Өвөрхангай Зүүнбаян-Улаан сум
Сүү, цагаан идээ хамгийн олон хэрэглэгчтэй, хэзээ ч бизнесийн зах зээлээс халагдахгүй, уламжлалт бүтээгдэхүүн гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Гэвч жижиг зах зээлээс болж борлуулалтаа хангалттай сайн хийж чадахгүй байгаа “Билэгт тайж” хоршоо үнээний ферм өдгөө 22 үнээтэй үйл ажиллагаа явуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүний дөрвөн үйлдвэр байгуулсны нэг нь Зүүнбаян-Улаан суманд байдаг аж. Гэвч төв цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй, бохирын цооног ойр баригдсан гэх шалтгааны улмаас үйлдвэрлэл явуулахгүй байгаа аж. Харин уг үйлдвэр ашиглалтад орвол тус үнээний фермийн хувьд борлуулалт болоод бүтээгдэхүүний сав баглаандаа санаа зовох зүйлгүй болно гэдгээ хэлж байна.
-Танай хоршоо хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-2013 оны долдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 33 гишүүн маань нийлж, хорин саалийн үнээ аваад, тэгээд УИХ-ын гишүүний багцаас энэхүү байрыг, гүний худагтай нь шийдэж өгсөн байгаа. Өдгөө өнгөрсөн хоёр жилийн хугацаанд малаа онд мэнд оруулаад, өсгөж үржүүлсээр байна.
2016 онд малчдаа малжуулах зорилгын хүрээнд арван саалийн үнээ авахаар болсон байгаа.
-Хоршооны гишүүд саалийн үнээтэй болсон уу?
-Энэ хугацаанд бид арван гишүүнээ саалийн үнээтэй болгож, малжуулсан. 2016 онд малчдаа малжуулах зорилгын хүрээнд арван саалийн үнээ авахаар болсон байгаа.
-Одоо хэдэн саалийн үнээтэй болов. Мөн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Одоогийн байдлаар саалийн 22 үнээтэй байна. Зах зээл жижиг учраас үйлдвэрийн зориулалттай байр гэж байхгүй, гар аргаар ааруул, өрөм, аарц, мөн монгол архи үйлдвэрлэж байна.
-Борлуулалт хэр байдаг вэ?
-Борлуулалт одоогоор тийм ч сайн биш байгаа. Гэхдээ цаашид бүтээгдэхүүнээ зөвхөн сумандаа гэлтгүй аймаг руугаа гаргах бодолтой ажиллаж байна. Мөн цэцэрлэгт сүү, тараг нийлүүлдэг.
-Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар асуудал тулгарч байна вэ?
-Хамгийн түрүүнд санхүүгийн асуудал тулгардаг. Анх нээгдсэн үеэсээ л бид бор зүрхээрээ хийж ирсэн учраас мөнгө санхүүгийн тал дээр асуудал их тулгардаг. Наад зах нь өвлийн бэлтгэл ажил, мөн гурван хүнийг цалинжуулж ажиллуулдаг тул санхүүгийн бэрхшээл л их тулгарч байна.
Хоршооны гишүүн Д.Жамсран: Сүүний үйлдвэр ашиглалтад орвол ажлын бүтээмж өндөрсөнө
-Ферм бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?
-Манай ферм байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Уг нь анх баригдах үеэсээ нэлээд том ферм болгохоор төсөвлөгдсөн байсан. Жишээ нь тэжээлийн фермтэй, цахилгаан саалтууртай гэж байсан. Тэр бүгд өдий болтол шийдэгдээгүй, гар аргаар бүх бүтээгдэхүүнээ хийж байгаа нь бидний ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хэрвээ энэ үйлдвэрээ ажиллуулж чадах юм бол манай бүтээгдэхүүнүүд савлагаатай, тэр ч байтугай гадагшаа нүүр бардам нийлүүлэх боломж бололцоо бүрдэх юм.
-Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүний дөрвөн үйлдвэр байгуулсны нэг нь танай сум гэсэн. Энэ нь хэзээ ашиглалтад орох юм бол?
-Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад ороод, бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл борлуулалт шал өөр болно. Орос улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сүүний ферм юм. Үүнийг ашиглая гэхээр цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас зогсонги байдалд орчихсон. Мөн бохирын цооногтой ойр гэх шалтгаануудаас болж байгаа юм. Хэрвээ энэ үйлдвэрээ ажиллуулж чадах юм бол манай бүтээгдэхүүнүүд савлагаатай, тэр ч байтугай гадагшаа нүүр бардам нийлүүлэх боломж бололцоо бүрдэх юм.
-“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай үйлдвэрт ирээд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрээ сурталчлах, дээрээс нь тулгамдаж буй асуудлаа хэлэх боломж олгож байна. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Энэхүү төсөл нь үнэхээр цаг үеэ олсон ажил гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Сум, орон нутгийн жижиг үйлдвэрүүд тэр бүр бараа бүтээгдэхүүнээ сурталчлаад, тулгамдаж буй асуудлаа хэлэх боломж олддоггүй шүү дээ. Тиймээс төслийн баг хамт олон биднийг зорьж ирсэнд маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Утас: 99005893, 99329252