Монгол үхэр, сарлагын ширийг боловсруулж Монголын гэх брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар зорьж ажиллаж буй SRB компанийн MR арьсан цүнхний үйлдвэрийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна. Эх орныхоо хэрэглэгчдэд жинхэнэ монгол арьсаар цүнх болоод бусад бүтээгдэхүүнийг хийж үйлчлэхээс гадна Япон, Солонгос, Тайвань зэрэг улсруу экпортолдог тэдний хувьд цаашид цар хүрээгээ улам тэлэхээр зорьж ажиллаж буй "SRB" ХХК-ийн захирал Б.Энх – Оюунтай ярилцлаа.
-Монгол арьсаар бүтээгдэхүүн хийх болсон ямар шалтгаан байна вэ. Өмнө нь ийм үйлдвэрлэл явуулж байв уу?
-Яагаад арьсаар бүтээгдэхүүн хийх санаа төрсөн бэ гэвэл манай улс чинь хэчнээн мянган тоо толгой малтай билээ, түүнийгээ дагаад монгол малын арьсаа яагаад сайн ашиглаж чадахгүй байгаа юм бол оо хэмээн бодсоны эцэст судалж үзээд болохгүй зүйл байхгүй юм шиг санагдаад уг үйлдвэрлэлээ явуулах болсон. Тэгээд монгол арьсаар бүтээгдэхүүн хийж брэнд болгож Монголдоо төдийгүй гадаадын улсуудад ч үүнийгээ таниулья гэсэн зорилгоор өдийг хүртэл ажиллаж байна.
-Анх үйлдвэрлэлээ хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан гэсэн. Харин өдгөө маш олон залуучууд ажиллаж байна. Өдөр ирэх тусам загварын чиг хандлага өөрчлөгдөж байгаа өнөө үед цүнхнийхээ загварыг хэрхэн гаргаж ажилладаг вэ?
- Мэдээж орчин үеэ мэдэрч загвараа гаргах нь чухал. Залуу хүмүүс чинь сэтгэлгээ нь шал ондоо, эрч хүч ихтэй байдаг шүү дээ. Тийм болохоор манай компанид залуучууд олон. Энэ хүмүүстээ найдаж, залуучууддаа боломжийг нь олгодог, тэдний гаргасан загвараар цүнхээ үйлдвэрлэж байна.
-Монгол арьс хэзээнээс чанартай. Тиймээс монгол үхэр, сарлагийн арьсаар хийсэн бүтээгдэхүүн урт, удаан эдэлгээтэй байдаг байх?
- Монгол арьсан эдлэл гэхээр манайхан буруу ойлголттой байгаа юм шиг санагддаг. Хийц, загвар муутай, чанаргүй, оёдол муу, арьсны боловсруулалат муутай гэх мэт ойлголт монголчуудад байсан. Биднийг анх үйлдвэрлэлээ эхэлж байхад ч гэсэн боловсруулалт үнэхээр муу байсан. Гэхдээ одоо бол шал өөр болсон. Компани маань байгуулагдаад өдгөө гурван жил болж байна. Энэ хугацаанд бид “Дархан нэхий”, “Монгол шевро” –гийн хамт олонтой хамтарч ажиллаж ирсэн. Тэд хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гадагш нь гаргадаг компаниуд. Тэгээд ер нь монгол брэнд бүтээгдэхүүнийг гаргахын төлөө арьсаа бүтэн боловсруулах тал дээр маш их анхаарч ажилласан. Тиймээс өдгөө дэлхийд өрсөлдөх монгол арьсан бүтээгдэхүүнийг гаргаж чадсан гэж бодож байна. Үүнд маш их баяртай байгаа. Өмнөө тавьсан зорилгууд маань бага багаар биелээд явж байна даа. Монгол малны арьс бол бусад импортын арьсыг бодвол өөрийн эх орондоо, өөрийн ногоо тэжээлээ идэж өссөн байдаг учраас арьс нь натурал буюу байгалиараа байдаг. Тиймээс чанарын хувьд бат бөх, илүү байдаг гэж хэлнэ.
