Хөдөө орон нутагт сайн сайхан амьдарч болдог жишээг өөрийн биеэр үлгэрлэн яваа С.Цэвээнравдан гуай Гучин-Ус сумынхаа талх, нарийн боовны хэрэгцээг дангаараа хангадаг. Оюутан ахуй цагаасаа талх, нарийн боов хийж сурсан тэрбээр зарим тоног төхөөрөмжөө өөрөө хийчихдэг чамгүй гарын дүйтэй нэгэн. Албан ажлынхаа зав чөлөөгөөр эрхэлдэг түүний бизнес өөрийнх нь хэлснээр ёстой л “под хийсэн амьдрал”-ыг бий болгожээ. “Зөвхөн төсвийн байгууллагын цалингаараа амьдралаа авч явна гэвэл хүний хөдөлмөрийг доогуур үнэлдэг манай улсын нөхцөлд бараг л боломжгүй зүйл. Тийм учраас эхнэр бид хоёр ажлынхаа зав чөлөөгөөр бүтээгдэхүүнээ хийдэг” хэмээн С.Цэвээнравдан гуай бидэнд ярьсан юм.
-Хэзээнээс талх, нарийн боов үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Материал техникийн удирдах газар барилгын материалын нярав, мэргэжилтэн байлаа. Тэгээд байгууллагын зардлаар Техникийн их сургуульд суралцаж байтал 1990 оны зах зээл эхэлж, байгууллагаас миний төлбөрийг хийж чадахгүй болсон. Нэгэнтээ нөхцөл байдал хэцүү болсон учраас би сургуулиасаа гарч, амьдралаа залгуулахын тулд ажил хийх хэрэгтэй болсон. Тэр үед ямар бизнес ашигтай байна, тэр болгоныг л хийх гэж оролдож байлаа шүү дээ. Тэгээд би “Талх, нарийн боовыг хүн идэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр энэ төрлийн бизнес ирээдүйтэй, зогсолтгүй үргэлжлэх юм байна” гэж бодоод л үйлдвэрлэлээ эхэлж байлаа.
“Талх, нарийн боовыг хүн идэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр энэ төрлийн бизнес ирээдүйтэй, зогсолтгүй үргэлжлэх юм байна” гэж бодоод л үйлдвэрлэлээ эхэлж байлаа.
-Таныг аймагтаа хамгийн анхны хувийн талхны цех нээсэн гэж ярих юм билээ?
-Тийм ээ. 1990 онд найзтайгаа хамтран Өвөрхангай аймагт анхны хувийн талхны цехийг ажиллуулж байлаа. Хүнсний үйлдвэрийн талх, нарийн боов хийдэг нэг хүнийг дагалдан нэлээд зүйл сурч авсан даа. Сумандаа 2003 онд ирээд 2005 оноос талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлж байна. Анх сумандаа ирээд сургуулийн түрээсийн байранд амьдарч байлаа. Тэгээд тэндээ нэг өрөө түрээслээд бүтээгдэхүүн хийн зарж, хажуугаар нь албаныхаа ажлыг хийнэ. Зах дээрээс Оросын баахан тенн цуглуулаад өөрөө шарах шүүгээ хийж байсан. Одоо ч зарим нэг овор багатай тоног төхөөрөмжөө өөрөө хийчихдэг. Гэхдээ бас үйлдвэрлэл эрхлэх явцдаа ашгаасаа тоног төхөөрөмж авсан л даа.
Одоо ч зарим нэг овор багатай тоног төхөөрөмжөө өөрөө хийчихдэг
-Одоо хэчнээн төрлийн, ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Бялуу, 18 төрлийн нарийн боов, талх, пицца, бас хэрчсэн гурил үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах санаа байгаа боловч манай гэр бүлийн хүн бид хоёр давхар албан байгууллагад ажилладаг болохоор амжихгүй юм.
-“Үдийн цай” хөтөлбөрт танайх бүтээгдэхүүн нийлүүлдэг гэсэн. Албан ажлынхаа хажуугаар энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?
