Эртний хаад ноёдын ундаалж байсан Орхон голоо ашиглан “Цэнгэг Орхон” компани цэвэр ус үйлдвэрлэж байна. “Амьд ус” хэмээн сүүлийн үед ярьдаг болсон шиг тэд өөрсдийн үйлдвэрлэсэн усаа ийн нэрлэж буй бөгөөд тус компани Улаанбаатар хотод давхар үйл ажиллагаа явуулдаг аж.
“Цэнгэг Орхон” ХХК-ийн захирал С.Энхбаяр: Ус хэзээ ч үнэ цэнээ алддаггүй чандмань эрдэнэ
Утас: 99685695, 96028343
- Яагаад заавал цэвэр усны үйлдвэр нээх болов оо?
- Ус бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Тиймээс бид орон нутагтаа усны үйлдвэр байгуулахыг зорьж ажилласан. Эртний нийслэлийн суурин нутагт маань хаад ноёдын усалж, ундаалж байсан Орхон гол урсаж байсан учраас үүнийг цаашид өв уламжлал болгохыг зорьж Орхон голынхоо усыг цэвэршүүлж “Цэнгэг Орхон” хэмээн нэрлэж худалдаанд гаргаад өдгөө хоёр жил болж байна.
- Усыг нийт хэчнээн шүүлтүүрээр цэвэрлэдэг вэ?
- Манай ус төв лабораторид 22 шүүлтүүрээр шүүгдэж, шинжилгээнд ороод сайн дүн авсан. Тиймээс “Цэнгэг Орхон” усыг амтлаад үзэхэд сүүлийн үед яриад байгаачлан амьд ус шиг мэдрэгдэх болно. Худгийн ус, крантны устай харьцуулаад үзэхэд илүү зөөлөн, хүний эрүүл мэндэд маш сайн, ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа.
Дан ганц Хархорин сум гэлтгүй ойр орчмын зэргэлдээх сум руугаа усаа нийлүүлж байна
- Усаа ойроос авна гэдэг нь бас нэг давуу тал болох болов уу?
- Зах зээлийн энэ үед усыг холоос зөөх биш ойрын сум, орон нутгаасаа татаж байвал бизнес эрхлэгчид хэн хэнд нь хэрэг болох болов уу гэж бодож байна. Дан ганц Хархорин сум гэлтгүй ойр орчмын зэргэлдээх сум руугаа усаа нийлүүлж байна. Ингэснээр хэрэглэгчид илүү олон болж, таван литрээр болон баллонтой ус савлах саналууд маш их ирэх болсон. Үүнийгээ цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Танайхтай ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг өөр үйлдвэр бий юү?
- Аймагт бол нэг л байдаг. Хархорин сумандаа манайх анхдагч. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг сайхан шүү дээ. Тиймээс анхдагч гэдгээрээ их бахархдаг. Дээрээс нь чанарын хувьд ч шаардлага бүрэн хангасан, Монголын хамгийн том гол болох Орхон голоос усаа авдаг учраас үүгээрээ их бардам байдаг шүү.
Манай бас нэг салбар Улаанбаатар хотод байдаг.
- Савласан усыг яг цэвэр ус байж чаддаг эсэхэд хүмүүс эргэлздэг. Тийм болохоор танайх үүн дээр ямар баталгаа өгдөг вэ?
- Улирал болгон Өвөрхангай аймагт усны шинжилгээ өгдөг. Үүгээр мэргэжлийн хяналтынхан шинжилж тогтоогоод, байнгын шинжилгээний, эрүүл ахуйн бичигтэй байдаг учраас түүгээрээ баталгаажих болов уу.
- Борлуулалтаа хаагуур хийж байна?
- Хархорин сумынхаа бүх дэлгүүрт тавьсан байгаа. Мөн манай бүтээгдэхүүнийг жуулчны баазууд ихээр сонирхож авдаг. Үүгээр бид усныхаа чанарыг сайн байгаа юм байна гэж үзэж байгаа. Учир нь манай усыг жуулчид, тэр дундаа япончууд ихээр сонгон хэрэглэж талархлын үг маш ихээр ирж байдагт бид баяртай байдаг. Мөн манай бас нэг салбар Улаанбаатар хотод байдаг. Тэндээ борлуулалт, түгээлтээ хийдэг.
- Үнийн хувьд ямар вэ?
- Манай цэвэр усыг арай үнэтэй байна гэдэг. Гэхдээ бидний хувьд тийм ч үнэтэй гэж бодохгүй байгаа. Учир нь цахилгааны үнэ нэмэгдэж байгаа учраас үүнийгээ дагаад бүтээгдэхүүний үнэ ч адилхан өснө шүү дээ. Гэхдээ үнэ дагаж чанар гэдэг дээ.
- Цаашдын зорилго, зорилт юу байна?
- Ус гэдэг маань өөрөө хэзээ ч үнэ цэнээ алдахгүй чандмань эрдэнэ шүү дээ. Тиймээс цаашдаа хүрээгээ тэлэх боломж бололцоо бидэнд илүү бий гэж харж байгаа. Мөн цаашлаад бид жүүс савлах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй.
- “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл танай сумыг зориод ирсэнд та ямар сэтгэгдэлтэй байна?
- Маш их баяртай байгаа. Энэ бол их бүтээлч ажил юм. Яг үнэндээ бид өөрсдийнхөө хэмжээгээр бүтээгдэхүүнээ сурталчилдаг ч хүмүүс тэр болгон мэдэхгүй л байгаа. Харин та бүхэн бидний хөдөлмөрийг олонд таниулж, эх орон даяар сурталчилж өгч байгаад талархаж байна.
- Д.Тэмүүлэн