БНСУ-д ажиллаж, амьдарч буй олон иргэд бий. Харин “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олон БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй “Хамаг монгол” ХХК-ийн үйл ажиллагааг онцлон хүргэж байна. Тус компани нь Монгол залуучуудаар багаа бүрдүүлж, ажиллаж байгаагаараа онцлогтой юм. Ингээд 11 жилийн турш баталгаат, найдвартай үйлчилгээг явуулсаар байгаа “Хамаг Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна.
-Үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үеэ эргээд дурсвал?
-Үүсгэн байгуулагч маань анх Солонгос улсад хараар ажил хийж байсан юм. Тухайн үед буюу 1999 онд Солонгос монголын хамтын ажиллагаатай ажлаа явуулж эхэлсэн. Ингээд л Солонгос эзэнтэй ажиллаж байгаад өөрсдөө бие даан ажиллах санаа төрж, 2004 оноос монгол залуучуудаар багаа бүрдүүлж ажиллаж эхэлсэн. 2004 оноос хойш тодорхой хэмжээний компанийн бүтцэд орж эхэлсэн учраас ажиллах хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Би тухайн үед Монголд дөнгөж сургуулиа төгсөөд наашаа ирж ажиллаж байсан юм. Одоогоор компанидаа ажлаад арав гаруй жил болж байна. 1999 онд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд гарын таван хуруунд багтахаар л цөөхөн байсан. Одоо харьцангуй их болсон шүү.
-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ?
-Солонгос талаас ямар нэгэн хүндрэл байхгүй. Хуулийн дагуу явж байгаа тохиолдолд бүх зүйл нээлттэй. -Хамгийн гол нь үйлчлүүлэгч, харилцагчдын харилцаагаа сайн авч явах шаардлагатай байдаг.
-Өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлэх үү?
-Янз бүр байдаг. Амралтын өдрүүдэд монголчууд маань их үйлчлүүлнэ. Ажлын цаг монголд байдаг шиг өглөө 9-18 цаг хүртэл гэж байхгүй. Дандаа ажил хийж байгаа хүмүүс үйлчлүүлдэг учраас ажил тарсаны дараа ирдэг. Энэ жил эдийн засгийн хямралын улмаас үйлчлүүлэгчдийн тоо урьд жилүүдийнхээс муудсан.
1999 онд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд гарын таван хуруунд багтахаар л цөөхөн байсан
-Ачаа тээвэрлэхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Ихэвчлэн Солонгос улсад хэрэглэж байсан хэрэгцээний энгийн зүйл явуулдаг тул элдэв асуудал ер нь гардаггүй. Гэхдээ үйлчлүүлэгчдээс дандаа багласан зүйл өгдөг учраас бид 100 хувь хяналт тавина гэж байхгүй. Бид одоогоор Сөүл дотроо 50-60 кг тээврийн зардал авахгүйгээр дуудлагад явдаг. Харин холын дуудлагад ачааны хэмжээнээс хамаараад үнэ бодогддог юм. Килограммын ачаа 1200-2000 вонын үнэлгээтэй байдаг. Энгийн хувцас гэхчлэн хагарч гэмтэхгүй ачаа хямд зардалтай. Харин шилэн эдлэл хагарч эвдрэх зүйлс нь 2000 вон болдог. Энд ажиллаж байгаа хүмүүс машин их тээвэрлүүлдэг. Машин 1000-1200 ам.доллор ханштай тээвэрлэнэ. Машин дээр тодорхой хэмжээний эвдрэл сэв гарсан тохиолдод монгол тал хариуцахаар хүлээж авдаг.
-Ачаа тээвэрлэх явцад бараа хагарч гэмтэх асуудал хэр их гарах уу?
-Зарим үед гаралгүй л яах вэ. Ачалт хийхэд тодорхой хэмжээнд тааруулж ачдаг. Үүнээс болж даралтанд гэмтэх асуудал ч хааяа гарна. Гэхдээ ямарч үед бид үйлчлүүлэгчээ хохиролтой үлдээсэн удаа байхгүй.
-Монгол талаас голдуу ямар бараа бүтээгдэхүүн тээвэрлүүлдэг бол?
-Монгол талаас ачаа тээвэр зөвхөн агаараар ирдэг. Эм тариа, хоол хүнсний зүйл гэх мэтчилэн их ирнэ. Ер нь Солонгос руу эм тариа оруулахыг хориглодог. Бид гааль дээр тодорхой хэмжээний асуудал гарна гэж сануулж хэлдэг ч иргэд маань өгч, хураагдах үедээ хураагдаж, аз нь таарвал хилээр гардаг. Энэ тохиолдолд бидэнд ч гэсэн эрсдэл торгууль гарна. Гэхдээ монгол хүн гэдэг утгаараа өгсөн зүйлийг нь найдвартай гаргаж өгчих юмсан гэж бодоод л авдаг.