-Заримдаа шөнө орой ажиллаад болоод л байдаг юм. Манайх тавуулаа ажилладаг. Манай гэр бүлийн хүн 34 жил сургуульд тогооч хийсэн болохоор их хурдан, чанартай бүтээгдэхүүн хийдэг л дээ. Сургууль болон дотуур байрны хүүхдүүдийн “Үдийн цай”-нд өдөрт 120-200 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлдэг.
-Танайх бас зоогийн газар, дэлгүүртэй юм байна. Бүтээгдэхүүнээ борлуулах бас нэг давуу тал юм уу даа?
-Мэдээж давуу талтай. 2013 онд энэ хоёр давхар үйлчилгээний төвийг барьсан. Дээд давхарт нь бид өөрсдөө амьдарч, доод давхартаа зоогийн газар, талх нарийн боовны цех, хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Талх, торт, нарийн боовоо дэлгүүртээ зарна. Пицца, гурилаа зоогийн газартаа хэрэглэнэ. Манайх бас интернэт кафе ажиллуулдаг болохоор хүүхэд залуучууд их орж ирдэг. Тэгээд пицца, торт их захиалдаг.
-Сумынхаа талх, нарийн боовны хэрэгцээг дангаараа хангадаг гэсэн. Ер нь борлуулалт хэр байдаг вэ?
-Манай суманд талх, нарийн боов үйлдвэрлэдэг өөр газар байхгүй болохоор борлуулалт сайн байдаг. Хүмүүс нэг үеэ бодвол шинэ бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг болж. Манайх бүх бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулдаг болохоор эрүүл байдаг. Өглөө хийгээд дэлгүүрт тавьсан бүтээгдэхүүн орой гэхэд дуусчихдаг. Ер нь үлдэгдэл байдаггүй ш дээ. Манайх “Үдийн цай”-наас гадна Богд суманд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Жил ирэх тусам хүмүүс мэддэг болоод ирэхээр боруулалт нэмэгдэж байна. Зуны улиралд хичээл тараад айлууд хөдөө мал дээр гарчихдаг учираас борлуулалт мууддаг. “Үдийн цай”-нд нийлүүлдэг бүтээгдэхүүнээс сардаа 3-4 сая төгрөг, дэлгүүр, зоогийн газарт зардаг бүтээгдэхүүнээс сая төгрөгийн орлого олдог.
-Суманд энэ төрлийн үйлдвэрлэл явуулахад ямар бэршээлтэй асуудал тулгардаг вэ?
-Бэрхшээл ер нь бага шүү. Гурилаа хотоос татдаг болохоор бүтээгдэхүүндээ тээврийн зардлаа шингээхгүй бол хэцүү л дээ. Тийм болохоор бага зэрэг үнэтэй болчих гээд байдаг тал бий. Талх, нарийн боов тасралтгүй үйлдвэрлэл явуулж байж л ашгаа олдог. Тиймээс хүн хүчний асуудал их чухал даа. Орчин үед сэтгэлээсээ хүнд ажил хийж өгдөг хүн цөөн болсноос гадна олон жил хөдөлмөрлөсөн бидний санаанд нийцэх хүн ховор. Зөвхөн ажилчин ч гэлтгүй өөрөө бүтээгдэхүүн хийж үзсэн хүн л ийм үйлдвэрлэлийг удирдана. Тэгэхгүй бол дампууруулна шүү дээ. Зөв чиглүүлж чадах юм бол ашгаа хурдан өгдөг.
-Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол бий биз дээ?
-Манай энэ газар сумын А зэрэглэлийн бүсэд ордог болохоор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад их тохиромжтой байдаг. Тийм учраас хажуудаа газар нэмж авсан. Ирэх жилээс эндээ барилга барих төлөвлөгөөтэй байна. Сумдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд сайхан амьдарч болдгийг залуучууддаа харуулах гээд л зүтгэж явна даа.
Утас: 99015056