бохирдлын асуудал ид яригдаж байгаа өнөө үед утаагүй түлш, зуухны эрэлд гарч буй иргэд олон бий. Тэгвэл Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Хүү хайчин” ХХК экологийн цэвэр бүтээгдэхүүн, түүхий эдээр утаагүй, үнэргүй шахмал түлш үйлдвэрлэж байна. Тус компани хаягдал нүүрс, модны үртэс, үхрийн баас зэргийг ашиглан, шахмал түлш хийсэн нь нутгийн олны байнгын хэрэглээ болоод буй аж.
Үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч “Хүү хайчин” ХХК-ийн захирал П.Дашням: Ногоон бүсээ хамгаалах үүднээс үртсэн шахмал түлш хийх санаа төрсөн
Утас: 99251184
- Яагаад үртсэн шахмал түлш үйлдвэрлэх болсон бэ?
-Хархорин сумын ойр орчмын ногоон бүсээ хамгаалах үүднээс иргэд модоо хайрлаж, дан нүүрс түлэх болсон. Тэгэхээр нүүрсээ Өвөрхангайн Баянтээг нүүрсний уурхайгаас зөөж ирэх болж байгаа юм. Энэ нь талдаа л гэхэд 140 гаруй км зам туулж, нүүрс авчирна гэсэн үг. Тиймээс шахмал түлш хийх санаа төрж, сумын Засаг даргадаа ийм санал дэвшүүлж, зөвшөөрсний үндсэн дээр Сум хөгжүүлэх сангаас зээл өгч, үүгээрээ БНХАУ-аас багаж, тоног төхөөрөмжөө авчирч ажиллаж байна6
- Шахмал түлшний гол түүхий эд нь дан үртэс үү. Хаанаас авч байна?
-Гол түүхий эд болох хаягдал үртсийг Бат-Өлзий сумаас тээвэрлэж авчраад шахмал түлш хийж байна. Мөн хаягдал нүүрсийг хольж хийдэг. Өнгөрөгч оны 11-р сараас түлшнийхээ үйлдвэрийг нээсэн. Энэ жилээс харин бүтээгдэхүүн маань арай олон хүнд танигдаад эхэлсэн байгаа.
- Гол давуу тал нь юу вэ?
- Утаагүй, элдэв үнэргүй зэрэг олон давуу талтай байдаг учраас Хархорин сумын иргэд сайн мэддэг болоод байгаа. Мөн манай бүтээгдэхүүнийг жуулчны баазууд их сонирхож авдаг. Зундаа бороо орсон сэрүүхэн өдөр түлэхэд ч нэн тохиромжтой байдаг учраас жуулчны баазууд авч хэрэглэдэг болсон.
- Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэлээ. Зээл хөөцөлдөхөд ямар бэрхшээлтэй асуудал тулгардаг?
- Сум хөгжүүлэх сангаас гурван жилийн хугацаатай зээл авсан байгаа. Гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлээ эрхлээд явж байгаа ч зээлийн эргэн төлөлт түргэсэж, хөл дээрээ босож чадахгүйд хүрч байна. Тийм учраас зээлийн хугацааг уртасгаж өгөх нь бидний хувьд маш том боломж бололцоо бий болгох юм. Доод тал нь таван жил болгоод өгчихвөл тэр хугацаандаа хөл дээрээ босоод эргэн төлөлтөө хийж чадна.
- Ер нь орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд боломж хэр байна?
- Шахмал түлшний хувьд худалдан авалт сайн байна. Ялангуяа дээр хэлсэнчлэн жуулчны баазууд манай түлшийг ихээр сонирхож байна.
“Шахмал түлш Хархорин” ТББ-ын захирал Г.Бат-Орших: Үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулбал жилдээ 100 мянган ширхгийг үйлдвэрлэж чадна
Утас: 99875715
- Хэзээнээс шахмал түлш үйлдвэрлэж эхлэв. Танай бүтээгдэхүүний давуу тал юу вэ?
- 2014 оноос шахмал түлш хийж эхэлсэн. Давуу тал гэвэл сүүлийн үед хот суурин газар амьдарч байгаа иргэд нүүрсээ шигшиж хэрэглэдэг болсон. Тэгээд үүнээс хаягдал нүүрс маш их хэмжээгээр гарч байгааг олж хараад 2012 оноос төсөл боловсруулаад 2014 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас арван сая төгрөгийн зээл авч, үүгээрээ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ жилээс түлшнийхээ үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Ирэх аравдугар сараас борлуулж эхэлнэ.
- Борлуулалт хэр байна?
- Зуны улиралд малчид ээзгий чанахад тохиромжтой гээд манай түлшийг их худалдаж авдаг. Даацтай 4-5 цаг унтрахгүй асдаг. Өвөлдөө ч борлуулалт сайн байдаг.
- Орц найрлагад нь юу юу ордог юм бэ?
- Үхрийн баас, нүүрс, бэхжүүлэх зорилгоор шар шавар хийдэг. Нэг зуурмагаас 140-150 ширхэг түлш гардаг. Одоогийн байдлаар өдөрт 3000 ширхэг түлш гаргаж хатаах хүчин чадалтайгаар ажиллаж байна.
- Үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлье гэж бодож байна вэ. Одоогоор сумынхаа хэрэгцээнд л түгээж байна уу?
- Тийм. Ойрын хугацаанд бидэнд түргэн хатаах машин маш их хэрэгтэй байгаа. Тэгвэл цаашдаа жилдээ 100 мянган ширхэг шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөгөө бий. Одоо хатаалтан дээр их хугацаа орж байгаа. Ил талбайд хатаадаг учраас зарим үед бороо орчихоор хэцүү байдаг. Хэвлэгч машин маань өөрөө цагт 2000 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай боловч хатаагч, зуурагч хоёроосоо шалтгаалж бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаа.
- Тэгэхээр танай түлшийг байгаль орчинд ээлтэй гэж хэлж болох нь ээ?
- Тийм ээ. Учир нь нунтаг нүүрсийг үхрийн баастай хольж байгаа учраас эргээд хог хаягдал үүсэхгүй, мөн утаа гарахгүй гэдгээрээ байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болж өгч байгаа юм.