Шинэ Зеланд улсын төсөлд хамрагдан ногооны үр авч, мөн хүлэмж бариулсан Тарагт сумын “Хос арвайн түрүү” хоршоог танилцуулж байна. Тус хоршоо анх таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө 50 гишүүнтэй өнөр өтгөн “өрх айл” болжээ.
Хоршооны дарга Л.Чогдон
-Хоршооныхоо талаар бидэнд танилцуулахгүй юу?
-Манайх 2000 оноос хүнсний ногоо тариалж эхэлсэн. Эхлээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад сүүлдээ хоршоо болж 50 гишүүнтэй болоод байна. Гадаа ногоо тариалахаас гадна хоёр хүлэмжинд нарийн ногоо тариалж худалдаалдаг. Хоршоо байгуулах нь амьдрал ахуй, амьжиргааны түвшинд эергээр нөлөөлж, тэр тусмаа залуу гэр бүлүүдэд маш боломжтой ажил юм. Энэ жилээс хоёр залуу гэр бүл хүлэмжинд хамтарч ногоо тарьж эхлээд байна. Хүлэмжийн ногооны хувьд дөрөвдүгээр сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл тариална.
“Хос арвайн түрүү” хоршоо аван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад сүүлдээ хоршоо болж 50 гишүүнтэй болоод байна.
-Олноороо хамтарч ногоо тарихын ач холбогдол юу вэ?
-Хамтын хүч, хөдөлмөрөөс амжилт, ажлын бүтээл өндөр гардаг. Тиймээс ганц, нэгээрээ үйлдвэрлэл эрхлэх гэж махаа зулгааж байснаас “Олны хүч оломгүй далай” гэдэг шиг, мөн ажлын үр шимээ хурдан үзэх гэж 2012 оноос хоршоо байгуулсан юм.
-Ногоогоо хаана борлуулж байна?
-Сумын төвд эмнэлэг, цэцэрлэг, сувилал болон хувь хүмүүс нэлээд хэмжээгээр авдаг. Мөн “Өв түншлэл” үзэсгэлэн худалдаанд жил бүр таваас дээш өрх оролцдог. Харин энэ жил арван өрх оролцох санаатай байна.
-Ногоогоо хаана, яаж нөөшилж, хадгалдаг вэ?
-Манайх 10 тоннын зоорьтой. Тухайн хэрэглээний үедээ гаргаад борлуулалтаа хийдэг.
-Ер нь сумандаа ногооны аж ахуй эрхлээд амьдрахад боломжтой байна уу?
-Боломжтой шүү. Аймгийн төвтэйгөө ойр болохоор ихэнхийг нь төв рүү аваачаад борлуулчихдаг. Мөн малчдад малаар, бэлэн мөнгөөр гээд төрөл бүрээр л борлуулалтаа хийж байна даа.
малчдад малаар, бэлэн мөнгөөр гээд төрөл бүрээр л борлуулалтаа хийж байна
Хоршооны гишүүн Б.Аюуш: Манай гишүүд бүгд туршлагатай болсон
-Хэчнээн га газарт ямар төрлийн ногоо тариалж байна вэ?
-Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөндлөн булаг хэмээх газарт “Хос арвайн түрүү” хоршоо нийт 9.5 га газарт хүнсний ногоог 2000 оноос хойш тариалж байна. Зуны гурван сарын турш зэрлэгийг нь зулгааж, усалж арчилж тарьсан энэхүү ногоогоо бид уул уурхайн компани, эмнэлэг, ойрын амралтын газруудад нийлүүлдэг. Сумын иргэдээ ч хүнсний ногоогоор бүрэн хангаж байна.
-Энэ жилийн ургац хэр байна?
-Энэ жилийн хувьд ургац арвин байна. Тэнгэр хангай ч сайхан ааштай байж, хур бороо ч элбэг орлоо. Манай хоршоонд нийт 50 өрх хамрагддаг. Дийлэнх нь малчид байдаг учраас ногоогоо суулгачихаад явчихдаг юм. Сүүлд ургац хураах болохоор өөрсдийн хариуцсан хэсгээ өөрсдөө хурааж аваад, борлуулалтаа хийдэг.
-Хэчнээн төрлийн ямар ногоо тарьж байна?
-Төмс, лууван, манжин, байцаа зэрэг арав гаруй төрлийн хүнсний ногоог гадаа талбайд тарьдаг. Одоогийн байдлаар сонгино, лууван, манжин зэрэг ногоогоо хураан авч дуусч байна. Нэг гишүүн гэхэд 140 кг үрийн төмсөө өгөөд, бусдыг нь хурааж авдаг. Нийтдээ нэг хураалтаар 20 тонн төмс авчихдаг. Тавдугаар сар гаргаад төмс тарьж эхлээд есдүгээр сарын 15-наас хураалтаа эхэлнэ. Бусад ногоонуудын хувьд ч ялгаагүй.
-2000 оноос өдийг хүртэл газар тариалан эрхэлсэн болохоор одоо ч туршлагажсан биз?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Анх тарихад бол мэдэхгүй зүйл олон байсан ч одоо бол хоршооны бүх гишүүд туршлагажиж, ногоогоо ч сайн арчилж, эрүүл хүнс бий болгож байна.
Утас: 95571713