“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл энэ удаа Баянгол дүүргийн оюуны баялаг бүтээгч “Хөх орон” цэцэрлэгийг онцолж байна. Тус цэцэрлэг нь монголд анх удаа эрдэмтдийн багийн судалгаа, арга зүй дээр үндэслэн “Язгуур Монгол” хүүхдийг төлөвшүүлж, сургаж боловсруулах “Хөх нүүдэл” төслийг санаачлан таван үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна.
“Хөх нүүдэл” төслийг санаачлан таван үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна
Тус төслийн эхний шат болох ”Хөх орон” цэцэрлэг нь эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрэн хангагдсан, хүүхдэд ээлтэй, тав тухтай олон улсын стандартад нийцсэн орчин болон сургалтын хэрэглэгдэхүүн бүхий 960 м2 байртай, 2600 м2 эдэлбэр газарт тоглоомын талбай, туршилтын цэцэрлэгт хүрээлэн, язгуур Монгол ахуйг харуулсан Наран, Саран өргөө гэр бүхий сургалтын цогцолбортой юм.
Тус цэцэрлэг хүүхэд нэг бүртэй тулж харьцаж хөгжүүлэхээс гадна хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан өрөөнүүдээ тохижуулж, тоглоом, ор, тэр ч бүү хэл хүүхдийн унтах гудсыг нь хүртэл захиалгаар хийлгэсэн аж. Түүнчлэн өдөр бүр шим тэжээлтэй хоолыг шинээр нь хийж өгдөг гэдгээ цэцэрлэгийн тогооч нар онцолж байсан.
”Хөх орон” цэцэрлэг нь эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрэн хангагдсан
Ингээд тус төслийг хэрэгжүүлж буй “Манд нар уул” ХХК-ны Гүйцэтгэх захирал, “Хөх нүүдэл” төслийн санаачлагч. Эдийн засгийн ухааны доктор Я.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Юун түрүүнд цэцэрлэгийнхээ онцлог, үйл ажиллагааг уншигчдад танилцуулаач. Түүнчлэн яагаад тус төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Баярлалаа, Манай багийнхан маш удаан хугацааны турш судалгаа хийсэн л дээ. Хүүхэд цэцэрлэгийн насаа өнгөрөөд шууд сургуульд ордог. Тэр үед хүүхдэд маш олон бэрхшээл тулгардаг. Жишээ нь хүүхэд төлөвшөөгүй, сууж сураагүй, даалгавраа хийж чадахгүй зэрэг асуудал гарч ирдэг л дээ. Тиймээс олон жилийн судалгаанд үндэслэн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн эзэмшүүлэх, анхаарах тал дээр саналаа нэгтгэн 3D тусгай хөтөлбөрийг боловсруулсан. Энэ нь хүүхдийг оюун санааны хувьд, зүрх сэтгэлийн хувьд, бие бялдрын хувьд яаж зэрэг хөгжүүлэх вэ гэдэг тал дээр анхааран ажиллаж байна.
Хүүхдийг оюун санааны хувьд, зүрх сэтгэлийн хувьд, бие бялдрын хувьд яаж зэрэг хөгжүүлэх вэ гэдэг тал дээр анхааран ажиллаж байна
- Мэдээж монголын баялаг бол яах аргагүй бидний ирээдүй болсон хүүхдүүд шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хүүхдийн 0-6 нас бол маш чухал үе байдаг. Энэ чухал үеийг л алдалгүй хүүхдүүдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн төлөвшүүлэх, хүмүүжүүлэх арга ажиллагаа явагдах хэрэгтэй. Манай цэцэрлэгээр хүмүүжиж байгаа хүүхдүүдийг ирээдүйд маш их баялагийг бүтээнэ гэж харж байгаа. Яагаад гэхээр бид хүүхэд нэг бүрийг судалдаг, хүүхэд бүр өөр өөр ертөнц гэж харж ажилладаг.
Бид хүүхэд нэг бүрийг судалдаг, хүүхэд бүр өөр өөр ертөнц гэж харж ажилладаг
-Маш удаан хугацааны турш хийсэн судалгааны үндсэн дээр энэ төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн шү дээ. Тэгэхээр энэ судалгаа, туршлагаа бусад цэцэрлэгийн багш нартай хуваалцах тал дээр ажиллах болов уу гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Өөрсдийн ололт амжилтаа бусадтай хуваалцаж, нийтэд хүргэх хэрэгтэй. Тэр утгаараа бид Монголын үндэсний телевизтэй хамтран хэд, хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн “Жаран” гээд сэтгүүл гаргана. Тус сэтгүүлээр дамжуулан өөрсдийн судалгааны ажлаа нийгэмд хүргэнэ.