-БНСУ-д ажиллаж амьдарч буй олон иргэд бий. Тэдгээрээс үйлдвэрт хар ажил хийдэг хүн цөөнгүй шүү дээ. -Таны хувьд бие даасан үйл ажиллагаа эрхэлж байгаа, энэ хоёрын ялгаа гэвэл?
Энэ тал дээр ялгаатай тал бий. Үйлдвэрт ажиллахад тогтсон цалинтай, тогтсон цагтай өсөж, хөгжих боломж муу юм уу даа. Харин хувиараа ажил эрхэлснээр өглөө бүр тэмүүлэлтэй босж ирдэг. Манай компанийн Солонгос талд 4-5 хүн тогтмол ажилладаг. Харин Монгол талдаа таван хүн бий. Аж ахуй нэгжийнхээ хүрээнд ниймгийн даатгалыг 100 хувь төлж явдаг.
-Танай компанийн онцлог болон давуу тал юу бол?
-100 хувь монгол хүмүүс ажилладаг гэдгээрээ онцлог. Бид бусад каргоны хийхгүй гэсэн үйлчилгээг монгол хүмүүстээ зориулж хийдгээрээ давуу талтай юм.
-Цаашид өөр үйл ажиллагаа эрхлэх бодол байгаа юу?
-Анх бизнес эхэлж байх үед өөр ажил хийх талаар боддоггүй байсан. Одоо бол зөвхөн нэг зүйл биш өөр ажил үйлчилгээ эрхлэх ёстой юм байна гэж бодож байгаа. Солонгос улсад ирснээр хөдөлмөр гэж юу байдгийг 100 хувь мэдэрсэн.
Түүхээрээ хэтэрхий их бахархаж, омогших нь нэг талаар монголчуудын нэг дутагдалтай тал болдог. Гэхдээ Монгол хүний уугуул хөдөлмөрлөх чадамжийг монгол залуучууд үнэхээр харуулж чаддаг.
-Солонгос улсад ажиллаж амьдарч буй монгол залуусын талаар сайн муу янз бүрийн яриа сонсогддог. Энэ талаар та бодлоо хуваалцаач?
-Хүний нутагт нутгийн нэрээ хайрла, өөрийн нутагт хүний хүнийг хайрла гэсэн монгол үг бий. Солонгос хүмүүс монголчуудыг их омогтой гэж шүүмжилдэг. Харин бид эх оронд нь ажиллаж, амьдарч байгаа учраас иргэдийг нь хүндэлж байж эргээд хүндлэл авах ёстой. Түүхээрээ хэтэрхий их бахархаж, омогших нь нэг талаар монголчуудын нэг дутагдалтай тал болдог. Гэхдээ Монгол хүний уугуул хөдөлмөрлөх чадамжийг монгол залуучууд үнэхээр харуулж чаддаг. Сайны хажуугаар саар гэхчээр зорилгогүй архидаж нэгнийгээ уруу татдаг хүмүүс ч бий.
-Магадгүй монгол хүн бүр манай монгол энэ орон шиг хөгжөөсэй гэсэн нууцхан атаархал байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Энд ирээд бодох зүйл их байдаг. Солонгос улсад шөнийн нэг, хоёр цаг болсон ч айх айдас байдаггүй. Ер нь их тайван улс. Энэ болгонд бага хэмжээний атаархал төрнө. Хамгийн эхэлж бодсон зүйл бол Солонгос хүний мэндлэх ёс. Багаасаа гэрт нь зочин ирэхэд мэндэлж, үдэж гаргаж өгдөг. Манайхан дээхэн үед ахмад настнаа хүндэлдэг байсан бол одоо энэ асуудал хөндөгдөх болж.
-Гэр бүлийнхээ хамтаар ажиллаж амьдарч байгаа. Ер нь Солонгос улсад гэр бүлээрээ амьдрахад хэр санагдаж байна?
-Манайх Сөүлээс 60 км зайд эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна. Том хүү маань одоо гуравдугаар анги, бага охин маань энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа. Гэр бүлээрээ байна гэдэг хамгийн чухал л даа. Орчин их сайхан учраас ажиллаж амьдрахад нэг их хэцүү зүйл байхгүй.
-Та бараа тээвэрлэхээс гадна гэр бүлээрээ бага зэргийн бизнес эрхэлдэг гэж байсан?
-Бизнесийн сонирхолтой, аялал жуулчлалаар ирээд байгаа хүмүүст бүх л талын туслалцаа үзүүлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд зуучилж өгөхөд тодорхой хэмжээний төлбөр авна. Харин аялал жуулчлалаар ирсэн иргэдэд өөрийнхөө мэдлэгийн хүрээнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Мөн “Хамаг монгол”-ын салбар болох хоолны газар ажиллуулдаг. Монголчууддаа зориулж караоке болон билльярд ажиллуулдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Удахгүй монголдоо ирж, амжилттай ажиллахын ерөөл өргөн дэвшүүлье.
"Хамаг монгол" карго -010-3126-0201, 99100068, 99119391
М.Цацрал