- Өнөөдрийн хувьд MR брэндийн хэчнээн өнгөний сонголттой, хэдэн төрлийн загварын цүнх гарч байна?
-Одоогийн байдлаар долоон өнгөний сонголтоор хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Ер нь бол ямар ч өнгө гаргах боломжтой. Загварын хувьд гэвэл 40 орчим төрлийн хэв загварын цүнх байна. Бид үйлдвэрийнхээ хажууд нэрийн дэлгүүрээ нээгээд байгаа. Үүнд манай хэрэглэгчид ирээд хүссэн хэмжээ, өнгө, загвараараа захиалж болно.
- Эх орны хэрэглэгчдэд хүрээд зогсохгүй гадагшаа гаргадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр гаднынхан монгол арьсыг юу гэж харж байна?
- Гаднынхан монголчуудаас илүү сонирхож байгаа шүү. Яагаад гэвэл тэд арьсны үнэ цэнийг маш сайн мэддэг, хэрэглээд сурчихсан хүмүүс байдаг. Манай арьсыг хэрэглээд, бат бөх чанараас авахуулаад маш их таалагддаг болсон. Үүнээс гадна өөр олон саналууд гаднаас тавьж байгаа.
- Яг одоо ямар улсруу гаргаж байна. Цаашдаа экспортоо нэмэх бодол бий юү?
- Байлгүй яах вэ. Ингэхийн тулд хамгийн түрүүнд бид өөрсдийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажиллах боловсон хүчнээ илүү чадваржуулах хэрэгтэй гээд олон тулгамдсан асуудал бий. Япон, Тайвань, Солонгос гэсэн гурван улс руу одоогоор худалдаалж байна.
- Тэгэхээр танай үйлдвэрийн хувьд гаднын арьсаар бус эх орныхоо малын шим тусыг бусаддаа түгээж, монгол арьсны чанарыг таниулж, дотооддоо мөнгөн урсгалаа эргэлдүүлэх гол зорилготой гэсэн үг үү?
- Ер нь Монголоо хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Болдог бол гаднаас орж ирж байгаа бүх цүнх, ер нь хүнснээс бусад бүхий л зүйлсийг дотоодоосоо авч хэрэглэдэг болчихмоор байна. Тиймээс үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь эдийн засгийн хямралаа давах цорын ганц гарц гэж харж байгаа юм. Бие биенээ дэмжиж энэхүү бизнесийн салбараа хөгжүүлэх нь гол гарц нь юм болов уу гэж хардаг.
-Монгол брэнд гэдэг үгийг та юу гэж бодож байна. MR бас юуны товчлол вэ?
- Анх уг бизнесээ эхэлж байхдаа зөвхөн Япон улсад зарж борлуулах зорилготойгоор Сораби гэдэг нэртэй үйлдвэрлэж байсан. Тэгээд цаашид ер нь ганцхан улсад биш Монголын брэнд болгож, өөр бусад улсад ч гэсэн борлуулж, түгээе гэсэн үүднээс нэрээ Монгол арьс гэдэг үгний товчлол буюу MR гэж өөрчилсөн. Монгол брэнд гэдэг маань монгол арьсыг л брэнд бүтээгдэхүүн болгож гаргах явдал юм. Ер нь манайд арьсыг бүрэн боловсруулдаг үйлдвэр бараг үгүй. Байдгаас ганцхан “Монгол Шевро” л байсан. Тэгээд биднийг дэмжиж, бидний хүссэнээр арьсыг бүрэн боловсруулж Монголдоо боловсруулсан жинхэнэ монгол арьсаар бүтээгдэхүүн гаргаж байгаа маань жинхэнэ брэнд болж чадаж байгаа юм.
- Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн талаар сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
- “Масс агентлаг”-ийн Баялаг бүтээгчдийн нэг болоод орж байгаад маш баяртай байна. Манай хамт олон цаашид дээр хэлсэн зорилтуудаасаа эргэж буцалтгүйгээр ажиллаж дэлхийд танигдах болно.