Зах зээлийн нийгэмд шилжиж, үйлдвэрүүд эзгүйрч байх тэр л 1999 онд гутлын үйлдвэрээс актлагдсан тоног төхөөрөмж авч Яармагт айлын хашаанд анх усны тэрэгний дугуй үйлдвэрлэж ажлын гараагаа эхлэж байсан энэхүү үйлдвэр 2001 онд хоёр машинтай хоёр ажилчинтайгаар албан ёсоор улсын бүртгэлтэй үйлдвэр болсон байна. Энэ цагаас хойш 15 жил өнгөрч эдүгээ хөл дээрээ тогтож, өөрийн гэсэн байр суурьтай, 10 гаран тоног төхөөрөмжтэй, найман ажилчинтай улсынхаа баялаг бүтээгчдийн нэг болж чаджээ.
Тус үйлдвэр одоогоор захиалгын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд голдуу автомашины резин эд анги, тоног төрөөхөмжийн резин сэлбэгийг үйлдвэрлэдэг байна. “Резин эдлэл” ХХК өнөөдөр төрийн болон хувийн олон байгууллагуудтай хамтран ажилладаг ба тэдний үндсэн захиалагчид нь “Тэц-4” ТӨХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, УБТЗ болон уул уурхайн компаниуд байдаг бөгөөд машин тоног төхөөрмжийн резин эд ангийг үйлдвэрлэдэг аж. Түүнээс гадна усны тэрэгний дугуй, шалавч резин, гутлын ул, төрөл бүрийн тагны жийрэг зэрэг өргөн хэрэглээний резинүүдийг мөн үйлдвэрлэдэг байна.
Тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч “Резин эдлэл” ХХК-ийн захирал Д.Баяраа
-Монгол төдийлөн байдаггүй энэхүү үйлдвэрийг байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Би резинийн технологич мэргэжлийг эзэмшсэн цөөхөн хүмүүсийн нэг. Орост сургуулиа төгсч ирээд авто засварын заводын резин эдлэлийн цехэд ажиллаж байлаа. Зах зээлд ороод үйлдвэр хувьчлагдсаны дараа би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахааас өөр зам байгаагүй учраас энэ тал руугаа ажиллах нь зөв гэж бодсон юм. Ингээд техникийн мэргэжилтэй нөхөртэйгөө хамтраад энэ үйлдвэрээ байгуулж өнөөдрийг хүртэл явж байна.
Манайд бидний мэдэх, мэдэхгүй олон төрлийн захиалга орж ирдэг. Захиалгынхаа бүтээгдэхүүнийг эхлээд хийж болох боломжтой эсэх, техникийнхээ хүчин чадал хүрэх нь үү үгүй юу гэдгээ судалж, тооцоолж үзээд хэвнийхээ зургийг гаргана. Ингээд боломжтой гэж үзсэн тохиолдолд эхлээд хэвээ бэлтгэнэ. Дараа нь резинээ боловсруулаад, хэвэндээ цутгаснаар бүтээгдэхүүн бэлэн болно. Бид хэвнээсээ эхлээд бүх зүйлээ эндээ хийдэг. Хэвэндээ хийхээс өмнө захиалгын бүтээгдэхүүнийхээ технологийн шаардлагуудыг судлана. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн ямар техникийн шаардлагуудыг хангасан байх ёстойг гаргаж ирнэ. Эндээс бүтээгдэхүүнээ тосонд тэсвэртэй юу, эсвэл элэгдэлт ихтэй эсэх, өндөр халуунд тэсвэртэй байх уу гэдгээс шалтгаалан материалын сонголтоо хийнэ. Эндээс орчин үеийн технологийн өндөр шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гарч ирэх юм. Бид хэдий түүхий эдээ гаднаас авдаг ч тухайн түүхий эдээ бүтээгдэхүүндээ тааруулж эндээ дахин боловсруулалт хийдэг. Ингэснээр бүтээгдэхүүний онцлог шинж чанарт нь таарсан бэлдэцийг гаргах боломжтой. Манай үйлдвэр түүхий эдээ гаднаас авдаг ч түүнийг сайжруулж дахин боловсруулалтыг хийдэг. Бид нийтдээ 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө болон түүхий эдээ хаанаас авдаг вэ. Түүхий эдээ гаднаас оруулж ирдэг учраас бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг болов уу?
-Бид анх үйлдвэрээ байгуулж байхад резинийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хэрхэн хөнгөлөх талаар байдаггүй байсан. Тийм учраас олон газраар орж, уулзаж явсаны эцэст саяхнаас хөнгөлөлт эдлэх тоног төхөөрөмжийн жагсаалтад оруулж чадсан.
Түүхий эдээ ОХУ-ын Уралын резинийн үйлдвэр, БНХАУ-ын үйлдвэрээс авдаг. Бидний хийж буй бүтээгдэхүүн бүгд импортыг орлодог бүтээгдэхүүн байгаа. Автомашины бүх жингийн 10 хувийг резин эдлэл эдэлдэг. Мөн эд ангийнх нь 70 хувь нь резин эдлэл байдаг юм. Бид автомашины резин эд ангийг хийгээд арав гаран жил болж байна. Жишээ нь түлк резин гэхэд хамгийн хямд нь 70 доллараар гаднаас захиалж авчирдаг бол манайд чанарын өндөр түвшинд өдөрт нь л хийж өгөх боломжтой. Үнийн хувьд ч гэсэн боломжийн, түлк резин гэхэд 15-30 мянган төгрөгөөр л үйлдвэрээс гардаг. Бид хамгийн гол нь нэг ширхэг ч байсан захиалгаар хийж өгдөг. Жишээ нь “Ланд круйзер” маркийн автомашины бүх резинэн эд ангийг манай үйлдвэрт захиалж солиулахад 140-170 мянган төгрөг л болдог.
Бид мөн төмөр замын машин тоног төхөөрөмжийн резин эдлэлийг үйлдвэрлээд, туршаад бүх талын техник технологийн сорьц, шинжилгээг нь хийлгэчихсэн байгаа. Хэрвээ МТЗ нийгэмлэгийн зүгээс хамтран ажиллах гэрээ хийгдвэл бидэнд чадахгүй болохгүй гэх зүйл байхгүй.
-Танай бүтээгдэхүүнийг хэрвээ худалдан авах, захиалах бол хаана хандах вэ?
-Яг одоогоор нэрийн барааны дэлгүүр байхгүй учраас шууд ирээд худалдан авах боломж байдаггүй. Тэгэхдээ бид удахгүй жижиглэнгээр зардаг дэлгүүртэй больё гэж бодож байгаа. Хэрвээ захиалга өгөх бол үйлдвэр дээр ирээд өгөхөд болно. Дахин хэлэхэд бид хувь хүний нэг ширхэг захиалгыг ч авдаг жижиг цех шиг хэрнээ “ТЭЦ-4” ТӨҮГ-ын нэг салбар үйлдвэр шиг ч ажиллах үе байна. Тэдний бүх л засвар үйлчилгээний үед манайх бүх тоног төхөөрөмжийнх нь резин эдлэлийг хийж өгдөг.
-Үйлдвэрийн цаашдын зорилгыг асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Резинийн гол түүхий эд нь каучук гэх зүйл байдаг. Тэгэхээр тэр гол түүхий эдийг бол эндээ хийх боломжгүй юм. Тийм учраас бусад түүхий эдээ эндээ боловсруулж бүх төрлийн резинэн эдлэлээ үйлдвэрлэдэг болно гэж л зорьж байна даа.
"Резин эдлэл" ХХК-ийн холбоо барих утас: 99080389