Монгол улсын Ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй.
Тэр үеэс өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсны үр дүнд өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангаж дэлхийн стандартад нийцсэн техник технологийг нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсан билээ.
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
-Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компанийн өнөөдрийн үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компани өнөөдрийн байдлаар үндсэн 350, гэрээт 2000 гаруй ажилтантай таван аймгийн нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулж байна. 2009 оноос үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 200 тонн-оор нэмэгдүүлж, 2011 онд олон улсын санхүүгийн корпорациас зургаан сая долларын хөнгөлттэй зээл авч үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, сүү бэлтгэлийн хуучин системийг сэргээсэн байгаа.
-Өдөрт хичнээн тонн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна вэ?
-Манай үйлдвэр өдөртөө 60 тонн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж нийслэл хотын шингэн сүүний хэрэгцээний 81 хувийг ханган ажиллаж байна.
-Зөвхөн ферм гэлтгүй малчдаас шингэн сүүг авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хамгийн гол нь сүүг ариутгах нь хамгийн чухал болов уу?
-Сүүг ариутгах тал дээр ихээхэн анхаарч хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Энэхүү технологи нь дотор дөрвөн хэмтэй сүүг дөрвөн секундын дотор +137 градус хүртэл халааж мөн эргээд дөрвөн хэм хүртэлхи хөргөх хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи байгаа.
-“Сүү” ХК нь бусад сүүний үйлдвэрүүдээс ялгарах олон давуу тал бий. Үүний нэг нь өөрсдийн эрчимжсэн мал аж ахуйн фермийн үйл ажиллагаа болов уу?
-Тэгэлгүй яахав, Өнгөрөгч 2014 онд манай компани “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фермерийг ашиглалтанд оруулсан. Европийн улсаас “Гольштейн” үүлдэрийн үнээг оруулж ирсэнээр өдөрт долоон тонн сүүг үйлдвэрт нийлүүлэх хүчин чадалтай болж чадсан.
“Сүү” хувьцаат компанийг түшиглэн “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фермийг 2014 онд байгуулжээ. Тус үйлдвэр нь үнээний цэвэр шингэн сүүг өдөр бүр үйлдвэрт нийлүүлж чанарын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүний гол түүхий эд болж байна.
“Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фермийн ерөнхий менежер Б.Гантулга
“Макс Агро” ферм нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 2014 оны есдүгээр сард байгуулагдсан. Монгол улсад сүүн, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанарын шаардлагыг хангах, импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Юкеслав улсаас “Гольштейн” үүлдэрийн 300 үнээг оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 300 үнээ, 260 гаруй тугалтай болоод байна. Манай фермийн давуу тал бол саалтуурын аппарат нь бүрэн автомат.
Манай ферм өдөрт зургаан тонн сүүг “Сүү” ХК-д тогтмол нийлүүлж байна. 2018 оныг хүртэл үнээний тоог 1200 болгон нэмэгдүүлж хоногт 50 тонн үнээний цэвэр шингэн сүүг үйлдвэрлэх нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Ингэснээр нийслэл болон орон нутгийн хэрэглэгчид эрүүл аюулгүй орчинд бэлтгэгдсэн үнээний цэвэр шингэн сүүг хэрэглэх боломжтой юм.
Эрчимжсэн мал аж ахуйн фермийг байгуулахын тулд газар тариалангийн бүс нутгийг зонхилон байгуулсан байна. Сүүний чиглэлийн үнээний хамгийн гол тэжээл нь дарш байдаг. Тус ферм нь 4200 тонн даршийг энэ жил бэлтгэжээ. Даршны гол бүрэлдэхүүн нь вандуй, улаан буудай, овъёос байдаг аж. Сүүний чиглэлийн үнээний идэш тэжээл харилцан адилгүй байдаг. Саалийн эхний хугацаанд маш их тэжээл шаарддаг. Тэжээл сайн байвал хамгийн өндөр тослогтой сүү гардаг.
"Сүү" хувьцаат компанийн технологийн албаны дарга С.Оюунбилэг
Манай “Сүү” хувьцаат компани бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс сүүг хүлээн авч анхан шатны боловсруулалт хийж, өндөр хэмийн халуунд сүүг ариутган, савлаж хэрэглэгчдийн гарт хүргэдэг. “Миний Монголын сүү” 2010 оноос гурван төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж байна. Шар өнгийн савлагаатай нь тослог багатай, цэнхэр өнгийн савлагаатай нь өргөн хэрэглээний, улаан өнгийн савлагаатай сүү нь тослог өндөртэй байдаг.